| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/8857/И |
| Дугаар | 6672 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 6672
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2016/06672 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, М.Хын /РД: ......./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........хороо, Т бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Х миний бие 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Т бүрэн дунд сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан, тус сургуульд газарзүйн багшаар ажиллах болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг 1 жилээр сунгасан.
Би 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны өдрүүдэд багшлах эрхийн үнэмлэх сунгах сургалтанд хамрагдсан ба энэ үед манай ангийн хүүхдүүд зодоон хийж зодуулсан хүүхэд болох н.Гийн ээж н.Н удаа дараа өргөдөл гаргаж шалгуулсан.
Намайг удирдсан ангитайгаа муу ажиллан, сургуулийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж сургуулийн захирал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/68 тоот тушаалаар ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.
Иймд намайг урьд эрхэлж байсан газар зүйн багшийн ажилд маань эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т бүрэн дунд сургуулийн захирал В.Дашпунцаг шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т бүрэн дунд сургуулийн газар зүйн багш М.Хыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/68 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.
Багш М.Х нь тус сургуулийн 8б ангийн ангийн анги удирдсан багшаар ажилладаг бөгөөд тус ангийн сурагчид хоорондоо зодолдсон асуудал 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарсан.
Уг асуудлаар зодуулсан гэх сурагч Б.Гийн ээж Н.Н удаа дараа өргөдөл гомдол холбогдох байгууллагуудад гаргасан. Н.Нгийн хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сард Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын их сургууль, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, 2016 оны 5 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2016 оны 11 дүгээр сард Нийслэлийн боловсролын газруудаас тус тус ажлын хэсэг томилогдон шалгасан болно.
Багш М.Х удирдсан ангитайгаа муу ажилласаны улмаас дээрх асуудал гарч сургуулийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд муугаар нөлөөлсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн үзэж ажлаас нь чөлөөлсөн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Т бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/68 тоот “М.Хыг ажлаас чөлөөлөх тухай“ тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн тус сургуулийн газар зүйн багш М.Хыг мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
М.Х нь түүнийг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаалыг гардан авч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.
Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
Ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа бол гаргасан зөрчил нь тогтоогдсон байх учиртай болно.
Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.
Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах шаардлагатай.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч уг зүйлд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Хыг Т бүрэн дунд сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
М.Х нь сард 535.286 төгрөгийн цалин авдаг нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, анх ажилд авсан тухай тушаал, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 3-12 дугаар тал/
Нэхэмжлэгч М.Х нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 535.286 төгрөгийн цалин авах байсан байна.
Иймд хариуцагч Т бүрэн дунд сургуулиас М.Хын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 535.286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь М.Хд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 535.286 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т бүрэн дунд сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгах үндэслэлтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Мөнгөнхорлоогийн Хыг Т бүрэн дунд сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар М.Хын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 535.286 төгрөгийг хариуцагч Т бүрэн дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Хын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т бүрэн дунд сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т бүрэн дунд сургуулиас 16.708 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН