Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

                                                           

 

2020        01          30                                    2020/ШЦТ/103

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Д.М, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, О.Бэлгүүнзаяа ,

Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Өсвөр насны шүүгдэгч: Д.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Долгоржавын Мөнх-Эрдэнэ, Барнууд овогт Доржсүрэнгийн Өлзийбуян, Олхонууд овогт Байгалмаагийн Долгион нарт холбогдох эрүүгийн 1911019431028 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Боржигин овогт Долгоржавын Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын мэргэжилтэй, гэрэл зургийн студид зурагчин гэх, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 2 дугаар баг, Сүмбэр гудамж 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороолол 21 дүгээр байр 9 давхарт түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЕУ98040416.

2. Шүүгдэгч Барнууд овогт Доржсүрэнгийн Өлзийбуян, Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймаг Галт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид сурч байгаа, ам бүл 6, эцэг, эх, 2 ахын хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 50 дугаар байрны 1 дүгээр орц, 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар РД02291210.

3. Шүүгдэгч Олхонууд овогт Байгалмаагийн Долгион, Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн харъяа Юниверсал Политехник коллежид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 41 дүгээр байрны 90 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 406 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ01291072.   

          Шүүгдэгч Д.М, Д.Ө, Б.Д нар /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд Н.Төгсжаргал, Б.Даваажанцандаваа нарт хүч хэрэглэн, гутлын үдээсээр хөлийг нь уяуулж “Iphone 6” болон “Iphone6-S” загварын гар утас, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажилллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ:”...Тэгтэл Өлзийбуян намайг түлхээд би нөгөө хоёрыг налж унаад гартаа бариад явж байсан гар утсыг нь газар унагаачихсан юм. Тэгээд уучлалт гуйгаад гар бариад салцгаасан. Тэгээд бид гурав сансар чигт алхаж байтал Мөнх-Эрдэнэ билүү Өлзийбуян наад хоёроо дуудчих гээд байсан. Тэгэхээр нь би эргэж очоод нөгөө хоёрыг манай найз юм асууя гэнээ гэж хэлээд дуудсан. Ингээд нөгөө хоёрыг дагуулаад Тэнгисийн хойд талын байранд байх саравчинд суугаад хэсэг юм ярьж суусан. Тэгээд Өлзийбуян нэгнээс нь би нөгөө хүүхдийнх нь утсаар дуу сонсоод өгнө гэж хэлээд аваад дуу тавиад утсыг нь сандал дээр тавиад сууж байтал Мөнх-Эрдэнэ нөгөө хоёрыг архи олоод ир гэхэд утсаа авъя гэсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёрыг орц руу дагуулж ороод үдээсээ хооронд нь холбо гэж Өлзийбуянг хэлэхэд үдээсээ хооронд нь холбосон. Тэгэхээр нь бид гурав 2 утсыг нь тэр чигт нь аваад гараад Сансар орсон ...Харин ай фоне 6 маркийн гар утас нь надад байсан бөгөөд цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа хүлээлгэн өгсөн. Ай фоне 6 эс загварын гар утсаа ломбарднаас хугацаанд нь авч чадаагүй учраас өөр утас авч өгсөн. Одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-75-76х/, 

Өсвөр насны шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Орцонд орж ирэхээс өмнө гадаа сааданд сууж байгаад Даваа гээд байсан хүүхдийн барьж байсан ай фоне 6 загварын гар утсыг нь би дуу сонсоод өгнө гэж хэлээд авсан байсан. Харин нөгөө хүүхдийнх нь утсыг Долгион утсаа өгч бай гэж хэлээд авсан байсан. Тэгээд орцонд орж ирээд утсаа авъя гэхэд Долгион бид хоёр тэр хоёр хүүхдийн пүүзнийхээ үдээсийг тайлаад хооронд нь холбо гэж хэлээд өөрсдөөр нь холбуулаад дууссаных нь дараа бид гурав гараад Сансар орж Мөнх-Эрдэнийн найзтай уулзаад гар утсыг нь ломбард тавих гэсэн боловч хаалттай байсан учраас Хар хорин ороод ломбард хайж байгаад байхгүй байхаар нь Модны хоёрт байдаг Үлэмж нэртэй гар утас барьцаалан зээлдүүлэх газарт Мөнх-Эрдэнийн бичиг баримтаар ай фоне 6 эс загварын гар утсыг нь 150000 төгрөгөөр барьцаалаад мөнгөөрөө эргэж Сансар ороод Бамбар нэртэй баар ороод ууж идээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-62х/,

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид 3 гэрээсээ гараад Бачка гээд найзтайгаа уулзах гээд Сансар руу явж байсан. Баянбүрд өнгөрөөд явж байсан чинь өөдөөс хоёр хүүхэд ирж байсан. Тэр хүүхэд Б.Ды хажуугаар зөрөхөд гар утас нь газарт унасан. Тэгээд Б.Д уучлалт гуйгаад бид гурав цааш явж байсан чинь Д.Ө, Б.Д 2 юм ярих шиг болохоор нь яриаг нь сонсох гээд дөхөж очсон чинь Б.Д эргэж хараад нөгөө хоёр хүүхдийг дуудсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг ирэхээр нь “хэдүүлээ ийшээ сууцгаая” гээд Баянбүрдийн тэнд гадаа суусан. Бид хэд хоорондоо танилцаад тэр хоёр хүүхдээс архи гуйсан. Мөнгө байхгүй гэж хэлэхээр нь гар барилдаад ялагдсан нь архи авч өгье гэж тохиролцоод би ялсан. Б.Д хажуунаас нь “ялагдсан юм чинь архи авч өг” гэж хэлсэн чинь тэр хүүхэд “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Д “хоёулаа зодолдъё” гэж хэлээд цээж рүү нь 3-4 удаа цохисон. Д.Ө болохоор орц руу оръё гэсэн. Тэгээд лифтэнд суугаад дээд давхарт нь гараад би шатны хажууд сууж байсан. Д.Ө, Б.Д хоёр хохирогч нарын өөдөөс хараад зогсож байсан. Б.Д тэр хоёр хүүхдийн цээж болон гар руу нь 3-4 удаа цохисон. Тэгээд доор чимээ гарах шиг болохоор нь Д.Ө Б.Д хоёр гарч харсан чинь согтуу хүн унтаж байсан. Д.Ө тэр хоёр хүүхдийг “үдээсээ тайлаад хооронд нь холбож өг” гэж хэлээд доошоо буусан. Тэр хоёр хохирогч надад “ах аа бид хоёрын утсыг аваад өг” гэхээр нь утсыг нь авч өгөх санаатай доошоо буусан” гэв. 

Хохирогч Н.Төгсжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 07 сарын 15-ны орой 21 цагийн үед хамаатныхаа хүүхэд болох Даваажанцандаваагийн хамт Баянбүрдийн автобусны буудлын хажууд зүүнээсээ баруун зүгт байхад өөдөөс бид хоёрын үеийн 3 хүүхэд ирж байсан. Тэгээд нэг өндөр хүүхэд нь намхан хүүхдээ бид хоёрын хажуугаар зөрөхдөө түлхээд мөргөчихсөн. Тухайн үед Даваажанцандаваагийн гартаа барьж байсан утас нь газарт уначихсан. Тэгээд бид хоёрыг зүгээр үү гэж хэлээд цаашаа салаад явсан. Тэгээд бид хоёр салаад гэр рүүгээ алхаж байхад хойноос намхан хүүхэд гүйж ирээд нааш ирээ жаахан юм яръя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр харих гээд яараад байна гэхэд зүгээр гэж хэлээд тэр 3 хүүхэд бид 2-ыг дагуулаад байрны дунд байсан сааданд очсон. Тэгээд бид хоёрыг гар утсаа гаргаад ир дуу сонсъё гэж хэлээд намхан болон өндөр хүүхэд нь авсан. Ингээд эхэндээ өөрсдийнхөө талаар ойр зуурын юм яриад бид хоёрыг дуу сонсоод сууж байснаа гэнэт босоод ийшээ явъя гэхээр нь дагаад явах үед 3 дугаар байрны 7 давхарт гаргаад намхан нь Даваажанцандаваагийн толгой руу нь ямар нэгэн зүйл хэлэлгүй 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Дараа нь миний цээж хэсэг рүү нэг удаа цохьсон. Дараа нь намхан эрэгтэй нь өндөрийгөө дагуулаад нэг давхар доошоо буугаад 5 минут орчим болоод эргэж гарч ирээд өндөр залуу нь бид хоёрыг үдээсээ тайлаад холбоод уя гэсэн. Ингээд айгаад байсан учраас хэлснээр нь хийсэн. Тэгтэл нөгөө 3 хүүхэд чинь бид хоёрын утсыг аваад зугтаачихсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-26-27тал/,

Хохирогч Б.Даваажанцандаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 15-ны орой хамаатны найз болох Төгсжаргалтай хамт Монгол 3 дугаар сургуулийн урдуур алхаж явж байхад өөдөөс бид хоёрын үеийн 3 хүүхэд ирж байсан. Ингээд бид хоёрын хажуугаар зөрөхдөө өндөр хүүхэд нь нэгнийгээ над руу түлхсэн. Тухайн үед миний гар утас газарт унасан чинь намайг мөргөсөн хүүхэд нь газраас миний утсыг авч өгсөн. Тэгээд салаад явж байсан чинь араас намайг мөргөсөн хүүхэд ирээд манай найзууд та хоёртой юм ярьмаар байна гээд бид хоёрыг нөгөө 3 хүүхэд дагуулаад байрны голоор алхаж байгаад 50 дугаар сургуулийн сагсны шийдний хажууд ирсэн. Ингээд бид хоёртой ойр зуурын юм ярьж байгаад утсаа гаргаад ир, фэйсфүүк оръё, дуу сонсъё гээд байсан. Тэгээд бид хоёрын утсыг аваад кодыг асуусан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа бид хоёрыг архи авч өг гээд уурлаад гэдэс болон толгой руу цохиж байгаад манай найзын байр руу явъя гээд Төгсжаргал бид хоёрыг дагуулаад ойролцоох байр руу ороод 7 давхарт гараад анх мөрлөсөн хүүхэд нь бид хоёрыг толгой руу нь алгадаад байсан. Тэгээд бид хоёрыг үдээсээ хооронд нь холбо гээд байхаар нь холбож байгаа царайлж байтал нөгөө хүүхдүүд шатаар буугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-32тал/,

Н.Төгсжаргалын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өөрийн хамаатны найз Даваажанцандаваагийн хамтаар 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчим гэрээсээ гараад Сансарын туннел рүү хамаатныхаа хүүхэдтэйгээ уулзах гэж яваад оройн 21 цагийн орчимд бид хоёр буцаж гэртээ харихаар явсан. Бид хоёр хамтдаа Монгол 3 дугаар сургуулийн хажуугаар явж байхад бидний өөдөөс 18-21 орчим насны 3 залуу ирж байсан бөгөөд тэдний нэг болох өндөр шар цамцтай хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй ил харагдах шивээсгүй, эрүү нь урт залуу манай найз Даваажанцандавааг мөрлөж гарсан ба тухайн үед найзын маань гар утас мөрлүүлснээсээ болоод газар унасан ба Даваажанцандаваа найз маань гар утсаа газраас авах үед тэдний нэг болох намхан, цайвар өнгийн саравчтай малгайтай, мөн ил харагдах шивээсгүй, хар саарал өнгийн малгайтай цамцтай, цэнхэр жинсэн өмд өмссөн залуу нь “...та нар яаж яваад байгаа юм аятайхан яваач” гэж хэлсэн ба бид түүнээс уучлалт гуйсан ...Тэгтэл шивээстэй залуу нь “за чи ингээд нэг шил архины өрөнд орлоо шүү” гэж хэлсэн ба удалгүй шивээсгүй намхан залуу нь гэнэт надад “хоёулаа зодолдох уу” гэж хэлсэн ба мөрөөрөө над руу болон миний найз Даваажанцандаваагийн цээж рүү тус тус нэг удаа цохьсон ... Орцонд ороод шууд 7 дугаар давхар луу лифтэнд сууж гарцгаасан ба найз бид хоёрыг тэр 3 залуу буланд шахсан ба намхан залуу “...та хоёр дуу дуул” гэж хэлсэн бөгөөд бид чимээгүй зогсож байхад намхан залуу найз бид хоёр руу дөхөж ирээд “та хоёр шүд зуугаад байна уу” гэж хэлээд миний цээж рүү баруун гараараа атгаж цохиод, харин найзыг маань алгадаад, дагз руу нь цохиод, хөлөөрөө хэд хэдэн удаа жийгээд эхэлсэн. Тухайн үед өндөр нь “боль” гэж хэлсэн ба үүнээс хойш тэрхүү өндөр залуу болон намхан залуу нар нь шатаар доошоо бууж юм ярьсан ба шивээстэй залуу нь бид хоёрын хажууд үлдсэн. Хэсэг хугацааны дараа өндөр болон намхан залуу хоёр нь буцаж ирээд өндөр залуу нь надаас “чиний утасны кейсэнд байгаа хаан банкны картныхаа пин кодыг хэлээд аль” гэхэд нь би түүнд картныхаа пин кодыг хэлсэн ба үргэлжпүүлээд тэр өндөр залуу бидэнд хандаж “...та хоёр гутлынхаа үдээсийг тайл, газарт суугаад хөлөө өөд өөдөөсөө хараад сайн уя” гэж хэлсэн бөгөөд бид хоёр түүний үгэнд ороод нэгнийхээ хөлийг гутлын үдээсээр уяад суусан. Дараа нь тэр 3 залуу биднийг хөлөө хоорондоо уяж дуусмагц гар утаснуудыг маань болон миний хаан банкны картыг буцааж өгөлгүй орцноос гараад зугтаасан. Тэднийг гарснаас хойш бид 2 үдээснүүдээ тайлаад араас нь гарсан боловч тэдгээр 3 залуу байхгүй болчихсон байсан ... Ингээд найз бид хоёр хоёулаа гар утасгүй үлдсэн бөгөөд орцноос гарахад 12 цаг аль хэдийнээ өнгөрчихсөн байсан ба бид утсаар яриулах хүн хайж яваад гудамжнаас нэг ахыг гуйж байгаад утсаар нь цагдаа дуудсан. Миний гар утас нь 89128325 дугаартай байсан ба миний болон найзын маань утсаар гадагшаа ямар нэгэн дуудлага хийгээгүй бөгөөд зүгээр л дуу сонсоцгоосон. Дуу сонсох үедээ бидний гар утаснуудын кодыг асуугаад, цээжлээд авчихсан. Миний гар утас нь айфон-6 маркийн саарал өнгөтэй, тунгалаг гэртэй, 16 гб багтаамжтай байсан бөгөөд гар утсаа би 2019 оны 4 дүгээр сард хамаатныхаа ахаас 240.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн миний хаан банкны картыг буцааж өгөлгүй аваад явсан бөгөөд дотор нь аз болж мөнгө байгаагүй. Тэдгээр залуусыг харвал царайгаар нь болон шивээсээр нь таньж чадна. Нэг их хүчтэй цохиогүй бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна. Биед хөндүүрлэх зүйл хараахан алга. Гэхдээ эд зүйлээ бусдад дээрэмдүүлсэндээ гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-34-35тал/,

Б.Даваажанцандаваагийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим найз Төгсжаргалын хамт Сансарын туннелд байдаг найз Дөлгөөний гэрээс гараад автобус зогсох гэж байсан учир тэндээс алхаад Монгол 3 дугаар сургуулийн урд талд алхаж явсан ба бид хоёрын хажуу талаар 18 орчим настай 3 хүүхэд зөрөхдөө миний баруун халаасанд хийх гэж байсан гар утсыг мөрлөөд унагаасан ба улмаар уг 3 хүүхэд бид хоёрт хандан “зүгээр үү, жоохон юм байж эртхэн гэртээ хариач” гэж хэлээд явчихсан бөгөөд бид хоёр зүгээрээ гэж хэлээд явах гэж байтал араас нэг хүүхэд нь хүрч ирээд “манай найз та хоёртой юм ярьмаар байна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад байрны голоор алхаж байгаад 50 дугаар сургуулийн сагсны шийд гэх газар авчираад бид хоёрт хандан бид хоёрын нэр, нас, гэрийн хаяг зэргийг асууж байгаад өмдний халаасанд байсан айфон-6 эс загвартай гар утасны кодыг асуухаар нь 110500 гэсэн дэлгэцийн кодыг хэлж өгсөн ба манай найз Төгсжаргалын утсаар найзтайгаа ирэх болж байна уу зэргээр ярьж байгаад ард, авч өг гэж нэхсэн бөгөөд бид хоёрт мөнгө байхгүй гэж хэлсэн. Та хоёр мөнгө сэтгэж ол гэж хэлээд бид хоёрын толгой гэдэс рүү цохиж байснаа одоо манай найзын байр руу явна гэж хэлээд дагуулан яваад нэг байрны орц руу ороод лифтэнд сууж байгаад 7 давхар руу гараад гараараа толгой хэсэг руу цохиж байгаад намайг Билгүүн гэдэг юм би Цамбагаравын арван нэгдүгээр байранд амьдардаг юм мэдэж аваарай гэж хэлж дарамталж байгаад үдээс тайлуулаад түүгээрээ өөсдийнхөе хөлийг холбож уя гэхээр нь уяж байгаа дүр үзүүлж байсан ба тухайн 3 хүүхэд шатаар буугаад яваад өгсөн бөгөөд бид хоёр тэндээс гараад цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдагдсан гар утас цайвар бор гэртэй, ягаан өнгөтэй, имэй кодыг мэдэхгүй ай фонэ-6 эс загвартай гар утас байсан ба уг гар утсыг 2019 оны 07 дугаар сарын эхээр Хархорин худалдааны төв орчим хувь хүнээс 180.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоо уг үнээрээ үнэлж байна”гэх мэдүүлэг /хх-36-37тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-11х/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78х, 79х/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95-97х/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Ө, Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд Н.Төгсжаргал, Б.Даваажанцандаваа нарт хүч хэрэглэн, гутлын үдээсээр хөлийг нь уяуулж “Iphone 6” болон “Iphone6-S” загварын гар утас, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Ө, шүүгдэгч Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  тооцохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Боржигин овогт Долгоржавын Мөнх-Эрдэнийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй орхиж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Д нь 18 настай, сургуульд сурдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг нь хэрэглэх нь зүйтэй.          

Шүүх өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ө, шүүгдэгч Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авч, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.