Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00489

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2576 дугаар магадлалтай,

Д.Огийн нэхэмжлэлтэй

ХӨСҮТд холбогдох

Цалингийн зөрүүд 1 795 784 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХӨСҮТийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 2001 оноос 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан. ХӨСҮТийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/78 тоот тушаалаар харуулаар томилогдож урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр олгохоор болсон. Гэвч харуул хамгаалалтын төвийн хүний нөөцийн алба нь сард 626 562 төгрөгийн цалин олгож, урьд авч байсан цалингаас 78 078 төгрөг дутуу олгож байна. Иймд цалингийн зөрүү 1 483 472 төгрөгийг ХӨСҮТөөс гаргуулж өгнө үү. Мөн 2017 оны 06 дугаар сарын 01-ээс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 4 сарын цалингийн зөрүүг сард 78078 төгрөгөөр тооцож 312 312 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж нийт 1 795 784 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн байна. ХӨСҮТ нь Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 384 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 тоот тушаалаар нэхэмжлэгч болон бусад эмнэлгийн эмч, ажилчдын цалинд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 тоот тушаал болон 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/3 тоот тушаалын 5 дугаар хавсралтад заасан цалингийн шатлалаар буюу 626 526 төгрөгийн үндсэн цалин авч байсан талаар ХӨСҮТ-ийн захиргаанд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан шаардлагыг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан хариуцагч ХӨСҮТд холбогдуулан гаргасан цалингийн зөрүү 1 795 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 121 төгрөгөөс илүү төлсөн 4 416 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, үлдэх 48 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2576 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТийн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар Сүрьеэгийн тандалт судалгааны албаны жижүүр Д.Ог тус төвийн харуул хамгаалалтын албанд харуулаар томилж, урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр баталсан гэж үзсэн боловч ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчийн Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 384 дүгээр тоот тушаалын 1-дэх хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “ Зарим албан тушаалын ажилтны үндсэн цалинд өөрчлөлт оруулах тухай А/85 дугаар тушаалын хавсралтаар эмч ажилчдын цалинг баталж албаны жижүүр Д.Огийн үндсэн цалингаас 78,078 төгрөгийг хассан тушаал нь А/78 дугаартай тушаалыг гаргасан байдаг. Гэтэл Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 384 дүгээр тоот тушаалын 1 дэх хэсэгт нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх, эрх олгох тухай 123 тоот тушаалыг хүчингүй болгосон байдаг. Энэхүү тушаалд 8-н албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай байдаг боловч үүнд нь харуул хамгаалалт болон жижүүрийн цалин тусгагдаагүй байдаг. Үүнээс үзвэл Д.Огийн цалингаас хасаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү байдлыг Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг харгалзан үзсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс бодитоор олгосон цалингийн талаар дээрх тушаалын дагуу олгосон цалинг авсан цаг хугацаанаас эхлэн мэдсэн, мэдэх ёстой байсан атал 2017 оны 06-р сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-дүгээр заалтын 129.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Хэдий Д.О нь 2016 оны 04-р сарын 2-р хагасд цалингийн тооцооны хүснэгт дээр гарын үсэг зурсан байдаг боловч энэхүү үйлдлээрээ тус цалинг зөвшөөрсөн гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь Д.О нь хүний нөөцийн хэлтэсдээ удаа дараа үндсэн цалингаа авах талаар шаардлага тавьж байсан бөгөөд хүний нөөцийн албанаас ч мөн “бид үүнийг шийдвэрлэж үндсэн цалинг тань олгох болно” гэсээр 2017 оны 06 дугаар сард нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байсан. Иймд түүнийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч ХӨСҮТд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү 1 795 784 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

ХӨСҮТийн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаар тушаалаар Сүрьеэгийн тандалт судалгааны албаны жижүүр Д.Ог тус төвийн харуул хамгаалалтын албанд харуулаар томилж, урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр олгохоор баталсан байна.

Д.Огийн урьд авч байсан цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын удирдлагад “үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгосон” Эрүүл мэнд спортын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар тушаалаар тус тус тодорхойлогдож байжээ.

Харин Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 384 дүгээр тушаалаар үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгосон дээрх тушаалыг хүчингүй болгосон тул хариуцагч байгууллагын ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаал, түүний хавсралтаар эмч, ажилчдын цалинд өөрчлөлт оруулж, үүнд Д.О ТҮ-1-5 шатлалаар, үндсэн цалин 626 562 төгрөг болж, түүний цалин хөлс урьд авч байснаас 78 078 төгрөгөөр буурсан байна. /хх 3-4, 60-61/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...урьд авч байсан цалин, холбогдох нэмэгдлүүдийг хэвээр баталж, харуул хамгаалалтын албанд харуулаар томилсон 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаар тушаал хүчинтэй байхад цалинг урьд авч байсан хэмжээнд олгоогүй, ...цалин бууруулсан тушаалыг ажилчид эсэргүүцсэн тул урьд авч байсан хэмжээнд олгож байгаа атлаа манай албаны жижүүр нарын цалинг буурсан хэмжээнд олгож байгаа, ...энэ талаар гомдол гаргахаар байж бай, шийдэж өгнө гэсээр байгаад өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан...” гэжээ..

Нэхэмжлэгч Д.О нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалын дагуу, буурсан дүнгээр, 626 562 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-нээс авч, эрх нь зөрчигдсөн байхад 1 жил 6 сарын дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуулиар тусгайлан тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргана.” гэж заасан хугацааг нэхэмжлэгч баримтлаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үр дагавартай болно.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар хариуцагч тайлбар гаргасан, зохигч уг асуудлаар мэтгэлцсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг баримт шүүхэд өгөөгүй байна.

Ажил олгогч цалингийн зөрүүг шийдвэрлэж өгөхийг зөвшөөрч байсан гэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэнийг хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлоогүй тул хугацааг сэргээх боломжгүй, шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй  байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03274 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2576 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА