Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Ц.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Н-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-ын нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч би Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болох “Нэхэмжлэгчийн 2 давхар хувийн орон сууцны барилга нь иргэн олон нийтийн барилгад хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл телөвлөлт БНбД 31-01-10-ийг зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна” гэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн 2 давхар хувийн орон сууцны барилга нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно гэж заасны дагуу орон сууц нэр томьёололд хамаарна. Гуравдагч этгээд Ц.Дашцэрэнгийн 16 давхар барилга нь олон нийтийн барилга нэр томьёололд багтдаг.

Нэхэмжлэлийн гол үндэслэл болох барилга хоорондын зайг орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 барилгын норм дүрмийн 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц олон нийтийн барилга хоорондын байршлын зай хэмжээг тогтооно” гэж заасан. Тэгвэл нэхэмжлэгчийн орон сууц, гуравдагч этгээд Ц.Д-ийн олон нийтийн барилга хоорондын зай 20 метр байх ёстой. Хэрэгт ач холбогдол бүхий Барилгын тухай хуулийн дүрэм, нормыг үндэслэлгүй гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох нэг үндэслэлээ” нарны тусгал халхалсан гэж маргажээ. Иргэн Ц.Д-ийн үйлчилгээ, оффисын барилгын нар тусгалын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн хувийн орон сууцны өрөө, тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа 2 цаг байх дээрх норм, дүрмийг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэжээ. Нэхэмжлэгч Ж.Н Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэнээс санал санал аваагүй, барилга хоорондын зай зөрчсөн гэж нэхэмжилсэн байхад анхан шатны Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нарны тусгалын хангамж БНбД 23-04-07 норм, дүрмийг нэхэмжлэлийн үндэслэл байсан мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн орон сууцыг нэхэмжлэлийн үндэслэл болох барилга хоорондын зайн норм, дүрэмд хамаарахгүй гэж үзсэн атлаа, гуравдагч этгээдийн тайлбарласан нарны ээвэрлэлтийн норм, дүрэмд хамаарна гэж үзэн Барилгын тухай хууль норм, дүрэмд заасан 1 томьёололтой нэрийг 2 өөр нэр томьёо мэтээр хэрэгт авч үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн, мөн шударга ёсыг хангаж чадсангүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Түүнээс гадна шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлдээ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” А/1148 дугаар захирамжаар шинээр барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг хориглосон” гэж маргаж байх боловч энэхүү үндэслэлээ нэхэмжлэлдээ заагаагүй, түүнчлэн тухайн нэгж талбар дээр барилга барих зөвшөөрлийн дагуу 2007, 2010..., 2012 онд Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус олгогдож байсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хориглосон бүсийн хил хязгаарт барилга барих зөвшөөрөл олгосон" гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч талыг 2007, 2010, 2012 онд барилга барих зөвшөөрөл олгосон бол маргахгүй харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 сарын захирамжаас хойш буюу 2020 оны 7 сард олгосон барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай маргасан. Шүүгч хэрэгт ач холбогдол бүхий огноог зориуд орхигдуулж, Засаг даргын захирамжийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах” гэсэн гол үзэл санааг илтэд зөрсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хангалттай дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ж.Н-аас “...барилга хоорондын зайн нормыг баримтлаагүйн улмаас нар халхалж, барилгын хог, цутгалтын шавар миний хувийн өмчлөлийн хашаанд ихээр орж ирэх болсноор эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн...” гэсэн үндэслэлээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гуравдагч этгээд Ц.Д-д олгосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ойн гудамж хаягт 27.5м х 24.3 м.кв талбай бүхий, 16 давхар, оффис үйлчилгээний зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын төрлөө тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид үзүүлж буй эрх зүйн үр дагавар дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдана гэсэн агуулгаар буюу “Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын холбогдох зохицуулалтуудыг тайлбарлан маргасан байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээх эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаарх маргаан нэг мөр шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шүүх хүчингүй болгосон тохиолдолд тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах үндэслэл болсон архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр үлдэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэгч уг шаардлагыг хангах боломжийг олгох ёстой байтал шүүх хуулийн дээрх шаардлагыг хангаагүй нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь зүйтэй байна.

  1. Нотлох баримтын тухайд,

Нэхэмжлэгч Ж.Н Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тодорхой заасан барилгын норм, дүрэм журам бодит байдал дээр зөрчигдсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүрэн тогтоож дүгнээгүй байна.

 Тодруулбал, анхан шатны шүүхийн “...Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 5.26-д “Сууцны өрөө тасалгаанд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой гэж үзнэ”, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД-23-04-07-ын 3.6-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт ба ... орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөргөөс хамааруулан дараах байдлаар тогтооно, ... гуравдугаар сарын 22-оос есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд өдөрт 2,5 цагаас багагүй, ... хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй...” гэж заажээ. Нэхэмжлэгчийн хоёр давхар амины орон сууц нь гуравдагч этгээдийн барьж буй барилгын хойд талд байршилтай байх бөгөөд иргэн Ц.Д-ийн үйлчилгээ, оффисын барилгын нарны тусгалын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн хувийн орон сууцны өрөө, тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөр 2.5 цаг байх дээрх норм, дүрмийг зөрчсөн гэж үзэхээргүй байна... гэсэн дүгнэлт нь маргааны үйл баримтыг бүх талаас нь эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай.

Учир нь, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үйл баримтыг тодруулахгүйгээр маргаан бүхий 16 давхар барилга нь нэхэмжлэгч Ж.Н-ын 2 давхар хувийн орон сууцны урд талд баригдсанаар нэхэмжлэгчийн хувьд өмнө нь зөрчигдөөгүй байсан эрх шинээр баригдаж буй барилгын улмаас зөрчигдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иймд, нэхэмжлэгчийн маргаж буй БНбД 31-01-10-ын 5.26-д зааснаар орон сууц, барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол барилгын хөндлөн ба тууш талуудын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна, гэтэл гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн барилгын хоорондын зай ихдээ 11 метр 39 сантиметр, энэ тохиолдолд барилга хоорондын зайн нормыг баримтлаагүйн улмаас орчны орон зай, архитектур төлөвлөлтийн зохиомж алдагдан барилга хоорондын сүүдэрлэлтийг нэмэгдүүлж, нар халхалж, барилгын хог, цутгалтын шавар миний хувийн өмчлөлийн хашаанд ихээр орж ирэх болсноор эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн.., Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн санал авах, орчны газар өмчлөгч, эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх талаар заасан байхад гуравдагч этгээд Ц.Д санал авч, зөвшилцөөгүйн улмаас одоо нэхэмжлэгч миний тав тухтай амьдрах эрхийг зөрчиж байна... гэж маргаж буй үндэслэлийг бүрэн тодруулах, үүний тулд маргаан бүхий барилгууд нь тууш, хөндлөн байрлалд хамаарах эсэх, шинээр баригдсан барилгын улмаас нэхэмжлэгчийн сууцанд нарны тусгал яаж нөлөөлж буй, нарны ээвэрлэлтийн үргэлжлэх цаг хугацаа нь холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэхийг мэргэжлийн байгууллагын /шинжээч/ дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоох, мөн гуравдагч этгээдийн барьж буй үйлчилгээний зориулалттай оффисын барилгын хувьд иргэд, хуулийн этгээдээс санал авсан эсэх, санал аваагүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх эсэхийг тодруулах шаардлагатай.

Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг тодруулалгүй орхигдуулсан байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

3. Нөгөөтэйгүүр, Орон сууцны тухай хуульд “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгохоор зохицуулжээ. Нарны халхалж байна гэж маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн барилга хоорондын зай хэдэн метр байх ёстой, аль норм, дүрмийг хэрэглэхийг тодорхойлохын тулд нэхэмжлэгч Ж.Н-ын амьдарч буй барилгыг орон сууцанд хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байж болох юм.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн 2 давхар хувийн орон сууцыг амины орон сууц гэж үзээд энэ нь дээрх хуульд заасан орон сууц гэх агуулгад хамаарч байгаа бол “Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан “...барилгын тууш ба хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилгын хувьд 20 метр байна” гэх зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                                        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ