| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0053/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 67
2020 01 20 2020/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Мд холбогдох эрүүгийн 1911014441284 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Д.М, Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 67-28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 161/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................................./.
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баянмөнхөөс “БНСУ-ын виз гаргаж өгнө гэж” хуурч 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Баянмөнх нь та Солонгос улс руу гаргаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч, гаргаж өгнө гэж хэлээд ахдаа гадаад паспортоо авч ирээд ахтайгаа холбогд гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би паспортоо бэлдчихлээ, найзыгаа дагуулаад очъё гэсэн. Тэр үед Хүслэн, Баянмөнх бид гурав Урт цагааны үйлчилгээний төвийн урд талд уулзсан. Би урьдчилгаа 1.000.000 төгрөг болно гэхэд за гэж хэлээд Баянмөнх бид хоёр нотариатаар орж мөнгө өгч, авалцсанаа баталгаажуулсан. Түүний дараа Баянмөнх надад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би Солонгос улсын виз гаргах албан тушаалтан биш. Мөнгийг юунд зарцуулснаа мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,
Шүүгдэгч Д.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Баянмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мэндсайхан нь би БНСУ-руу явах виз гаргаж өгнө гэж хэлж анх надаас 1.000.000 төгрөг авч байсан юм. Би өөрөө гаргаж өгдөг гэж хэлж байсан. Хүслэн нь Мэндсайханаар виз гаргуулна гэж ярьсан боловч сүүлдээ больсон ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, би л 1.000.000 төгрөг өгчихөөд байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-21х/, “...Би Мэндсайханаас үлдсэн мөнгөө 2019 оны 11 дүгээр сард бүрэн гүйцэд авсан болохоор хохирлын талаар ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24х/,
Гэрч Ц.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд наад талд машинаа оруулж гаргаж байх хооронд манай ээлжийн дарга, нярав ирсэн. Тэгээд л би цаашаа явсан. Тэгсэн удалгүй манай Теди төвийн хоёр давхарт лангуу ажиллуулдаг Гарьд гэх залуу нөгөө машины жолоочтой зууралдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь болиоч гэж хэлсэн бөгөөд манай ээлжийн дарга нярав хоёр байхаар нь очоогүй ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Шүүгдэгч Д.Мы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баянмөнхөөс “БНСУ-ын виз гаргаж өгнө гэж” хуурч 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч Б.Баянмөнхийн 1.000.000 төгрөгийг хуурч, залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Баянмөнх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын мөнгөө гүйцэд авсан болохоор хохирлын талаар ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, одоо ямар нэгэн санал гомдол байхгүй ...” гэж /хх-24/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.