| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0024/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 35
2020 01 06 2020/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Л.Дуламхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1911027311237 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Бэсүд овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 30-427 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
- 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, .............................
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 30-427 тоотод байх өөрийн гэртээ Л.Дуламхүү, В.Ууганбаяр нартай “шүлсээ хаялаа” гэх зэргээр маргалдаж, В.Ууганбаярын толгой, нүүр хэсэгт өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, цээж баруун бугалганд цус хуралт, доод зүүн 1, 2-р шүд, доод баруун 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,
- мөн Л.Дуламхүүгийн толгой руу цохиж газарт унасаны дараа хөлөөрөө дэвсэж, нүүр, толгой хэсэгт нь өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, уруулын салст, завьжинд язрал, эрүү, нуруу, баруун ташаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, сээрний 11.12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр би дүүгийнхээ гэрийн хаалгыг хийх гээд В.Ууганбаяр ахыг дуудсан байсан. В.Ууганбаяр ах манай хүүхдийн гар утсаар Л.Дуламхүү ахтай ярихад хүүхэд харж байгаа болохоор ирж чадахгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний гар утас руу Л.Дуламхүү ах залгасан. Тэгээд автобусанд суугаад ирж байна гэхээр нь автобусны буудал дээрээс тосож аваад буцаж ирээд хамт хаалга хийж байгаад, хоолоо идчихээд гадаа гарч нэг шил архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгачихаад дахиад нэг шил архинд явж ирээд тэрийгээ уучихаад Л.Дуламхүү ах явлаа гэхээр нь та холоос зорьж ирсэн юм чинь одоо энэ хаалгаа гурвуулаа хамт гүйцээж хийгээд гурвуулаа нэг шил архи хуваагаад уучихъя, манай гэрт сууж байгаад яв гээд үлдээхээр болсон. Тэгээд нэг шил архи аваад манай галын өрөөнд сууж уусан. Тэгээд Л.Дуламхүү ахын гарыг нь тавиулж, түлхээд бид хоёр барьцалдаад гарах гэхэд В.Ууганбаяр ах түрүүлээд гарсан. Би В.Ууганбаяр ахыг эхлээд өшиглөхөд Л.Дуламхүү ах, В.Ууганбаяр хоёр хамт цаашаа унасан. Тэгээд би араас нь гарч Л.Дуламхүү ахтай маргалдаад, Л.Дуламхүү ахыг хоёр удаа цохисон нь үнэн. В.Ууганбаяр ах Б.Б чи больчих гэхээр нь энэ хэрэг танаас болсон гээд би хоёр удаа цохиод буцаад гэр рүү орсон. Тэгээд энэ хоёр цаашаа явчихсан. Манайх өгсүүр өндөр газар байдаг эрүүл хүн явахад ч хальтарч унахаар газар байдаг. Манай эхнэр хүртэл унаад гараа хугалж байсан. Би 28 дугаар гудамжнаас В.Ууганбаяр, Л.Дуламхүү нарын малгайг нь олсон. 30 дугаар гудамж болон 28 дугаар гудамж орох зам хооронд эрүүл хүн ч халитарч унадаг. Тийм болохоор явах замдаа унаж бэртсэн байх магадлал өндөр гэж би бодож байгаа” гэв.
Хохирогч Л.Дуламхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ байж байсан бөгөөд манай найз Ууганбаярын хөрш Баярсайхан над руу залгаад хүрээд ир ганц юм өгье гэж хэлсэн ...тэгээд Баярсайхан ах холоос ирээд юм хийж өглөө гээд 1 литрийн Чингис авч өгсөн. Авсан архийг нь Ууганбаяр, Баярсайхан дүүгийнх нь хамтаар бид нар хувааж уусан. Архиа уучихаад Баярсайханы дүү явахаар болоод би хамт явъя гэхэд намайг байж бай гээд дүүгээ явуулчихаад надад 0,5 литрийн архи авч өгсөн. Сүүлд авсан архиа Ууганбаяр, Баярсайхан бид 3 уусан ба Баярсайхан ширээгээ авч шидээд агсраад эхлэхээр нь ...Ууганбаярыг явъя гээд Баярсайханыг үлдээгээд гартал ардаас миний толгой руу цохисон уруу газар руу унасан ба миний толгой нүүр рүү цохиж өшиглөсөн. Миний гуя руу өшиглөж дэвссэн. Тэр үед ажлын төмөртэй гуталтай байж байгаад өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,
Хохирогч Л.Дуламхүүгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хохирлын баримтыг гаргаж өгсөн. Уг баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэв.
Хохирогч В.Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөрш айлын дүү Баярсайхан намайг дуудаад бид 2 хаалга янзалж байсан. Тэгтэл Баярсайханы дүү Баяраа ирсэн. Бид 3 хамт хаалга янзалж байгаад нэг шил архи хувааж уусан. Архиа ууж байхдаа Баярсайхан нь манай найз Дуламхүү рүү залгаад хүрээд ирээч ахаа Ууганаа бид 2 юм хийж байна гэж хэлсэн. Дуламхүү 2-3 цагийн дараа ирээд хаалга янзлалцсан. Тэгээд Баяраа нэг шил архи авч ирээд бид 4 хамт архи уусан. Дүү Баяраа нь гэр рүүгээ яваад Дуламхүү, Баярсайхан бид 3 үлдсэн юм. Баярсайхан Дуламхүүг холоос ирсэн гээд нэг шил архи авч өгнө гээд нэг шил архи авч өгсөн. Бид 3 архиа уусан бөгөөд архи ууж байгаад Баярсайхан гэнэт өмнөө байсан жижиг ширээг авч шидээд та хоёр юу хийж байгаа юм гээд орилсон ...гэрээс гараад үүдэн дээр нь иртэл ардаас гарч ирээд Дуламхүүгийн толгой руу ардаас нь цохиод бид 2 хамт шатны уруу уначихсан. Тэр үедээ би манараад нэг хартал Дуламхүүгийн нуруу руу нь Баярсайхан өшиглөж байсан. Би босоод болио гэж хэлтэл Баярсайхан миний нүүр рүү хэд өшиглөөд Баярсайхан гэр рүүгээ орсон ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12407 тоот дүгнэлтэнд:
“1. 2. В.Ууганбаярын биед зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалганд цус хуралт, доод зүүн 1.2-р шүд, доод баруун 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-30-31х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №1392 тоот дүгнэлтэнд:
“1. Л.Дуламхүүгийн 2019.10.28-ны өдөр Мед траума эмнэлэгт хийлгэсэн Сээр нурууны КТГ-н шинжилгээгээр сээрний 11.12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл оношлогджээ.
2.3. Тухайн сээрний 11.12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Л.Дуламхүүгийн биед учирсан “сээрний 11.12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, уруулын салст, завьжинд язрал, эрүү, нуруу, баруун ташаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-41-44х/,
Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-53х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Балжиннямын Баярсайхан нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 30-427 тоотод байх өөрийн гэртээ Л.Дуламхүү, В.Ууганбаяр нартай “шүлсээ хаялаа” гэх зэргээр маргалдаж, В.Ууганбаярын толгой, нүүр хэсэгт өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, цээж баруун бугалганд цус хуралт, доод зүүн 1, 2-р шүд, доод баруун 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,
- мөн Л.Дуламхүүгийн толгой руу цохиж газарт унасаны дараа хөлөөрөө дэвсэж, нүүр, толгой хэсэгт нь өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, уруулын салст, завьжинд язрал, эрүү, нуруу, баруун ташаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, сээрний 11.12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Дуламхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын 865.082 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Баас уг хохирлын мөнгийг гаргуулж шийдвэрлэв.
Мөн хохирогч В.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” /хх-19-20х/ гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 540 (таван зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Дуламхүүгээс гаргаж өгсөн гэх 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.