Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 91

 

 

                                                                       

 

 

 

 

2020      01         27                                   2020/ШЦТ/91

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Насанд хүрээгүй хохирогч С.Батдэлгэрийн хууль ёсны төлөөлөгч П.Сүнжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1903012330543 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Бэсүд овогт Гансүхийн Бат-Энх, Монгол Улсын иргэн, 1985 оны 01 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 74 дүгээр ангид салаан захирагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 8  дугаар гудамж 132 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................../.

Шүүгдэгч Г.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 19 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн зүүн талын замд “Toyota Agua” маркийн 06-91 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 13 настай С.Батдэлгэрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед 10 дугаар сарын 24-ний 13 цаг өнгөрөөд 39 дүгээр сургуулийн урдуур явж байхад нэгдүгээр эгнээнд явж байсан машин гэнэт зогссон. Би хоёрдугаар эгнээнд явж байсан. Урд талын машин хөдлөхөд дагаж хөдөлсөн. Буугаад харахад хүүхэд мөргөсөн байсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч С.Батдэлгэрийн хууль ёсны төлөөлөгч П.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нь миний хүүхдийг Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд 250.000 төгрөг өгсөн. Сүүлд үзүүлээд эмч нь эм тариа бичиж өгсөн. Түүнийг авч өгөөгүй байгаа. Миний охины биеийн эрүүл мэндийн байдал гаагүй. Нэг хөлөө нь гадагш тавьж гишгэж байгаа” гэв.  

Насанд хүрээгүй хохирогч С.Батдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед хичээл тараад найз нартайгаа гэртээ харихаар зам хөндлөн гарч явах үедээ явган хүний гарц дээр явж байсан автомашины баруун хойд дугуйнд хөлөө дайруулсан, тухайн үед би явган хүний гарцаар гарах үед 1-р эгнээнд явж байсан автомашин зогсож зам тавьж өгсөн, тэр машины урдуур гараад иртэл 2-р эгнээнд явж байсан машин явган хүний гарц дээр зогсож байсан, тэгэхээр нь хойгуур нь тойрч гарах гэтэл гэнэт урагш болж миний урагш гишгэсэн зүүн талын хөл дээгүүр баруун хойд дугуй гарсан, тэгээд би тэр дороо газарт унасан, миний биед зүүн хөлний шагайн тахилзуур яс хугарсан, 6-р хавирга хугарсан, тархи доргилттой зэрэг гэмтлүүд гарсан” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13018 тоот дүгнэлтэнд:

“1. С.Батдэлгэрийн биед тархи доргилт, зүүн тахилзуур яс, өсгий ясны далд хугарал, зүүн 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-33х/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №57897 тоот  дүгнэлтэнд:

“1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, автомашины зүүн болон баруун хол, ойрын гэрлийн тусгалын эрчим зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Хойд буфер баруун талдаа 20*20 см-ийн хэмжээтэй хагарсан гэмтэл нь “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг бүрэн хангахгүй байна. 2. Хойд буфер баруун талдаа 20*20см-ийн хэмжээтэй хагарсан гэмтэлтэй. 3. 4. Тогтоолын 3 болон 4-р асуултанд нэгтгэж хариулахад Дээрх гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой. 5. Тоормосны шингэн дамжуулгатай, АВS системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. 6.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч, тоормосны мөр үүсэх боломжтой. 7. Дүгнэлтэнд нэмж дурьдах хэрэг ач холбогдол бүхий зүйл алга байна” гэжээ /хх-39-42х/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан: “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх магадлагаа,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-5-12х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18х/,

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-70х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 19 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн зүүн талын замд “Toyota Agua” маркийн 06-91 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч 13 настай С.Батдэлгэрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Б нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сүнжидмаад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 320.000 төгрөгийг хүлээлгэн өгснийг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Бээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 480.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч П.Сүнжидмаад олгож, насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.