Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 6248

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр,  70 тоотод оршин суух Цагаан арслан овогт Бүдээгийн Алтантуяа /Регистрийн дугаар ХД64040101/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Халиугчин овогт Пүрэвсүрэнгийн Батсайхан /Регистрийн дугаар ЧЖ69091673/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б.Алтантуяа миний бие 2007 оны 04 дүгээр 30-ны өдөр Пүрэвсүрэн овогтой Батсайхантай гэр бүл болсноо бүртгүүлж 0042274, Г-1456 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. П.Батсайхан бид хоёр сүүлийн жилүүдэд харьцахаа больж, гэр бүл салъя гэж тохирч, хоёр талд амьдрах болоод 6 сар гаран болж байна. Бид дундын өмчийн хөрөнгийн маргаантай тул шүүхээр гэрлэлтийг цуцлах, хөрөнгийг хэн хэдэн хувь хэмжээгээр хуваан авах талаар эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа болно. П.Батсайхан Улаанбаатар хотод байгаа боловч хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байна. Иймд Халиугчин овогт Пүрэвсүрэнгийн Батсайханыг одоо хаана оршин сууж байгаа талаар хаягийг нь тогтоож, түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Б.Алтантуяа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Батсайханыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Б.Алтантуяа нь гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27982 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

          Иймд, П.Батсайханыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Халиугчин овогт Пүрэвсүрэнгийн Батсайхан /Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр,  70 тоот хаягт бүртгэлтэй, Регистрийн дугаар ЧЖ69091673/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР