| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2017/0443/З |
| Дугаар | 819 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 819
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ш
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
Гуравдагч этгээд: Б.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э*******, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , гуравдагч этгээд Б.Ц , нарийн бичгийн даргаар Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2008 онд манайх маргаан бүхий газарт вагончик тавьж, модон хашаа барьсан. Дугуй засварын газрын зөвшөөрлийг сүүлд албан ёсоор авсан. Түүнээс өмнө амжиргаагаа залгуулах зорилгоор тодорхой зөвшөөрөлгүйгээр ажиллуулдаг байсан юм.
Бид дүүргийн Газрын албаны үе үеийн Засаг дарга нарт удаа дараа амаар хандаж байсан бөгөөд тухай бүрт “үерийн ам байрлаж байх тул газар олгох боломжгүй, гэхдээ амьдарч болно” гэж хэлдэг байсан.
Ингээд байж байтал 2016 онд Н.А******* гэдэг хүн уг газартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар манай хүү Н.Ш гуравдагч этгээдээр татагдсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тийнхүү газрын маргаан нь дууссан гэж бодтол удалгүй Г.Э*******, Б.Б нарын газар манай газартай давхацсан гэх нөхцөл байдал үүссэн тул бид шүүхэд хандах болсон юм.
Газрын албанаас үерийн ам гэж тайлбарладаг болохоор бид 1 метр урттай, 40 см өргөнтэй бетоноор хамгаалалт хийж байсан. Үндсэндээ уг газрыг манайх ямар нэгэн байдлаар эзэмшихээр өнөөдрийг хүртэл явсан боловч болохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэв.
Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ш өөс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э*******, Б.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх гол үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар үйл баримт тодорхойгүй гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг хэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, гэрээ хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгоно” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагын гаргасан акт нь хууль бус байх ёстой, үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл Н.Ш ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тодорхой бус байдаг.
Анх дүүргийн Засаг дарга 2014 оны 585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б*******ийн ******* тоот 700 м.кв газрыг иргэн Б.Бад, ******* тоот 700 м.кв газрыг иргэн Г.Э*******од иргэний ахуйн зориулалтаар тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Газар баталгаажилтын хувийн хэргээс харахад Г.Э*******, Б.Б нарын газар эзэмшихээр гаргасан өргөдөл нь Газрын тухай хууль болоод Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын /хуучин нэрээр/ даргын 2008 онд баталсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох журам”-д заасан бүрдүүлбэр, хуулийн шаардлага хангаж байсан учраас дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан ба уг шийдвэрийг гаргахад маргаан бүхий газар бусад гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаагүй, кадастрын мэдээллийн санд зураг нь орж баталгаажаагүй хоосон байсан бөгөөд дээрх Засаг даргын шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2014 оны 257 дугаар захирамжаар Б.Бад, 2015 оны А/41 дүгээр захирамжаар Г.Э*******од тухайн газруудыг тус тус өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Газрын албанд амаар хандаж байсан” гэж тайлбарладаг. Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаад, тухайн газрын нэгж талбарыг харуулсан тойм зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэх мэт бүрдүүлж өгөх ёстой баримтыг хавсаргах тухай тусгайлан заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч тал үнэхээр 2008 оноос хойш тухайн газраа эзэмших хүсэлтэй байсан бол Газрын албанаас баримт бичгийн бүрдүүлбэрийн жагсаалт аваад, Газрын тухай хуульд заасан журмын хүрээнд материалаа бүрдүүлээд, албан ёсоор өргөдлөө гаргаад, өргөдөл бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж хандсан бол байдал арай өөр байх байсан болов уу гэж бодож байна.
Тухайн газар дээрээ ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа, эсхүл олон жил амьдраад, бодитоор эзэмшиж, ашиглаж байна гэдгээр төрийн өмчлөлийн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй гэсэн үг биш. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан хугацаа, зориулалт, болзолтойгоор зөвхөн гэрээний үндсэн дээр эзэмшинэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч Н.Ш болон түүний гэр бүлийнхэн төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүй, захиргааны байгууллагын шийдвэргүйгээр эзэмшиж, ашиглаад явж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газрын ойр орчим бол усан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу Туул голын хамгаалалтын бүсэд багтдаг. Түүнээс үерийн ам биш юм” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд Б.Ц 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 онд Ховд аймгийн Зэрэг сумаас шилжиж ирсэн. Зар мэдээ харж байгаад зам дагуу байрлах үйлчилгээний газрыг авсан ба тухайн үед бичиг баримт нь бүрэн, зураг нь кадастрын мэдээллийн санд орсон, өмчлөгдсөн газар байсан тул ямар нэгэн маргаан байхгүй гэж итгэн тухайн газрыг авсан.
Одоогоор миний газар өмчлөх эрхийг шүүхээс хүчингүй болгосон зүйл байхгүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа үнэн, зөв байсан гэдэгт найдаж байна.
Намайг газраа авахад нэхэмжлэгчийн вагончик нь манай газартай давхцалгүй, хашаа, гэр ч байхгүй байсан. Харин нэхэмжлэгчийн хашаа нь намайг хашаа татах гээд очиход гараад ирсэн байсан. Миний хувьд газрын маргаан шүүх дээр хэлэлцэгдэж байгаа тул ямар нэгэн зүйл хийлгүй хүлээсээр ирсэн юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э*******, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б ******* тоотыг Б.Бад, ******* тоотыг Г.Э*******од тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслэн уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар Г.Э*******од, 2015 оны А/257 дугаар захирамжаар Б.Бад өмчлүүлж, 2016 оны 05 дугаар сараас иргэн Б.Ц ийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 рны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэгт хавсаргасан иргэнд өмчлүүлэх тухай шийдвэр, газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар баталгаажилтын хувийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн газар эзэмших гэрчилгээ, өргөдөл гомдлын бүртгэл, 2015 оны “Газар худалдах, худалдан авах гэрээ”, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч Н.Ш нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б ******* тоотод “Дугуй засварын үйлчилгээ” явуулж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхлэх 0000246, 160112 тоот гэрээ, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын “Н.Ш нь Б ******* тоотод 2008-2017 он хүртэл энэ хаягт амьдарч байгаа нь үнэн болно” гэх 2453 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн ******* тоот газарт дугуй засварын үйл ажиллагаа явуулж, олон жил амьдарч ирсэн. Энэ хугацаанд уг газраа өөрийн нэр дээр авах гэж удаа дараа Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж газар эзэмших хүсэлтээ бичгээр гаргаж, Газрын албанаас бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалтай гэсэн үндэслэлээр газар эзэмших хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан Н.Ш ийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан Өмч, газрын харилцаанд гаргасан өргөдөлд Засаг даргын “иргэн Н.Ш ийн хүсэлтийг шийдвэрлэхийг уламжлав 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр” гэсэн тэмдэглэл, нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Баас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Н.Ш д хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын өмчлөлийн газартай давхацсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э*******, Б.Б нарт холбогдох хэсэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээллийг 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан байдлыг харуулсан зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн Газрын алба нь иргэний газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Б*******ийн ******* тоот газар нь одоог хүртэл төрийн өмчид байгаа бөгөөд энэ газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргаагүй, нэхэмжлэгчийг энэ газартаа үйл ажиллагаа явуулах эрхийг захиргааны байгууллагаас хязгаарлаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд хариуцагч байгууллагаас “бусдын өмчлөлд байгаа тул эзэмшүүлэх боломжгүй” гэсэн албан бичиг хүргүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч “2008 оноос уг газарт амьдарч, хуулийн дагуу баталгаажуулж авахаар удаа дараа өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй” гэж маргаж байгаа болов ч газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж гуравдагч этгээдэд үүссэн байх тул маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Ш ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э*******, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ