Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 825

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ч.З нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 230013772 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , О.Б , хариуцагч Ч.З , нарийн бичгийн даргаар  М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 232013772 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгчийг аж ахуйн үйлчилгээ явуулсан боловч Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хууль зөрчиж, татвараа тайлагнаагүй гэж үзэж, акт ногдуулсан. Энэхүү акт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа юм. 

Учир нь хог тээвэрлэх, цэвэрлэх, хоггүй байх асуудлыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хог хаягдлын тухай хуулийн дагуу “Орон нутгийн засаг захиргаа буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн үүрэг” бөгөөд энэ чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хог хаягдлыг тээвэрлэх тарифыг баталдаг. Мөн түүний дагуу сонгон шалгаруулах, хураамжийг хэрхэн төвлөрүүлэх болон тээвэрлэлт хийсэнтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг төрийн захиргааны байгууллагаас тогтоож өгдөг. Үүний дагуу Засаг дарга тухайн аж ахуйн нэгжтэй тээвэрлэх, ачиж цуглуулах шууд гэрээг хийдэг.

Тухайн хог хаягдлын хураамж Татварын ерөнхий хуульд заасны дагуу хураамжийн нэг хэлбэрт орж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-аар зохицуулдаг бөгөөд үүнийг дүүргийн Татварын хэлтэст татвар, хураамжийн хэлбэрээр төвлөрүүлж үүнээс шууд улсын төсөвт төвлөрдөг ба энэ нь цаашлаад Хан-Уул дүүргийн Засаг даргын тухайн оны төсөвт нь хог хаягдалтай холбоотой асуудлаар тусгагдаж ордог ба уг төсвөөс тухайн үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжид гүйцэтгэсэн ажлын хүрээнд санхүүжилт хийгддэг болохоос ямар нэг ашиг орлого олох зориулалт огт агуулагдаагүй. Энэ ч утгаараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12/45 тоотоор хог тээвэрлэх тарифыг баталсан байдаг.

Бид Засаг даргатай хог тээвэрлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр шууд гэрээ байгуулахдаа үнэ ханшаа тохирох ёсгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1-10 кг ачаа тээвэрлэлтийн зардал 10000 төгрөг гэж тогтоож өгсөн байдаг ба алдагдалтай байсан хэдий ч энэ тогтоосон мөнгөн дүнгээр санхүүжилт авдаг.

Үүнээс харахад ашгийн төлөө гэхээсээ илүү төрийн захиргааны байгууллага, дүүргийн Засаг дарга өөрийн зохицуулах ажлын чиг үүргийн хүрээнд хог ачиж, цуглуулах шууд гэрээг хийж байгаа бөгөөд тус гэрээнд зааснаар зөвхөн айлд байгаа хогийг ачихаас гадна нийтийн эзэмшлийн талбайд байгаа хог хаягдлыг бүгдгийг нь цуглуулах үүргийг Хан-Уул дүүргийн  “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үүрч байгаа. 

Энэ бүхнээс үзэхэд дүүргийн Засаг даргын өөрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлж байгаа гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасны дагуу “Төрийн байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээ бол ямар нэг байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Ийм учраас энэхүү санхүүжилт нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвараас  чөлөөлөгдөж байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэгчид тавьсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б   2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хог ачиж тээвэрлэх шууд гэрээ хийсэн. Энэ гэрээг татварын улсын байцаагчийн тавьсан акт шиг арилжааны шинж чанартай гэрээ гэж үзвэл гэрээний хоёр талууд үнийг тогтоох тухай асуудал үүснэ. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үйлчилгээний тарифыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж Засаг даргын санхүүжилт оруулж өгдөг. Засаг даргын санхүүжилтэд суулгаж өгсөн учраас энэ гэрээний 2.1, 2.2-т тогтмол хугацаанд санхүүжилтийг нь олгохоор заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл төсвийн мөнгийг захиран зарцуулах санхүүжилтийг олгох төсөв хуваарилж байгаа гэсэн ойлголт гарч ирж байна. Хэрвээ үүнийг улсын байцаагч нар арилжааны гэж акт тавьбал бид тогтмол хог хураамжийн мөнгө гэж хураалгаж байхаар ашиг олох гэсэн зорилго бүхий хуулийн этгээдийн зорилго хөндөгдөөд, үүнийг өсгөх, буулгах хэм хэмжээний эрх зүйн зохицуулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Тийм учраас улсын байцаагчийн акт нь ямар харилцааг зохицуулсан үйл ажиллагаа болохыг ялгалгүйгээр тавьсан хууль бус акт байна” гэв.

 Гурав. Хариуцагч Ч.З 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцлагын хэлбэрээр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар гэж явж байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбар үндэслэлтэй боловч үндсэндээ ажлын хөлсөнд өгч байгаа хэлбэр юм. Нэхэмжлэгчийн хэлж байгаа нь нэг талдаа зөв. Манайх хог хураамжаар төвлөрсөн төсвийн орлогыг нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд олгогдож байгаа мөнгөнөөс төрийн өмчит аж ахуйн тооцоот газар гэдэг утгаараа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын төлөхгүй байж болоод байгаа. Нэхэмжлэгч нь шалгалтын явцад тухайн гэрээг тодруулж өгөөгүй байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 230013772 тоот актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ч.З нар  2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Татварын хяналт шалгалт хийх 23150200041 тоот томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу “Хан-Уул дүүргийн Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2013-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт бүрэн шалгалтыг хийжээ.

          Татварын хяналт шалгалтаар нийт 1.831.643.992.80 төгрөгийн зөрчил илрүүлж, 268.637.872.00 төгрөгийн төлбөр ногдуулснаас 72.532.308.30 төгрөгийн зөрчилд ногдох 4.243.385.80 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 1.759.111.684.50 төгрөгийн зөрчилд ногдох 264.394.486.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

        Татварын улсын байцаагчийн 230013772 тоот актыг Хан-Уул дүүргийн  “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 87.955.600 төгрөгийн торгууль, 527.700 төгрөгийн хүүг хасч,  бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хэвээр үлдээжээ.

          Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн  “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай  Хог хаягдлын тухай хууль, Иргэний хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлэх “Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх” 5/14 тоот шууд гэрээг 2013 оны 04 дүгээр сард мөн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэх 5/40 тоот гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус байгуулж, тус гэрээгээр захиалагч гүйцэтгэгчийн тээвэрлэсэн хог хаягдлын 1 рейс бүрийг 120000 төгрөгөөр үнэлж, санхүүжилтийг олгохоор гүйцэтгэгч дүүргийн Засаг даргын Тамгын газарт сар бүрийн 15, 30-нд хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг ирүүлэхээр тусгаж байна. 

           Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12/45 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг баталж, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7-д “Дүүргийн харьяа хог тээвэрлэгч байгууллага нь дүүргийн Засаг даргатай хог ачиж тээвэрлэх шууд гэрээг байгуулна”, 2.9-д “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн Татварын хэлтэст төвлөрүүлж, бүсийн хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлнэ”, 9 дүгээр зүйлийн 9.3-д “Дүүргийн Татварын хэлтэс нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд  хяналт тавьж, хуулинд заагдсан хугацаанд Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнана” гэж тус тус заажээ. 

         Хан-Уул дүүргийн “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-д зааснаар төрийн өмчит хуулийн этгээд  бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн боловч  “Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх шууд гэрээ”-г тухайн дүүргийн Засаг даргатай байгуулж, гэрээний үндсэн дээр тусгайлан тогтоосон тарифаар харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжиж, энэ үйлчилгээний хураамжийг  төсөвт төвлөрүүлдэг зэрэг үйл ажиллагаанаас үзэхэд төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга  Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “Энэ хуулийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах” бүрэн эрхтэй гэж зааснаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн  “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын “Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх” 5/14 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/40 тоот гэрээнүүд нь Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэх”-ээр, 9.4.2-д “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах”, 9.4.3-д “Нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.4.2-т заасны дагуу зохион байгуулах” гэснийг зөрчөөгүй байна.

Иймээс Хан-Уул дүүргийн “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх шууд гэрээ”-ээр гүйцэтгэсэн ажил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 зүйлийн 13.5.12-д “Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ, үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ”-нд хамаарна гэж үзэж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013772 тоот актаар Хан-Уул дүүргийн “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ногдуулсан төлбөрөөс 1.759.111.684.50 төгрөгийн зөрчилд ногдох 175.911.168.50 төгрөгийн нөхөн татварыг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12,  Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.4. 2,9.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013772 тоот актаар Хан-Уул дүүргийн “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ногдуулсан төлбөрөөс 1.759.111.684.50 төгрөгийн зөрчилд ногдох 175.911.168.50 төгрөгийн нөхөн татварыг хасч, багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ