Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 6365

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

   Дугаар 101/ШШ2016/06365

Улаанбаатар хот

 

           

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......... гудамж, “Г” төрийн өмчит үйлдвэрийн газрын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..........тоотод байрлах, “Б” ХХК-д холбогдох

25.245.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Б” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх тухай гэрээ” байгуулан “Б” ХХК-ийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших “Х”-ын бал чулууны ордын дээжид технологи туршилтын ажил гүйцэтгэсэн.

Гэрээгээр тохирсон ажлын хөлс 29.700.000 төгрөг ба тус компани гэрээнд заасны дагуу ажил эхлэхээс өмнө 15 хувь буюу 4.455.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 85 хувийг гэрээгээр тохирсоны дагуу төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж захиалагч буюу “Б” ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг хүлээлгэн өгснөөр дуусгавар болох ба гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл гэж тохирсон.

Манай байгууллага гэрээний хугацаанд дээжид технологи туршилтын ажлыг гүйцэтгэж тайлангаа баталгаажуулсан ба Технологи туршилт, эрдэс чулуу судлалын лабораторийн эрхлэгч Ш.Ч нь “Б” ХХК-ийн ерөнхий геологич Ц.Энхбаттай холбогдон тайлангаа ав хэмээн мэдэгдсэн ба мөнгөтэй болохоороо авна гэсэн хариуг өгсөн байдаг.

Манай байгууллага гэрээний дагуу технологи туршилтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд дээжид хийсэн технологи туршилтын шинжилгээний хариу хэрхэн гарах бидэнд хамаагүй ба дээрх ажлын үр дүнгийн талаарх мэдээллийг ажил гүйцэтгэсэн инженер нь “Б” ХХК-ийн ерөнхий геологич Ц.Эмэдэгдэн эдний байгууллага тайлангаа авахгүй байгаа гэсэн таамаг бидэнд байгаа. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших “Х”-ын бал чулууны ордод хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах нь үр дүнгүй гэсэн үг.

“Г” төрийн өмчит үйлдвэрийн газар нь гэрээнд заасны дагуу дээжид технологи туршилтын шинжилгээний ажлаа хийж гүйцэтгэсэн тул хариуцагч “Б” ХХК-иас шинжилгээний ажлын үнэ 25.245.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” төрийн өмчит үйлдвэрийн газраас “Б” ХХК-д холбогдуулан гаргасан 25.245.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдье гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газар нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 25.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газар нь хариуцагч "Б" ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх гэрээ“ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Г” ТӨҮГ нь захиалагч “Б” ХХК-ийн тус “Г”-т ирүүлсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших “Х”-ын бал чулууны ордын дээжид технологи туршилтын ажлыг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр,

захиалагч буюу хариуцагч “Б” ХХК нь ажлын хөлсөнд 29.700.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

            /ХХ-ийн 6-8 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

            Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалагч буюу хариуцагч “Б” ХХК нь гэрээний 3.2-т зааснаар ажлын хөлсөнд 29.700.000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан даруйд 4.455.000 төгрөгийг төлсөн ба ажлын тал хувь хийгдсэний дараа 55 хувь, шинжилгээний ажлын үр дүнг захиалагч байгууллага хүлээн авсаны араа үлдэх 30 хувийг төлөхөөр тохирчээ.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Захиалагч буюу хариуцагч “Б” ХХК нь 25.245.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэмээн тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ“,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна“ гэж  заасан бөгөөд гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Г” ТӨҮГ нь гэрээнд заасны дагуу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших “Х”-ын бал чулууны ордын дээжид технологи туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн тул хийж гүйцэтгэсэн ажлынхаа үнийг шаардах эрхтэй байна.

 

            Иймд хариуцагч “Б” ХХК-иас 25.245.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “Г” ТӨҮГ-т олгох нь зүйтэй гэж үзэв.     

 

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаанд болохыг хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Бт шүүх хуралдаан болохоос 10 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэрээр мөн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс  хуралдааныг хойшлуулсан байна.

Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Шүүх “Г” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч “Б“ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд иргэн Д.Бт хувийн шалтгаан гарсан гэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 25.245.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 284.174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.САРАНГҮН