Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 66

 

“Амияа ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26 өдрийн 101/ШШ2016/06348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Буянтогтох,

Хариуцагч Б.Бямбадорж нарт холбогдох,

 

Хохиролд 1 833 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Учрал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Бурмаа

Хариуцагч: Г.Буянтогтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амияа” ББСБ нь Г.Буянтогтох, Б.Бямбадорж нартай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирлоо нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Буянтогтох, Б.Бямбадорж нартай эвлэрлийн гэрээ байгуулж, төлбөрийг хугацаат хуваарийн дагуу төлж барагдуулахаар болсон. Гэтэл Г.Буянтогтох, Б.Бямбадорж нар нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул дахин шүүхэд хандсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн болно.

Эвлэрлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/02445 тоот шүүгчийн захирамжаар баталсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 16/21003 шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу төлсөн урамшуулал 1 833 000 төгрөгөөр хохироод байна.

Иймд 1 833 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Буянтогтох, Б.Бямбодорж нар шүүхэд болон Г.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амияа” ББСБ-ын нэхэмжилсэн 1 833 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Амияа” ББСБ өмнө нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Бид тус шүүхэд гаргасан “Амияа” ББСБ-ын нэхэмжлэлийн дагуу “Амияа” ББСБ-ын хохирлыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүрэн барагдуулсан. Гэтэл “Амияа” ББСБ биднээс дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 1 833 000 төгрөгийг нэхэмжлэх нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж байгаа этгээд болох төлбөр төлөгч “Амияа” ББСБ төлөх ёстой болохоос бид төлөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Амияа” ББСБ-ын хариуцагч Г.Буянтогтох, Б.Бямбадорж нарт холбогдуулан гаргасан хохиролд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 16/21003 шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний урамшуулалд төлсөн 1 833 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Г.Буянтогтох, Б.Бямбадорж нарын эвлэрлийн гэрээнд заасан, шүүгчийн захирамжаар баталгуужуулсан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс “Амияа” ББСБ нь албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаас урамшуулалд 1 833 000 төгрөг төлж, эд хөрөнгийн гэм хорын хохирол учирсан. Энэ нь хариуцагч нарын үйлдлээс үүссэн үр дагавар буюу хор уршиг гэж үзэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараар урамшуулалд төлсөн 1 833 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК нь хариуцагч Г.Буянтогтох, Б.Бямбадорж нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 833 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ .

 

Нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК болон хариуцагч Г.Буянтогтох, Б.Бямбадорж нар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 604 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/02445 дугаар захирамжаар эвлэрлийг баталсан бөгөөд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, шийдвэрийг бүрэн гүйцэтгэсэн үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16/21003 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгчөөс нийт 28 185 000 төгрөгийн төлбөрийг гаргуулах, төлбөр төлөгдсөн тохиолдолд төлбөр авагч нь төлбөрийн үнийн дүнгийн 6,5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 833 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлжээ.

 

Иймд “Амияа ББСБ” ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүсч, уг гэрээний дагуу үүргээ биелүүлж урамшуулал төлсөн байгааг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гэм буруутай эс үйлдлээс шууд учирсан гэм хорын хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас гаргуулахаар зохицуулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2016/02445 дугаар захирамжид заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээ байгуулах эсэх нь төлбөр авагч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэрлэх асуудал учраас төлбөр төлөгчийн гэм буруутай эс үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/06348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА