| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06289/и |
| Дугаар | 6289 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 6289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 24 дүгээр гудамж, 554 тоотод оршин суух Чоноч овогт Наранпүрэвийн Оргилмаа /Регистрийн дугаар ШЕ86120824/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 36 дугаар гудамж, 25 тоотод оршин суух Боржигон овогт Монхоожийгийн Энхбаяр /Регистрийн дугаар УВ65051509/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,991,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 11 сарын 14-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10 сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Оргилмаа миний бие М.Энхбаяртай 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болно. Талуудын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш М.Энхбаяр нь үүргийн гүйцэтгэлийг хангаж, зээлийн өр төлбөрийг барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрч байна. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” нь сарын 5 хувийн хүү болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан ба Н.Энхбаяр нь тус гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,009,000 төгрөгийг хүүнд төлсөн байна. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй хүү нь 6,991,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар алданги 9,000,000 төгрөг, нийт төлөх үнийн дүн 40,991,000 төгрөг болсон байна. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг огтоос хангаагүй болно. Иймд М.Энхбаяраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 43,991,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Оргилмаа нь М.Энхбаяртай охин Б.Аззаяагаар нь дэмжуупан танилцаж зээлийн гэрээний харилцааг 2012 оноос эхлүүлэн зээлийн гэрээний харилцааг харилцан тохиролцсоны үндсэн дээр эхлүүлж байсан. Тухайн үед М.Энхбаяр банк болон эрх бүхий этгээдээс зээл авахад шаардлага хангахгүй тул барьцаагүйгээр зээл олгож өгөөч гэж удаа дараа гуйж зээл авч байсан. Зээл төлөх хугацаа болоход зээлзэ тепөхөөс зайлсхийж хуурч мэхлэх зам хайж байна. Талуудын хоорондоо байгуулж буй гэрээнийхээ утга агуулгыг чөлөөтэйгөөр хуульд нийцүүлэн, харилцан тохиролцсоны үндсэн дээр тухай бүрт зээлийн гэрээг байгуулж байсан. Хариуцагч М.Энхбаяр нь гэрээний утга агуулгыг ойлгож хэлцэл хийсэн тул үндсэн зээл болон түүний хүүг төлөхгүй гэж үзэх үндэслэлгуй юм. М.Энхбаяр нь талуудын хооронд үүссэн маргаантай асуудлаар шүүх болоод цагдаагийн байгууллагуудад бичиг үсэг мэдэхгүй гэж хэлж, ямар нэг байдлаар тодорхойлох зүйлийг гаргаж өгч байгаагүй. Хэргийн материалд авагдсан материалуудаас үзвэл банк, улсын буртгэл төлөөллийн харилцаанд орж буй итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг бүхий л харилцаанд уг харилцааны утга болоод агуулгыг ойлгож гарын үсгээ зурж батлуулж байсан нь харагддаг. М.Энхбаярын банктай үл хөдлөх хөрөнгийн барьцаат зэзлийн гэрээний харилцаа тогтоосон, түүнтэй холбогдох бусад харилцаанд оролцож байснаас үзвэл бичиг үсэг мэддэг болох нь батлагдана. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр, хүсэл зоригийг бодитоор илэрхийлсэн болно. М.Энхбаяр нь зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшеөрч утга агуулгыг нь бүрэн ойлгож байсан нь 2015 оны 01 дүгээр сарын 15, 01 дүгээр сарын 30, 02 цугаар сарын 15, 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 15, 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2014 оны 10 сарын 16-ны өдөр байгуулагдсан 25.000.000 төгрөгний зээлийн хүүнд 625.000 төгрөгийг төлж байснаас нь давхар харагддаг. Хүсэл зоригийн илэрхийллээ талууд гаргасан ба хүчин төгөлдөр хэлцлийг алив нэг журам, зааврыг үндэслэн хүчингүй болгох үндэслэл байхгүй болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөелөгчийн гаргасан серөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч иргэн М.Энхбаяр нь нэхэмжлэгч Н.Оргилмаатай 2012 оны эхээр танилцсан бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25 сая төгрөгийг анх зээлэн авсан байдаг. Уг 25 сая төгрөгийг зээлж авахдаа талууд ямарваа нэгэн бичгийн гэрээ хийлгүйгээр амаар тохиролцож аман гэрээ хийсэн байдаг. Иргэний хуулийн 282.3-д заасанчлан бичгээр хийгээгүй гэрээ нь хүү авах эрхгүй байсаар байтал Н.Оргилмаа нь аман гэрээний дагуу зээлсэн 25 сая төгрөгнөөсөө сарын 10 хувийн хүү бодон, сүүлдээ төлж чадаагүй хүүнээс хүү бодож зарим тохиолдолд төлөгдөөгүй хүүн дээр зээлийн гэрээг байгуулж байсан. Тухайлбал 2013 оны 09 дүгээр сарын 18-нд М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан гарч 10 сая төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээг хийж, түүнээсээ хүү бодсоор 85 сая төгрөг боллоо хэмээн уг мөнгөн дээрээ дахин Зээлийн гэрээг охин Б.Аззаяатай нь байгуулсан байдаг. 85 сая төгрөгний зээлийн хүүг мөнгө хүүлэгчид төлнө гэдэг М.Энхбаярын гэр бүлд асар хүнд ачаа байсан төдийгүй, өдөр бүр хүүгээ нэхэх тэдний дарамтнаас болж 2013 оны 11 сарын 14-нд өөрийн амьдарч байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 61,2 м.кв, хоёр өрөө орон сууцаа 85 сая төгрөгөнд шилжүүлэн өгч өөрсдөө гудамжинд гарсан байдаг. Хариуцагч М.Энхбаярыг хууль байтугай бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулж, анх өгсөн 25 сая төгрөгөө хэд нугалан хүүлж, түүндээ түүний орон байрыг шилжүүлэн авч, гадаа гудамжинд гэр бүлийнх нь хамт хөөн М.Энхбаярыг хөлний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байх үед нь гаргасныг дахин дахин дурдахыг хүсэж байна. Тухайн үед буюу байр шилжүүлэн өгөх үед дээр дурдагдсан байр нь Хасбанкны лизингтэй байсан бөгөөд үлдэгдэл нь 57,125,000 төгрөг байсан байдаг. Яг тухайн үед уг мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй байсан учир Хасбанканд Н.Оргилмаа 57,125,000 төгрөгийг төлсөн байдаг. Ингэхдээ 30 сая төгрөгт нь М.Энхбаярын гэрт байсан бүх тавилгыг үнэлж үзээд худалдан авсан бөгөөд 2 сая төгрөгийг буцаагаад Н.Оргилмаад бэлнээр өгсөн, үлдэх 25 сая төгрөгийг Н.Оргилмаагаас М.Энхбаярт зээлсэн хэмээн талууд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулсан. Дээрх 57,125,000 төгрөгний задаргааг Н.Оргилмаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд 201525011758 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн Н.Оргилмаагийн мэдүүлгээр ч батлагдах бөгөөд 2015 оны 12 дугаар 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын 2676 дугаар тогтоолоор ч тогтоогдсон байдаг. Ер нь иргэн Н.Оргилмаа нь М.Энхбаярт 42,489,998 төгрөгийг л бодитоор зээлсэн бөгөөд үүн дээр байрны зөрүү дээр хийсэн зээлийн гэрээ буюу 25 сая төгрөг, нийт 67,489,998 төгрөгийг өгсөн. Харин хариуцагч М.Энхбаярын хувьд Н.Оргилмаад 57,137,000 төгрөгийг дансаар шилжүүлж, дээр нь 85 сая төгрөгний үнэтэй байраа шилжүүлэн өгч, нийт 142,137,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. 2015 оны 05 дугаар сарын эхээр талууд уулзах үед М.Энхбаяр би чамд илүү мөнгө өгчихсөн учраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 25 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээний дагуу 15,504,000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй 9,496,000 төгрөг болоод түүний хүүг миний илүү төлсөн мөнгөнөөс хасаад бүх зүйл дуусгавар болж байгааг хэлж талууд ойлголцсон байдаг. Гэтэл 2015 оны 06 дугаар сараас эхлэн М.Энхбаярыг хүнд гэмт хэрэгт гүтгэн цагдаагийн байгууллагаар олон удаа шалгуулж дарамтлуулж, сүүлдээ үнэн мөн нь илрэх үед харин ч 74,647,002 төгрөгийг илүү авсан нь хөдлөшгүй баримтаар тодорхой байхад 43,991,000 төгөрг нэмж нэхэмжилж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.Энхбаяр нь нэхэмжлэгч Н.Оргилмаатай 2012 оны эхээр танилцсан. Хариуцагч нь анх Н.Оргилмаагаас 25 сая төгрөгийг аман гэрээний үндсэн дээр зээлсэн. Түүнээс хойш сap бүр уг 25 сая төгрөгийн хүүг төлж ирсэн боловч явцын дунд төлбөрийн чадвар муудаж сарын хүүгээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Тэр үед зээлдүүлэгч Н.Оргилмаа нь төлөөгүй хүүгээс нь нэмж хүү бодсоор 2014 оны 10 сард 70 сая төгрөг болсон шүү яаралтай төл гэсэн. Тухайн үед зээлдэгч М.Энхбаяр нь хөлний хагалгаанд орж яах ч аргагүй эмнэлэгт байсан бегөөд гэр бүлийн санхүүгийн байдал болоод сэтгэл санааны байдал ч хүнд байсан. Улмаар зээлдүүлэгч Н.Оргилмаа нь анх зээлсэн 25 сая төгрөгөөсөө хүү, хүүнээс нь хүү бодсоор 70 сая төгрөг гэж амаар тооцоод зээлдэгч М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан явж 2013 оны 9 сарын 18-нд 3231 тоот зээлийн гэрээгээр 60 сая төгрөг, мөн өдрөө 3232 тоот зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг зээлсэн мэтээр мөнгө аваагүй мөртлеө зээлийн гэрээг нотариат дээр хийлгүүлсэн. Эхний нотариат 60 сая төгрөгийг зээлж байгаа юмуу, бэлнээр зээлнэ гэсэн байна мөнгөө гаргаад тавь гэхэд Н.Оргилмаа уурлан гарч яваад өөр нотариат дээр очиж зээлээгүй, амаар тохирч 25 саяыг зээлээд түүнээсээ талыг нь авчихсан мөртлөө 25 саяын хүүнээс хүү бодсоор байгаад хууль бусаар мөнгөний тоог өсгөж 70 саяьн авлагатай болгосон. Уг мөнгөө зээлийн гэрээ болгон хуулъ бусаар баталгаажуулсан. Бодит байдал дээр анх амаар байгуулсан гэрээний үндсэн дээр авсан мөнгөө бүгдийн төлж барагдуулсан байдаг. Үүний дараагаар том охин Б.Аззаяа нь 60 сая төгрөгний хүүг cap бүр яаж төлөхийн бэ гээд сэтгэл санааны хувьд хүнд болж, зээлдэгч М.Энхбаярын биеийн байдал ч муу байсан тул арга буюу 85 сая төгрөгийн үнэтэй өөрийн шинээр захиалан авсан 2 өрөө байраа охин Б.Аззаяатай байгуулсан Н.Оргилмаагийн аваагүй 60 сая төгрөгөнд тооцон, үлдэгдэл 25 сая төгрөгийг Хасбанкинд төлүүлэхээр тохирсон. Гэтэл уг 25 сая төгрөгөө зээлийн гэрээ хэмээн М.Энхбаяраас хүү алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл М.Энхбаяр өөрийн 2 өрөө байраа зах зээлийн ханшаар буюу 85 сая төгрөгөнд тооцон Н.Оргилмаад зарахаар болж уг мөнгөнөөсөө охин Б.Аззаяагийн 60 саяын төлбөр /үнэндээ 60 сая төгрөг аваагүй бөгөөд анх 25 саяыг авсан түүнийхээ төлбөрийг төлөөд дуусчихсан/-т хасаад үлдэгдэл 25 сая төгрөгийг Хасбанкинд Н.Оргилмаа төлөхөөр тохирсон. Тухайн үед М.Энхбаярын уг байр Хасбанкны лизингд 57 сая төгрөгиийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг мөнгийг Оргилмаа төлсөнөөр байрыг шилжүүлэн авсан. Уг 57 сая төгрөгнөөс Н.Оргилмаа нь М.Энхбаяраас 30 сая төгрөгөнд тооцон уг байрны бүх шинэ тавилгыг шилжүүлэн авч, Хасбанкинд төлсөн үлдэх 27 сая төгрөгнөөс 2 сая төгрөгийг М.Энхбаяраас тухайн өдрөө бэлнээр авч үлдэгдэл 25 сая төгрөгийг нэмж Хасбанкинд төлөхөөр болсон. Ер нь бодит байдал дээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл М.Энхбаяр нь Н.Оргилмаагаас 42,489,998 төгрөгийг л зээлчихээд, түүний төлбөрт 57,462,000 төгрөгийг Н.Оргилмаад дансаар, Н.Оргилмаагийн аавд бэлнээр 1,500,000 төгрөг, 1,000,000 орчим төгрөгний сэлбэг, мөн 85 сая төгрөгний 2 өрөө байраа өгч өөрөө юу ч үгүй хоцроод байнаа. Энэ хугацаанд амаар тохирч зээлсэн мөнгөө өндөр хүүтэйгээр авч хүү төлөлгүй удахад хүүгээс хүү бодож бас цагдаагаар айлгаж ирсэн.Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 11 сарын 14-ний 3818 тоот зээлийн гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотариатч Ш.Алтай, 2014 оны 10 сарын 16-ны зээлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаа, 2014 оны 10 сарын 17-ны орон сууц худалдах худалдан авах гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотаритч Г.Хужаа нарын нотариатын үйлдэлүүд нь Нотариатын үйлдэл хийх зааварын 14.6-д “... хэрэв үйлчлүүлэгч гарын үсэг зурах боломжгүй /эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүй гэх мэт/ тохиолдол Нотариатын тухай хуулийн 35-р зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж баримт бичигт хавсаргана.” гэж заасныг зөрчсөн байна. Тиймээс дээрх 3 үйлдэл нь Иргэний хуулийн 56.1.8-ын дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн 2014 оны 10 сарын 17 ний орон сууц худалдах худалдан авах гэрээ нь 85 сая төгрөгийн үнэтэй байрыг 30 сая хэмээн татвараас зугатаах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. 2014 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь мөн дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд М.Энхбаярын Н.Оргилмаад зарсан байрны төлбөрийн нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болохоос зээлсэн мөнгө биш юм. 2013 оны 11 сарын 14-ний Зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй буюу Иргэний хуулийн 281.1-ийн дагуу мөнгө шилжүүлээгүй буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн дээр дурдсан 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоос гадна, орон сууцыг 85 сая төгрөгөөр зарахаар тохирсон ч 60 төгрөгийг нь одоог болтол өгөөгүй тул 60 сая төгрөгийг буцаан олгуулах эсвэл дээр дурдсан орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 6,991,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,000,000 төгрөг, нийт 43,991,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч М.Энхбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. М.Энхбаяраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 6,991,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,000,000 төгрөг, нийт 43,991,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай
Н.Оргилмаа, М.Энхбаяр нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 3, 179 дэх тал/ Мөн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж, мөнгө зээлж, зээлдүүлсэн талаар баримт үйлдсэн байна. /хавтаст хэрэг 1-ийн 4 дэх тал/
Хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлж авсаныг хүлээн зөвшөөрч байгаа боловч тооцоогоор төлөгдсөн тул хасагдах ёстой, 2014 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлэгчид бодитоор төлөөгүй тул нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Н.Оргилмаа, М.Энхбаяр нарын хооронд 2012 оноос зээлийн харилцаа үүссэн байна. 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөгийг Н.Оргилмаа, М.Энхбаярт зээлж, аман гэрээ байгуулж, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцож, М.Энхбаяр нь зээлийн хүү төлж байсан, Н.Оргилмаагаас нэмж мөнгө зээлж аваад буцаан төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Энхбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байрыг зээлийн үүргийн гүйцэтгэлд өгч, авалцахаар тохиролцсоны дагуу Н.Оргилмаа нь уг байрны лизингийн үлдэгдэл төлбөр болох 30,810.76 ам доллар буюу 57,100,000 төгрөгийг Хас банканд төлж М.Энхбаярын байрны лизингийг хааж, орон сууцыг шилжүүлэн авч /хавтаст хэрэг 1-ийн 23, 24 дэх тал/, М.Энхбаярын гэрийн тавилгыг 30,000,000 төгрөгт авахаар харилцан тохирч, 2,000,000 төгрөгийг М.Энхбаярт өгч, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг зээлж, зээлдүүлсэн тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 3 дахь тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч уг өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулснаас хойш 4 сарын хугацаанд 8 удаагийн үйлдлээр хүү төлсөн нь уг мөнгийг авсан гэдгийг нотолж байгаа гэх тайлбарыг өгч байгаа боловч М.Энхбаяраас Н.Оргилмаагийн данс руу шилжүүлсэн мөнгө нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч Н.Оргилмаа нь хариуцагч М.Энхбаярт зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээний дагуу зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж мөнгө зээлж, зээлдүүлсэн талаар баримт үйлдсэн байна. /хавтаст хэрэг 1-ийн 4 дэх тал/ Энэ талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч нь 3,000,000 төгрөгийг зээлж авсаныг хүлээн зөвшөөрч, тооцоогоор төлөгдсөн тул хасагдах ёстой гэх тайлбарыг өгсөн боловч хэзээ хийсэн, ямар тооцоогоор хэрхэн тооцож хасагдах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн хүү, алданги нэхэмжлээгүй, үндсэн зээл 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 40,991,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн тухай
Хариуцагч нь бичиг үсэг мэдэхгүй, өмнө нь зээлсэн зээлийн хүүгээс хүү тооцож хийсэн, бодитоор мөнгө өгч авалцаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үнийн дүнг татвараас зайлсхийх зорилгоор багасгаж дүр үзүүлж хийсэн тул 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн үүргийг дуусгавар болгосон тул Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий зээлийн гэрээнүүд болон орон сууц худалдах худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг өгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Н.Оргилмаа, М.Энхбаяр нар нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 177 дахь тал/ Мөн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 3, 179 дэх тал/
Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байгаа хэдий ч гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч Н.Оргилмаа нь хариуцагч М.Энхбаярт зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болон 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.Энхбаяр бичиг үсэг мэдэхгүй тул түүнтэй байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлтэй, маргаан бүхий гэрээнүүдийг баталсан үйлдэл нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг зөрчсөн гэх тайлбарыг өгсөн боловч гэрээнүүд дээр зурсан гарын үсэг М.Энхбаярынх биш гэж маргаагүй, уг асуудлаар үгүйсгэж, няцаасан нотлох баримтыг гаргаагүй болно.
Зохигчид болох Н.Оргилмаа, М.Энхбаяр нарын хооронд 2012 оноос зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд Н.Оргилмаагаас М.Энхбаярын 5069045866 дугаартай данс руу 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн шилжүүлгээр нийт 42,897,998 төгрөг шилжүүлсэн, М.Энхбаяраас Н.Оргилмаагийн 5020759900 дугаартай данс руу 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 52 удаагийн шилжүүлгээр нийт 57,112,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк дахь 5069045866 дугаартай М.Энхбаярын дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэрэг 1-ийн 211-250 дахь тал, хавтаст хэрэг 2-ын 1-122 дахь тал/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.
Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Энхбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байрыг зээлийн үүргийн гүйцэтгэлд өгч, авалцахаар тохиролцсоны дагуу Н.Оргилмаа нь уг байрны лизингийн үлдэгдэл төлбөр болох 30,810.76 ам доллар буюу 57,100,000 төгрөгийг Хас банканд төлж М.Энхбаярын байрны лизингийг хааж, байрыг шилжүүлэн авч /хавтаст хэрэг 1-ийн 23, 24 дэх тал/, М.Энхбаярын байранд байсан гэрийн тавилгыг 30,000,000 төгрөгт авахаар харилцан тохирч, 2,000,000 төгрөгийг М.Энхбаярт өгч, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг зээлж, зээлдүүлсэн тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 3 дахь тал/ Мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгөөр орон сууц худалдах тухай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. /хавтаст хэрэг 1-ийн 178 дахь тал/
Хариуцагч нь 85,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 30,000,000 төгрөг хэмээн татвараас зугтаах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд дээр дурдсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг иргэн Н.Оргилмаа нь иргэн М.Энхбаяраас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд улсын бүртгэл хуульд заасны дагуу хийгдсэн байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ тус хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний хувьд өмчлөх эрх нь баталгаажна. Н.Оргилмаа нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ гудамж, 6 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай 61,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000361124 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчдын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан дээрх тохиролцоо бүхий “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ”, 199 дүгээр зүйлийн 199.2-т “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино” гэсэн заалтад нийцэж байна.
2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах үед хариуцагч М.Энхбаяр нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяраас 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгож, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,991,000 /дөчин сая есөн зуун ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61,2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60,000,000 төгрөгийг буцаан авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаяраас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР