| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0166/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 185
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Дэлгэрдалай,
шүүгдэгч Г.З,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баатарууд овогт Ганхуягийн Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011003540169 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүнс экспресс ХХК-нд худалдааны төлөөлөгчийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар xopotr, 25-21 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн гудамж 9а тоот/, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баатарууд овогт Ганхуягийн Г.З /РД: УХ92011515/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ : яллагдагч Г.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.З нь 2020 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 21 тоотод орших гэртээ өөрийн хамтран амьдрагч Э.Ану-Үжинг бусадтай хардан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь алгадаж түүний эрүүл мэндэд зүүн хацарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 25-21 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 цагт эхнэр Ану-Үжин бид 2 гэрээ цэвэрлээд эвтэй найртай байсан. Би 03 цагийн үед викинг нэртэй пиво 2 шилийг уучихаад унтахаар хэвтсэн. Бид 2 жижиг зүйлээс маргалдсан. Яг юунаас болсоныг санахгүй байна. Хардалтын улмаас хэрэлдсэн. Өмнөх 2 өдөр эхнэр Ану-Үжин гэртээ ирээгүй заал авдаг найзуудтайгаа гадуур хонож амралтанд явсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдаад би үгээр идээд хэрүүл хийсэн. Тэгээд эхнэр босоод намайг алгадхаар нь би түлхсэн яаж цохисоноо санахгүй байна. Удалгүй эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 42х/,
хохирогч Э.Ану-Үжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой 22.30 цагийн үед дэлгүүрээс Викинг нэртэй 2 ширхэг пиво аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25-21 тоотод /хажуу өрөө/ гэртээ ороод гэрээ цэвэрлээд эв найртай байсан. 03.00 цагийн үед унтах дөхөөд нөхөр Г.З нь авсан 2 ширхэг пиво уугаад бид 2 унтахаар хэвтсэн. Удалгүй нөхөр болох Г.З нь өмнө нь найзуудтайгаа заал аваад салхинд гарч байсан тэр талаар яриад цуг явсан найзуудтай минь хардаж сэрдээд үгээр идээд уурлаад байсан. Бид 2 хэрэлдээд чи одоо унтаа, би унтаж амармаар оайна гэсэн чинь босоод гэрэл асаагаад хэрүүл өдөөд байхаар нь чи одоо зайл гээд түлхсэн чинь нүүрний зүүн тус газарт шанаа орчим гараа зангидаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь урдаас нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Удалгүй дахин хэрэлдээд толгойн дагз хэсэгт гараараа 1 удаа цохиод байхаар нь 102-т дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
гэрч А.Номиндарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....найз Ану-Үжин, нөхөр Г.З бид нар байр түрээслээд нэг нэг өрөөнд амьдардаг юм. Тэгсэн өнөөдөр манай хоёр найз маргалдаад би унтаж байсан чинь манай найз Ану-Үжин өрөөнд уйлаад орж ирээд 102 дугаарт дуудлага өгөөд буцаад өрөөндөө орохоор нь араас нь дагаад орсон чинь нөхөр Г.З нь хувцасаа өмсчихсөн гарах гээд зогсож байсан. Гэрт маргалдаж, зодолдсон байдалтай хувцасны өлгүүр, бусад зүйл газраар тарчихсан байдалтай байсан. Манай найз Ану-Үжингийн зүүн талын хацар нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь нөхөр Г.З нь зодоод ийм болгосон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1939 дугаартай ...Э.Ану-Үжин-н биед зүүн хацарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баатарууд овогт Ганхуягийн Г.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Зг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ