Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 6373

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байр,  03 тоотод оршин суух Боржигон овогт Цэгмэдийн Золзаяа /Регистрийн дугаар ЧС74022502/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржгон овогт Дарамын Янжиндулам /Регистрийн дугаар ВТ75012101/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Иргэн Д.Янжиндулам нь Ц.Золзаяа надаас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох Зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин сууж, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” худалдааны төвийн зааланд талх, нарийн боов худалдаалдаг байсан бөгөөд зээлийн гэрээг зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажиллуулахаа больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгааг нь мэдэхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ц.Золзаяа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Янжиндуламыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Ц.Золзаяа нь зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2016/04365  дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

          Иймд, Д.Янжиндуламыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух хаягтай Боржгон овогт Дарамын Янжиндулам /Регистрийн дугаар ВТ75012101/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР