| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/7335/И |
| Дугаар | 6301 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 6301
| 2016 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2016/06301 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххх тоотод оршин суух, Г.Бийн /РД: ......./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Д.Бөд /РД: ........./ холбогдох
1.587.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр,
Хариуцагч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Эби хүү Г.Бэд 2014 оны 4 дүгээр сард Н.Т гэж хүнээс хххххххх улсын дугаартай спортаж маркийн авто машиныг амаараа тохироод зээлээр худалдан авч өгсөн. Уг машиныг аваад будганд оруулж мотор, амаритзатор, пүрш,бүх тульк резинүүд, наклад, аккумлятор, урд барбаныг нь комоор нь сольсон. Мөн 2 ширхэг дугуй авч тавьсан.
2014 оны 11 дүгээр сард Д.Б нь Г.Бээс уг авто машиныг 3.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болж түүний найз Т.Б машиныг гэрээс авч явсан. Машины үнийг 2015 оны 3, 4 дүгээр сараас өгнө гэсэн боловч тохирсон хугацаандаа өгөөгүй.
Ж.Эминий Хаан банкин дахь 0000000000 тоот дансаар 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн.
Машины мөнгийг удаа дараа шаардахад өгөхгүй байсан тул тус шүүхэд 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргахад Ж.Энамайг Г.Бийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад нэхэмжлэл гаргасан байна гэсэн.
Гэтэл Д.Б нь машины үнэ гэж шилжүүлсэн 1.500.000 төгрөгөө Ж.Энадад зээлсэн мөнгө гэж Орхон аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 758 тоот шийдвэрээр Д.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Д.Бөөс худалдан авсан машины үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөг, түүний өмнөөс 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлсөн 80.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт төлсөн 7.000 төгрөг, нийт 1.587.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Бэ нь хххххххх улсын дугаартай спортаже маркийн авто машиныг надад худалдсан мэтээр огт үндэслэлгүй гүтгэж, удаа дараа нэхэмжлэл гаргаж, чирэгдүүлж байна. Г.Бэ надтай машины наймаа хийгээгүй, энэ машин надад огт хамаагүй.
Г.Бийн ээж Ж.Эхарин надаас малын наймаанд явж байна, мал авах гэсэн, мөнгө байдаггүй, зээлээч гэхэд нь би түүнд 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 210.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 390.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.170.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 130.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.700.000 төгрөг зээлсэн.
Ж.Энь миний төрсөн дүү Д.Эийн эхнэр байсан учир би тус болох гэж зээлж байсан. Ж.Э, Д.Э нар малын наймаа хийдэг боловч хүнээс хүүтэй мөнгө зээлж, үгүй бол хүний мал зээлээр боруулж өгч дундаас нь ашиг олж, олон хүн тэжээдэг, хэцүү амьдралтай юм шиг харагддаг байсан.
Машины наймааны тухайд гэвэл миний найз Т.Б, Д.Эхоёрын хооронд хийгдсэн бөгөөд н.Б нь хххххххх улсын дугаартай спортаже маркийн авто машиныг 2.000.000 төгрөгөөр Д.Эас зээлээр худалдан авахаар ярилцсан.
Машины бичиг баримтыг бүрдүүлж, урд салхины шилийг сольж, 4 хаалганы түгжээг сольж, онгойдог болгоод мөнгөө өгч авалцахаар тохирсон гэж байсан.
Д.Э нь хэлсэндээ хүрээгүй учир машины наймаагаа буцсан гэж манай найз н.Б надад хэлж байсан.
хххххххх улсын дугаартай спортаже маркийн 2014 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант сум руу авч явсан бөгөөд тэнд манай ах Д.Бат-Оргилын хашаанд одоо болтол байгаа.
Энэ машины наймааны асуудал надад хамааралгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бэ нь хариуцагч Д.Бөд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд буюу авто машины үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөг, 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлсөн 80.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт төлсөн 7.000 төгрөг, нийт 1.587.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 38891 дүгээр захирамжаар Д.Бөд холбогдох авто машины үлдэх төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах тухай Г.Бийн нэхэмжлэлтэй хэрэгт Ж.Эийг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн, Г.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
/ХХ-ийн 29, 30 дугаар тал/
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 758 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Ж.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гуравдагч этгээд Г.Бийн авто машины үнэ 1.587.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэжээ.
Дээрхи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба Д.Б уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй гэж тайлбарлалаа.
/ХХ-ийн 31-35 дугаар тал/
Ж.Энь өөрийн хүү Г.Бэд 2014 оны 4 дүгээр сард иргэн Н.Тээс хххххххх улсын дугаартай спортаже маркийн авто зээлээр худалдан авч өгсөн гэж тайлбарласан ба авто машины төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг нь хүү Г.Бийн нэр дээр шилжүүлэхээр тохирч, авто машиныг Г.Бэ нь 2014 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшилдээ авсан гэж тайлбарлаж байна.
Эд хөрөнгийг худалдан авч буй этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тул Н.Т, Г.Бэ нарын хооронд 2014 оны 4 дүгээр сард авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
хххххххх улсын дугаартай спортаже маркийн авто машины өмчлөгч Н.Т өөрийн өмчлөлийн хөрөнгөө Г.Бэд 1.500.000 төгрөгөөр худалдсан тухайгаа хүлээн зөвшөөрч хожим энэ талаар Н.Т, Г.Бэ нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
/ХХ-ийн 63 дугаар тал/
Хэргийн 34-35 дугаар талд авагдсан гэрч Б.Мөнхбатын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгт:
“...намайг Д.Э ахынд ороход Т.Б ах гэрт нь ирсэн байсан. Г.Бийн машиныг Д.Б ах зээлээр авна гэхэд өгөхгүй гэсэн. Ж.Ээгчийг Д.Э ах Д.Б ах утсаар ярь гэсэн. Ж.Ээгч Д.Б ахтай утсаар ярьчихаад машиныг 3.000.000 төгрөгөөр авья гэж байна, мөнгийг нь 3, 4 дүгээр сард барилгын үлдэгдэл мөнгө орж ирэхээр өгнө гэж байна гэхэд Д.Э ах өгчих, хавар мөнгийг нь авчихна гэсэн. Машиныг Хөвсгөл рүү Т.Б ах унаад явсан“ гэжээ.
/ХХ-ийн 34-35, 75-87 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заажээ.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Г.Бийн авто машиныг 2014 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан, мөнгийг нь 2015 оны 3, 4 дүгээр саруудад өгөхөөр тохирсон нь гэрч Б.Мөнхбатын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Б нь авто машиныг өөрийн өмчлөлд буюу Хөвсгөл аймгийн Рашаант суманд өөрийн ах Д.Бат-Оргилын хашаанд хадгалж байгаа нь Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон болно.
Худалдагч буюу нэхэмжлэгч Г.Бэ нь хариуцагч Д.Бөд авто машиныг хүлээлгэн өгсөн байтал худалдан авагч буюу хариуцагч Д.Б худалдан авсан хөрөнгийн үлдэх үнэ 1.500.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж заасны дагуу авто машин худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцагчаас нэхэмжлэгч нь хохирол буюу 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлсөн 80.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт төлсөн 7.000 төгрөг, нийт 87.000 төгрөгийг шаардах эрхтэй.
/ХХ-ийн 25-28 дугаар тал/
Иймд хариуцагч Д.Бөөс 1.587.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бэд олгох нь зүйтэй.
Т.Б нь маргаж буй авто машиныг 2014 оны 11 дүгээр сард Д.Эас 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэх боловч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учир нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Бөөс 1.587.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 40.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН