| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0158/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 174
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.М,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Гэрэл овогт Даваадоржийн Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000250140 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 4-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гэрэл овогт Даваадоржийн Д.М /РД:НЙ83031215/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 4-19 тоотод “хоол буруу хийлээ” гэх шалтгаанаар өөрийн төрсөн охин хохирогч Э.Мөнхтуулруу хоолны сав шидсэний улмаас эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 4-19 тоотод гэртээ хоёр дүүргийн хамт байж байтал 19 цагийн үед аав Д.М халамцуу орж ирээд ...би хоолоо хийж байтал аав намайг будаагаа махтайгаа хольчихлоо гээд уурлаад хоол хийж байсан хар өнгийн хоолтой сав аваад хоолны шкафруу шидтэл тавагнууд унаж хагараад, хоолтой байсан хар сав доошоо хараад унасан чинь тэр хар савыг аваад надруу шидчихсэн тэгсэн миний толгойноос цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,
гэрч Ж.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " ... өдөр би ярихад архи уусан байдалтай байсан. Орой 19 цагийн үед гэртээ харьсан байсан. Тэгээд би 22 цагийн үед гэртээ харихад охин Мөнхтуулын толгойг хагалсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " ... Мөнхтуулыг би усанд ор гэтэл Мөнхтуул эмч намайг хэд хоног усанд орж болохгүй гэсэн гэхээр нь би асуутал аав хагалчихсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1754 дугаартай “... Э.Мөнхтуулын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэрэл овогт Даваадоржийн Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Мыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ