Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0166

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Ч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20201 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсөв орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2.12, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0300308 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдсэн, Улсын төсөв орлого, хяналтын газрын даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож шийтгэлийн хуудас шинээр үйлдсэн нь хууль зөрчсөн тухайд: Татварын улсын байцаагчийн өмнө үйлдсэн 211000046 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах актыг хүчингүй болгох, хялбаршуулсан журмаар дахин 0300308 дугаар шийтгэлийн хуудас үйлдэх процесс үйл ажиллагаанууд нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын заалтуудыг тус тус зөрчсөн, татвар төлөгч нь дээрх шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илт илэрхийлсэн байтал зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ гэж гомдол гаргасныг шүүх дүгнэж тайлбарлаагүй байна.

Тодруулбал, шинэчилсэн 0300308 дугаар шийтгэлийн хуудас үйлдэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, 211000046 дугаар актыг хуульд заасан хугацаанд Сангийн яаманд хүргүүлээгүй, Татварын ерөнхий (2008 оны хуучин хууль) хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар нэгжийн дарга санал гаргаагүй байхад актыг хүчингүй болгосон, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 07/115 дугаар албан бичиг нь хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр болоогүй хууль (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д орсон нэмэлт)-ийн заалтад үндэслэсэн байсан гэсэн гомдол гаргагчийн шаардлага үндэслэлийг шүүх дүгнээгүй байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын О /тэг/ хувь хэрэглэх талаар хууль, татварын байгууллагаас ирүүлсэн заавар-албан тоот, нотлох баримтыг үнэлээгүй тухайд: Гомдол гаргагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх заалт, Олон улсын агаарын тээврийн тухай Чикагогийн конвенц, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас олон улсын билетийн зуучлагч нарт хүргүүлсэн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 01-4/1560, 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 01-4/2138 дугаар албан бичгүүдийн дагуу тайлангаа гаргаж, гадаад нислэгийн тийзийн борлуулалтдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 /тэг/ хувиар ногдуулж ирсэн.

Гэтэл үүнийг татварын улсын байцаагч нар зөрчил гаргасан гэж тооцож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, алданги тооцож хариуцлага ногдуулсныг шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасныг гомдол гаргагч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Олон улсын гэрээг буруу тайлбарлаж дүгнэсэн тухайд: Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гол үндэслэл нь Иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн конвенцын 15 дахь заалт юм. Олон улсын чиглэлд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын тээврийн хөлөг, түүгээр зорчиж байгаа зорчигчид татвар ногдуулах тухай тус заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн конвенцын 15 дугаар зүйлд заасан “... хэлэлцэн тохирогч аль ч улс хэлэлцэн тохирогч нөгөө өөр улсын агаарын хөлөг, хөлгийн бүхээг дэх хүн, эсхүл хөрөнгөд нутаг дэвсгэрээр нь дамжин нисэн өнгөрөх, эсхүл нутаг дэвсгэр рүү нь нисэн орох, нутаг дэвсгэрээс нь нисэн гарах эрхийн төлөө ямарваа нэгэн хөлс, татвар, хураамж ногдуулахгүй” гэж заасныг гомдол гаргагч компанийн билет борлуулах үйлчилгээнд хамруулахгүй, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д заасан зуучлалын үйлчилгээ тул 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр баталгаажуулсан акт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэжээ. Энд шүүх хоёр алдаа гаргасан гэж үзэхээр байна.

3.1. Олон улсын гэрээ, Чикаго конвенцын 15-д заасан “хөлгийн бүхээг дэх хүн" буюу зорчигчид хил дамнан нисэх эрх буюу тийз борлуулахад нь аливаа татвар хураамж ногдуулж болохгүйг олон улсын гэрээгээр заажээ. Олон улсын гэрээнд Монгол улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрддөг. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь шууд бус, хэрэглээний татварын хувьд бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэн дээр нэмж хэрэглэгч талаас төлөгддөг татвар. Хэрэв гомдол гаргагч нь олон улсын нислэгийн тийзийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулбал тухайн зорчигч нь хэрэглэгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар төлөх үүрэгтэй болно. Энэ нь олон улсын гэрээний заалт зөрчихөд хүргэнэ Олон улсын нислэг үйлдэж байгаа дотоод гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчлэх үйлчилгээ нь (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.5 заалт) нэмэгдсэн өртгийн албан татварын 0 /тэг/ хувьд хамаардаг нь дээрх олон улсын гэрээтэй шууд холбоотой юм.

3.2. Шүүх олон улсын нислэгийн тийз зуучлан борлуулах үйл ажиллагаа нь Чикагогийн конвенцод хамаарахгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д хамаарна гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болно. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12 дахь заалт нь “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлчилгээ”-г тодорхойлсон заалт бөгөөд гомдол гаргагч тал энэ талаар маргаагүй. Харин тухайн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар хэдэн хувиар ногдох вэ гэдэг асуудал байгаа юм. О /тэг/ хувиар уу, 10 хувиар уу гэдгийг тогтоох асуудал юм. Гомдол гаргагч нь олон улсын гэрээний заалтын дагуу 0 хувиар ногдоно гэж гомдол гаргасан.

3.3. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 2 удаа албан бичгээр энэ талаар заавар ирүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар 0 /тэг/ хувиар ногдоно гэж зааварласан. Татвар төлөгч бид зааврыг мөрдөж ажилласан, татвар төлөгчийнхөө үүргийг биелүүлсэн. Гэвч энэхүү нотлох баримтыг ч үнэлээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх гомдлын шаардлага түүний үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, хууль, олон улсын гэрээг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 дахь хэсгийг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Э” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0300308 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...манай компани 1997 оноос хойш нислэгийн тийз борлуулах үйлчилгээ эрхэлсэн бөгөөд энэ хугацаанд нислэгийн тийз захиалга, борлуулах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, эсхүл нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувьд хамруулах талаар удаа дараа асуулга тавьж, уулзалт зөвлөгөөн болж байсан хэдий ч энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэдэггүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг байсан” гэж тайлбарлан маргасныг анхан шатны шүүх “... хэдийгээр гомдол гаргагчийн хүсэл зоригоос үл хамаарсан Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг тайлагнаагүй ч энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувийг хэрэглэх үндэслэл болохгүй” гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч “Э” ХХК нь онгоцны суудал захиалах, билет борлуулах, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “М” ТӨХК-тай байгуулсан “Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол улсын аж, ахуйн нэгж байгууллагатай байгуулах борлуулагч агентын гэрээ” болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;” 4.1.2-т ““бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг;” ойлгохоор тус тус заасан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:”, 7.2.12-т “Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Э” ХХК-ийн эрхэлдэг нислэгийн тийз борлуулах үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлтэй.

Гэтэл “Э” ХХК нь уг үйл ажиллагааг эрхэлж байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд гомдол гаргагчаас уг зөрчлөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;” 12.1.4-д “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;” гэж тус тус зааснаар манай эрхэлж буй ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулна гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гомдол гаргагчийн эрхэлдэг нислэгийн тийз борлуулах ажил, үйлчилгээ нь “М” ТӨХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тийзийг авиа компаниас тогтоосон үнээр хэрэглэгчид борлуулж, уг орлого нь авиа компанийн орлогоор бүртгэгддэг, тийз борлуулагчийн хувьд орлогоо авиа компаниас авсан шимтгэлийн орлогоор тодорхойлдог зуучлалын үйлчилгээ байх бөгөөд энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ болон мөн хуулийн 12.1.4-д заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд 0 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэх зохицуулалт болон “Олон улсын нислэгийн тухай конвенц”-ийн /Чикагогийн конвенц/ 15 дугаар зүйлд хамаарахгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын дээрх үйл ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-т зааснаар “зуучлалын үйл ажиллагаа” гэж тодорхойлон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр баталгаажуулан маргаан бүхий шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.

Учир нь хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсөв орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 21190500124 тоот удирдамжийн дагуу гомдол гаргагчаас Татварын ерөнхий газарт хандан гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө баталгаажуулах хүсэлтийн үндсэн дээр “Э” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийж улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэх үндэслэлээр “Э” ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ холбогдогчийн төлөөлөгч нарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн төлөөлөгчид танилцуулсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна хэмээн шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжид заасны дагуу “Э” ХХК-ийн санхүүгийн тайлан, тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт зэргийг шалгаад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй гэсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэстэй байх тул Улсын төсөв орлого, хяналтын газрын даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож шийтгэлийн хуудас шинээр үйлдсэн нь хууль зөрчсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан 211000046 дугаар актыг хуульд заасан хугацаанд Сангийн яаманд хүргүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар нэгжийн дарга санал гаргаагүй байхад актыг хүчингүй болгосон, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 07/115 дугаар албан бичиг нь хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр болоогүй хууль (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д орсон нэмэлт)-ийн заалтад үндэслэсэн байсан гэсэн гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ