| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06372/и |
| Дугаар | 6372 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 6372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байр, 102 тоотод оршин суух Гэгээнтэн овогт Улаанбаатарын Энхцогт /Регистрийн дугаар УЖ86072215/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ноён хангай овогт Чойжилсүрэнгийн Баттулга /Регистрийн дугаар АЭ89042971/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У.Энхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Энхцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Улаанбаатар овогтой Энхцогт миний бие нь Чойжилсүрэн овогтой Баттулгатай 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4 ширхэг гулууз буюу 200 килограмм гахайн махыг 1 килограммыг нь 8,000 төгрөгөөр тооцон 1,600,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5024274015 тоот дансандаа хүлээн авахаар болж, хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд тооцохоор тохиролцож Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийслэлийн Баянгол дүүргийн нотариатаар батлуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 52 хоногийн дараа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр махны мөнгөнөөс 500,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн болно. Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иргэн Ч.Баттулгын өрийн үлдэгдэл үндсэн төлбөр 1,100,000 төгрөг, алданги 517,000 төгрөг, нийт 1,617,000 төгрөг байна. Худалдан авагч Ч.Баттулгаас 1,617,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн хариуцагчийн хаягаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1603 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Баттулга нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 42-02 тоот хаягт байхгүй, хаана оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь шүүхийн бичиг хүргэгчийн мэдэгдэх хуудас, багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан байна. Иймд түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.Энхцогт нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
У.Энхцогт нь Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,617,000 төгрөгийг гаргуулахаар Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1603 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд, Ч.Баттулгыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг 42 дугаар гудамж, 02 тоот оршин суух хаягтай Ноён хангай овогт Чойжилсүрэнгийн Баттулга /Регистрийн дугаар АЭ89042971/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймаг дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР