| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0025/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 36
2020 01 06 2020/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Л.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Д.Мягмарбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба овогт Л.Бт холбогдох эрүүгийн 1911000001231 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хамба овогт Л.Б, Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймаг Баяннуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 19 дүгээр гудамж 584 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд: 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................................
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Соёмбо” нэртэй караоке орчим хохирогч Х.Мягмарбаатартай караокед үйлчлүүлсэн төлбөртэй холбоотойгоор маргалдаж улмаар түлхэж газарт унагаж эрүүл мэндэд нь “дух, хацар, эрүү, өвдөгт зулгаралт, цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тухайн өдрийн орой найз хүүхэнтэйгээ хамт караоке орсон. Гарах гээд текний хажууд зогсож байхад манай найз хүүхэн надад мөнгө байгаа гээд уусан пивоны тооцоог хийгээд гарсан. Гадаа гараад явж байхад мөнгөө өг гээд нэг хүүхэн араас ирээд татаад байхаар нь яах гэж байгаа юм бэ гэхэд тооцоогоо хий гэж хэлсэн. Бид нар тооцоогоо хийсэн гээд явах гэхэд явуулахгүй зууралдаад байсан. Надтай ноцолдоод зууралдаж явж байх үед бид хоёр давхралдаад газар унасан. Тэгээд босож ирээд такси бариад цааш явсан” гэв.
Хохирогч Д.Мягмарбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой би ажлаа тараад ганцаараа 7-н буудалд байх найзынхаа ажилладаг Соёмбо нэртэй караокед гэр лүүгээ харих замаараа орсон юм. Тэнд ортол манай найз хүүхэд караокедоо ганцаараа үйлчлэгч нар хамт байсан юм. Би найздаа туслаад байж байсан ба би 0,5 граммын сэнгүүр нэртэй пиво нэгийг задлаад уугаад сууж байсан ба цаад талд байх VIP өрөөнөөс Батбаяр, Нансалмаа гэх 2 хүн гарч ирээд нийтийн зааланд орж ирээд суусан. Би найздаа хүмүүсд үйлчлээд явж байсан ба манай найз хүүхэд Уранчимэг түрүүний VIP өрөөнөөс гарч ирсэн 2 хүн тооцоогоо хийхгүй гарчихлаа гэж хэлэхээр нь би заза гээд тэр 2 хүний араас нь гарсан. Би ардаас нь тооцоогоо хий гэж хэлтэл цаашаа зугтаасан би ардаас нь очоод хэлтэл би наад ажиллуулдаг хүнийг нь танина гэж хэлэхээр нь намайг тооцоогоо аваад ир гэж хэлсэн гэж хэлсэн ба би Батбаяр, Нансалмаа гэх хүнийг чангаахад Батбаяр намайг түлхээд би арагшласан ба Батбаяр намайг чангаагаад татаад би өөрөө тооцоогоо мэдэж байна гэж хэлээд түлхэлцсэн юм. Тэгээд түлхэлцэж намайг чангаагаад татаад унагасан юм ...” гэх мэдүүлэг /хх-8х/,
Хохирогч Д.Мягмарбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Миний нүүр хэсэгт сорви үүссэн. Л.Б надад өмнө нь нэг хэрэгт холбогдсон байгаа, битгий гомдолтой гэж хэлээч гэсэн. Би 200.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөөр ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэв.
Гэрч Э.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ажлын байрнаасаа гарч чаддаггүй найз Мягмарбаатарыг тооцоогоо хэлээдэх гэж хэлсэн. Мягмарбаатар ардаас гараад явсан ба 10 минут орчим болоод яагаад алга болчихсон юм бол гэж бодоод байж байтал гаднаас нүүрээ дарчихсан ороод ирсэн. Нүүр нь хувцас нь шороо болчихсон байсан. Би юу болсон талаар асуутал тооцоогоо хий гээд хэлтэл тоохгүй такси барих гээд байсан. Тэгээд тооцоогоо хий гээд таттал чамд ямар хамаатай юм гээд эрэгтэй нь такси бариад явсан, эмэгтэйг нь арай гэж дагуулж орж ирлээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13724 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Д.Мягмарбаатарын биед дух, хацар, хамар, эрүү өвдөгт зулгаралт, цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-15х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-26х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-33х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Соёмбо” нэртэй караоке орчим хохирогч Х.Мягмарбаатартай караокед үйлчлүүлсэн төлбөртэй холбоотойгоор маргалдаж улмаар түлхэж газарт унагаж эрүүл мэндэд нь “дух, хацар, эрүү, өвдөгт зулгаралт, цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Баас хохирлын 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мягмарбаатарт олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.050.000 (нэг сая тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.