| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0030/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-10-02 |
| Зүйл хэсэг | 148.3., 254.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 57
Б.П-, У.Ц- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Прокурор Н.Идэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч У.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадамсүрэнгийн П-, Эрүүийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уртнасангийн Ц- нарт холбогдох эрүүгийн 201509000893 тоот 4 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн П- /РД: **********/
Монгол улсын иргэн Х овогт У-ийн Ц- /РД: **********/,
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
-Шүүгдэгч Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22, айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх аргаар залилж 36.314.200 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч У.Ц- нь эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Боржигон овогт Бадамсүрэнгийн П-г хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, их хэмжээний буюу 36,314,200 төгрөгийн хохирол учруулсан, Хөтчин овогт Уртнасангийн Ц-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Шүүгдэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил /зургаа/-ийн хугацаагаар хорих, Хөтчин овогт Уртнасангийн Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,984,000 /есөн сая, есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
-Ялтан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3-т зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг У.Ц-д анхааруулж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.П-гээс 35,814,100 төгрөгийг гаргуулж, М овогт Б-ын Б /РД: **********/-т 3,983,100 төгрөг, Б овогт Б-ы А /РД:**********/-т 5,170,000 төгрөг, Б овогт Н-ийн А /РД:**********/-т 3,983,000 төгрөг, Д овогт Б-ийн Я /РД:**********/-д 400,000 төгрөг, Б овогт Б-ийн С /РД:**********/-д 5,775,000 төгрөг, М овогт Я-ын Ц /РД:**********/-д 9,758,100 төгрөг, Б овогт О-ийн Т /РД:**********/-д 5,200,000 төгрөг, Х овогт У-ийн Ц- /РД:**********/-д 1,145,000 төгрөг, Д-ийн Э /РД:**********/-т 400,000 төгрөг тус тус олгохоор,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг үндэслэн Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 6 жил /зургаа/ хорих ялаас өршөөн хэлтрүүлэхээр,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-, У.Ц- нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.
Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.08-ны өдрийн 168 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Сэргэлэн, Б.Янжмаа, Н.Алтанцэцэг, О.Туяа, Я.Цэрэндэжид, Б.Болортамир нарын эрх ашгийг хамгаалж давж заалдах гомдол гаргаж байна.
Б.П- нь 2014.05.28-ны өдрөөс 2015.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд “Сөгнөгөр хайрхан” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа уг компаний барьж байгаа орон сууцанд захиалга өгсөн иргэдээс бэлэн мөнгөний ордер бичиж урьдчилгаа мөнгө авч, албан тушаалын байдлаа ашиглан онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Яллагдагч Б.П-гийн хохирогч нарт учруулсан хохиролын хэмжээ 39.814.200 төгрөг буюу онц их хэмжээнд хүрсэн байхад түүний хохирогч У.Ц-ыг залилан мэхлэхдээ орон сууцны урьдчилгаанд тооцож авсан микро автобусны үнэ 3.500.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хохирлын хэмжээнээнээс хасч тооцож зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон өөрчилж хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг үл зөвшөөрч байна. Энэ 3.500.000 төгрөгийг хасч тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа “энэ микро автобус нь хохирогч У.Ц- түүний нөхөр Мижиддорж нарын нэр дээр байддаггүй юм байна” гэдэг, гэтэл уг микро автобусыг хохирогч У.Ц-, Мижиддорж нарын хүү нь хүнээс худалдаж аваад аав, ээж хоёртоо өгсөн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогддог юм. Харин авсан хүнээсээ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх нэрийг солиулж аваагүй байсан байна. Энэ байдал нь дээрх микро автобусны үнийг хохирлын хэмжээнээс хасч тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Үнэ хөлсийг нь төлөөд худалдан авсан эд хөрөнгө ээж, аавдаа өгсөн нь бусдын эзэмшлийн эд хөрөнгө болох үндэслэл болохгүй.
Тэгээд ч энэ авто машиныг Б.П- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт тооцож хохирогч У.Ц-оос авсан болох нь тогтоогддог юм.
Өмнө нь ч энэ хэргийг прокурорын шатанд удаа дараа хэрэгсэхгүй болгохдоо ч хохирогч У.Ц-ын хохирлыг барагдуулаагүй байхад яллагдагч Б.П- нь хохирогч У.Ц-ыг ятгаж “микро автобусны чинь оронд жижиг тэрэг өгнө, та хохирлоо авсан гээд хэлчих” гэсний дагуу жижиг тэрэг авсан гэж мэдүүлсний үндсэн дээр мөн л 3.500.000 төгрөгийг хасч тооцож хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдэж байсан хууль бус үйлдэл давтагдаж байгааг анхаарч энэ үйлдлийг засаж залруулж өгнө гэдэгт найдаж байна. Энэ талаар хохирогч У.Ц-ыг дахин байцаасан мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 0190 дугаар хуудсанд байгаа.
Яллагдагч Б.П- нь хохирогч Ц-оос орон сууцны урьдчилгаа 3.500.000 төгрөгөнд тооцож уг микро автобусыг аваад өөрийн хувийн хэрэгцээнд одоо ч ашиглаж байгаа бөгөөд хохирогч У.Ц- нь түүний ятгалганд автаж мэдүүлгээ удаа дараа өөрчилж байгаа нь энэ хэргийн олон хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулахын зэрэгцээ Б.П-д ял завшуулж байна гэж үзэж байна.
Яллагдагч Б.П-гийн үйлдэл нь олон удаагийн үйлдлээр бусдын итгэлийг эвдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн үйлдэл байх тул түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгийг өөрчилж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйдийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгуулж хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.
Шүүгдэгч У.Ц-ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа нотлох баримтыг үнэлэлгүй мөн өмгөөлөгчөөр заавал хангах хуулийн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
1-р хавтас хэргийн 46-р талд цагдаагийн газарт гаргасан өргөдөл нь Мижиддорж гэх хүн гаргасан. Мөн хавтаст хэргийн 47-р талд орон сууц захиалгаар барих 3 талт гэрээнд Мижиддорж гарын үсэг зурсан, хавтаст хэргийн 50-р талд кассын орлогын ордер нь Мижиддорж мөнгө тушаасан зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримт байсаар атал хохирогчийг буруу тогтоосон байна гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгч авна, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг заавал оролцуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 1-р хавтас хэргийн 247-р талд хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд Ц- байцаалт өгсөн байна. Уг байцаалтанд “2015.05.15-ны өдөр 600.000 төгрөг өгсөн, мөн микро автобусаа 3.500.000 төгрөгөнд бодож өгсөн. Мөн 2015.05.28-ны өдөр 545.000 төгрөг бэлнээр П-д өгсөн” гэж мэдүүлсэн.
Уг мэдүүлгийг өгсний дараа П- нь Ц-ыг гуйж хохирлын хэмжээгээр 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял сонсох учраас мэдүүлгээ өөрчлөн микро автобусыг заруулах гэж өгсөн, шүүхээс гарсан зардлыг хариуцана гэж гуйснаа хэлсэн.
Ц-ын хувьд 64 нас хүрсэн, зарим нэг зүйлийн учрыг олохгүй явсаар энэ торгуулийн ялыг авсанаа ярьсан бөгөөд үнэн байдал нь микро автобусыг төлбөрт, өөрөөр хэлбэл орон сууцны байр авахад гаргаж өгсөнөө үнэн зөвөөр мэдүүлэх ёстой юм гэдгийг ойлгосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд үнэн зөвөө ярьж гомдол гаргаж байгаа, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх учир хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч У.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Сөгнөгөр хайрхан ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.П-г би таних юм. Манай нөхөр Мижиддорж гэрээ байгуулж, байшин барина гээд бэлэн мөнгө 600.000 төгрөг болон микро автобусаа 3.500.000 төгрөгөнд тооцож, мөн 545.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ байдлаа мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр ярьж байсан боловч Мижиддорж нь гэрээ хийж, микро автобусаа өгсөн.
Гэтэл намайг хохирогчоор тогтоож, Мижиддоржийг гэрчээр байцаасан нь буруу гэж бодож байна.
Б.П- болон түүний нөхөр, мөн өмгөөлөгч Н.Баттунсаг нар ирээд “...таныг ямар нэгэн хэрэгт холбогдуулахгүй, та микро автобусаа заруулна гэж өгсөн гэж хэл” гэж ятгаснаар би учрыг нь ч олохгүй тийм мэдүүлэг өгсөн. Үүндээ харамсч, гэмшиж байна. Миний нас 64 хүрсэн. Б.П- болон өмгөөлөгч Н.Баттунсаг нарын үгэнд итгэж ийм байдалд хүрээд байна. Микро автобусыг байрны төлбөрт өгсөн нь үнэн болно.
Өмгөөлөгч авна гэсэн боловч “та өмгөөлөгчийн хэрэггүй, бид торгуулийн ялыг нь төлнө” гэж хэлсэн. Би Б.П-, өмгөөлөгч Н.Баттунсаг нарын ярианд хууртаж ийм зүйл хийсэндээ харамсч үнэн зөвийг бичлээ” гэжээ.
Шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Анхан шатны шүүх анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.П-д ял оногдуулаад, 6 жилийн хорих, 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж чадсангүй гэж үзэж байна. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай байсан ба хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар Б.П- нь гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтаныг энэ хуульд заасан эрх зүйн байдпыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэж заасан.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглээг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.П- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Миний бие хохирол төлбөр барагдуулна. Гэхдээ энэ микро автобус байрны урьдчилгаанд хамаагүй бөгөөд би “торгууль яаж ч гарсан би төлнө, өмгөөлөгч авах хэрэггүй” гэж яриагүй билээ.
У.Ц- эгчийг ээжийнхээ адил настай хүн гэж бодож хэлсэн болгонд нь дуугай л байдаг байсан. Худал үг зохиож ярьж байгаад нь У.Ц- эгчид гомдолтой байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Улсын яллагч Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Анхан шатны шүүх хуралдааны шатанд У.Ц-д өмгөөлөгч авах нөхцөлөөр хангахад У.Ц- өөрөө өмгөөлөгч авахгүй гэж хэлсэн. Шүүгдэгч нар одоо гомдол гаргаж байгаад л эсрэг ашиг сонирхолтой гэж үзэхээс өөр эсрэг ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй. Нотолбол зохих бүх асуудлыг бүрэн нотолсон. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П-г 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх аргаар залилж 36.314.200 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч У.Ц-ыг эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.П-, У.Ц- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих, У.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,984,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Б.П-д оногдуулсан ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн
Хохирогч нарын өмгөөлөгч, шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч, шүүгдэгч У.Ц- болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал:
У.Ц- энэ хэргийн хохирогч нь мөн эсэх, У.Ц-д хохирогчийг хуульд зааснаар төлөөлөх эрх олгосон баримт бичиг байгаа эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хууль зөрчжээ.
Хэрэгт авагдсан баримтаар иргэн Б.Мижиддорж нь Б.П-д залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөнгө төлсөн 2 баримтан дээр /1-р хавтас хх-ийн 50 хуудас/ Б.Мижиддорж гарын үсэг зурсан, гурван талт гэрээг Б.Мижиддорж, М.Ариунбаяр нартай байгуулсан байхад энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.П-, У.Ц- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Б.П-, У.Ц- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР