Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 27

 

2020       01         03                                  2020/ШЦТ/27

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгч З.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Н.Цэрэнсугар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З.Хд холбогдох эрүүгийн 1911032001325 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт З.Х, Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн Бизнес удирдлагын 3 дугаар курсд сурдаг, ам бүл 4, ах, эгч, 2 дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, гүн худаг гудамж 39 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хотхон 75-4 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:....................................../.

Шүүгдэгч З.Х /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2019 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн жим” амралтын газарт ангийнхаа хамт олонтой амарч байхдаа Н.Цэрэнсугартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Цэрэнсугарын нүүрийг нь базаж маажсан. Цэрэнсугарын нүүрэндэх гэмтлүүдийг би учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-44-46х/,

Шүүгдэгч З.Хгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би утасны дуунаас болж маргалдсан. Утас булаацалдаж байгаад хохирогчтой үстэлцээд нүүрэн тус газарт нь цохисон” гэв.

Хохирогч Н.Цэрэнсугараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын үндэсний их сургуулийн Бизнесийн эдийн засгийн ангийнхантайгаа хамт амралтанд явахаар болоод Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн жим” нэртэй амралтын газарт 13 хүүхэд амарсан бөгөөд би тус өдрийн 18 цагийн үед ангийнхан дээрээ яваад очсон чинь манай ангийнхан архи, пиво уусан байдалтай бүгд байсан ба намайг очих үед 2.5 литртэй Сэнгүр пиво 4 савыг тойруулж ууж сууцгааж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны үүрээр 02 цагийн үед бүгд амрахаар болоод би орондоо ороод унтах гээд байж байтал манай ангийн охин Хулан миний орны толгой дээр чанга хөгжим тавиад байхаар нь “Дуугүй болго, энд хүмүүс амрах гэж ирсэн шүү дээ” гэж 2-3 удаа хэлсэн чинь утасныхаа дууг багасгасан боловч чанга дуу гараад байхаар нь би орноосоо босоод утсыг нь булааж аваад дууг нь хаасан чинь дахиад чангаар дуугаа тавиад байхаар нь би босоод утсыг нь булааж авах гэтэл шууд миний үснээс зулгааж авахаар нь би үснээс нь зулгаасан чинь бид хоёрын дундуур манай ангийн Одбаяр орж ирээд салгаад 2 талын орон дээр суулгаад байж байсан чинь Хулан намайг “гуйлгачин чинь хүний мөнгөөр амралтанд явж байгаа байж зайл гэж байна би чамайг” гээд орилж буцаж орж ирээд миний үснээс зулгаагаад зүүн талын нүүрийг минь маажаад байх үед Саүлегүл гэдэг манай ангийн охин Хуланг салгаж авч явсан бөгөөд тухайн үед манай ангийн Эрдэнэтөгс над руу Хуланг өмөөрч дайраад миний зүүн гарыг маажсан. Тухайн үед би нүүрээ ямар болсоныг хараагүй, маргалдаж дуусаад унтаад өгсөн ...Тухайн үед Хулан, Эрдэнэтөгс, Саүлегүл, Одбаяр нар байсан. Үлдсэн манай ангийн хүүхдүүд өөр гэрт байсан ...Миний баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод, ар болон дотор дунд хэсэг хүзүүний гэмтлийг бүгдийг Хулан учруулсан. Зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2 дугаар хурууны зулгаралт гэмтлийг Эрдэнэтөгс учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Хохирогч Н.Цэрэнсугараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Амралтын газар очоод орой унтах болохоор Хулан дуу тавиад байсан. Тэрээр дуугаа унтраахгүй байхаар нь би түүний дууг унтраасан. Тэгээд хажуу талаас Эрдэнэтөгс гэдэг охин намайг зэрэг үстээд орноос унагаад гараараа маажсан. Би хоёр сорвины тос авсан. Надад мөнгө байхгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадаагүй” гэв.  

Гэрч Н.Эрдэнэтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...шөнө 02-03 цагийн үед амрахаар болоод нэг гэрт Одбаяр, Саүлегүл, Хулан, Цэрэнсугар бид нар орсон ба унтах гээд байж байсан чинь Хулан утсан дээрээ дуу тавиад хэвтэж байсан чинь Цэрэнсугар “дуугаа аажуухан болгочих” гэж хэлэхээр нь сонсож байсан дуугаа багасгасан. Цэрэнсугар гэнэт орноосоо босч ирж байгаа чимээ гараад Хулангийн утсыг булааж авахаар нь би босож гэрлээ асаасан чинь Хулан, Цэрэнсугар хоёр бие биенээ үстчихсэн зогсож байхаар нь Одбаяр бид хоёр салгасан. Хулан, Цэрэнсугар хоёр бие биетэйгээ маргалдаад дахиад үстэлцээд авсан чинь Саүлэгүл тэр хоёрыг салгаад 2 талын орон дээр суулгаад байж байсан чинь миний уур хүрээд Цэрэнсугар дээр очоод гарнаас нь зулгаагаад түлхсэн чинь босч ирээд миний үснээс зулгаагаад авахаар нь миний уур хүрээд Цэрэнсугарын үснээс зулгааж байгаад доошоо дарсан бөгөөд хамт байсан хүмүүс намайг салгаад тэр оройдоо унтаж амарцгаасан ...Хулан надад “би Цэрэнсугарын хацрыг хумслаад авсан” гэж надад хэлсэн ...Цэрэнсугарын биед зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2 хурууны зулгаралт гэмтлүүдийг би учруулсан. Би Цэрэнсугарын нүүрэнд хүрээгүй. Хулан нүүрэн дэх гэмтлүүдийг учруулсан ...“ гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Б.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны үүрээр гэнэт охидууд хашгиралдах чимээ гарахаар нь сэрсэн чинь Хулан, Цэрэнсугар хоёр хоорондоо маргалдчихсан зогсож байхаар нь салгаад 2 талд суулгаж байсан чинь Хулан гэнэт “гичий минь мөнгө байхгүй байсан бол яах гэж ирдэг юм” гэж хэлээд шууд Цэрэнсугар дээр очоод цохиж зодоод байх шиг байсан. Манай ангийн Саүлегүл тэр хоёрыг салгасан. Эрдэнэтөгс Хуланг өмөөрч Цэрэнсугар дээр очоод гар хөлнөөс нь чангаагаад байх шиг байсан. Тэгээд тэр гурвыг тайвшруулаад тэр оройдоо амарсан. Өглөө сэрсэн чинь Цэрэнсугарын нүүр нь маш олон тооны жижиг маажсан шарх, тав тогтох гэж байгаа юм шиг улайсан байсныг надад Цэрэнсугар харуулж байсан ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №195 тоот дүгнэлтэнд:

“1. Н.Цэрэнсугарын биед баруун нүдний хажуу хэсэг, дээд зовхи, гадна булан, зүүн хацар, хамрын угалзны доод хэсэг, баруун хацар, хацрын төвгөр, баруун шанаа, зүүн чихний доод, ар болон дотор дунд хэсэг, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун гарын бугуй, шуу, 2-р /долоовор/ хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-29-31х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч З.Х нь 2019 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн жим” амралтын газарт ангийнхаа хамт олонтой амарч байхдаа Н.Цэрэнсугартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч З.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Цэрэнсугар нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх ба харин шүүхийн шатанд эмчилгээний 47.000 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч З.Хгаас гаргуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч З.Хд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.