| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06263/и |
| Дугаар | 6263 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 6263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжү гудамж, 36а байр, 135 тоотод оршин суух Төр овогт Цэрэнсодномын Булгантамир /Регистрийн дугаар ГР83060711/-ын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархан овогт Рэнцэнхандын Дуламжав /Регистрийн дугаар ГГ77052404/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Булгантамир шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Зээлдэгч иргэн Р.Дуламжав нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянцээлийн нотариат-258 дээр уулзаж зээлийн гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусах нөхцөлтэйгөөр 5,500,000 төгрөгийг Ц.Булгантамираас авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3-837 тоотод оршин сууж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сансар, 1 дүгээр байр, “Хурд” үйлчилгээний төвд лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин, сар бүр төлөх 330,000 төгрөгийн хүү болон одоог хүртэл үндсэн зээлийн төлөлт хийгээгүй. Одоо түрээсийн лангуугаа ажиллуулахаа больсон, оршин суух хаяг нь тодорхой бус, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, огт холбоо барих боломжгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Иргэн Рэнцэнхандын Дуламжав нь гадаад улс руу оргон зайлсан байх магадлалтай. Оршин суух хаягтаа бүртгэлтэй боловч, одоогоор Солонгос улсад байгаа гэсэн тодорхойлолт ирсэн байна. Р.Дуламжавын оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Булгантамир нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Дуламжавыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Ц.Булгантамир нь Р.Дуламжавтай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлийн төлбөрийг түүнээс гаргуулах асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийн тулд хариуцагчийн хаягийг тодруулах шаардлагатай болсон байна.
Иргэн Р.Дуламжав нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3-837 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Хаягийн бүртгэлд одоогоор Солонгос улсад байгаа гэж тэмдэглэл хийгдсэн байна. Хүсэлт гаргагч Ц.Булгантамир нь “...Р.Дуламжав Солонгос улс явсан эсэх нь тодорхойгүй, зээл төлөхөөс зайлсхийж, Солонгос улсад байгаа гэсэн тэмдэглэгээ хийлгэсэн байх магадлалтай...” гэх тайлбарыг өгч Р.Дуламжавыг Солонгос улс руу явсан эсэхийг тодруулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Иймд, Р.Дуламжавыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 3-837 тоот хаягт бүртгэлтэй Дархан овогт Рэнцэнхандын Дуламжав /Регистрийн дугаар ГГ77052404/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР