| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0165/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 184
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чонос овогт Болдбаатарын Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000760092 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх,эгч нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 55-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Болдбаатарын Б.Э /РД: ГА99040912/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Приус" төвийн зүүн талд байрлах тээврийн хэрэгсэл зорчих замд "Субару Импреза" маркийн 74-46 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган хохирогч З.Алтан-Эрдэнэ, Б.Дашзэвэг нарыг мөргөж, Б.Дашзэвэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 1-р эгнээгээр нэг автомашин миний урдуур зүүн гар тийшээгээ эргэхээр тоормос гишгэсэн чинь гулгаад зогсохгүй байхаар нь машин мөргөж байхаар замаас гарья жолоогоо баруун гар тийшээгээ дараад замаас гарах үедээ замын хажуу талын шороон замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зэрэгцээд алхаж байсан 2 эрэгтэй хүний араас нь мөргөхөд баруун гар талд нь явж байсан эрэгтэй баруун тйишээгээ үсрээд явчихсан харин зүүн гар талд явж байсан хүн миний талд газар унасан" гэх мэдүүлэг /хх-ийн 79х/,
хохирогч Б.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..найз Алтан-Эрдэний хамт доошоогоо буюу 32-н автобусны буудал орох гээд замынхаа ертөнцийн зүгээр баруун талаар нь явган хүний замаар алхаад явж байхад араас нэг юм мөргөх шиг болсон тэгээд юу болсныг санахгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
Иргэний нэхэмжлэгч З.Алтан-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гэр лүүгээ харих гээд Дашзэвэг бид хоёр 17-с уруудаад 32-н тойрогт байх гэртээ харих гээд замынхаа ертөнцийн зүгээр баруун талаар явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд алхаж байтал гэнэт араас машин мөргөхөд тэр хооронд би ухаан алдсан байсан нэг мэдсэн машины хажууд сууж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Б.Дашзэвэгийн биед зүүн шаант, тахилзуур ясны дээд булууны зөрөөтэй бяцарсан далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, хуйх, баруун сарвуунд няцарсан шарх, бүсэлхий, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх 1592 дугаартай дүгнэлт /хх-ийн 49х/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Гарьд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 68-69х/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Эг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чонос овогт Болдбаатарын Б.Эг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 500 нэгж 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Эг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ