Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 137

 

 

                                                           

           

                              

 

 

 

2020        02          12                                    2020/ШЦТ/137

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

Хохирогч Н.Саярангул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамбагад овогт Тэгштөрийн Мөнхтулгад холбогдох эрүүгийн 1911030511319 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Хамбагад овогт Тэгштөрийн Мөнхтулга, Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-706 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд:Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд багтааж бүгд 3 жил хорих ял шийтгэсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХИ84021611/.

                                                                                                  

         Шүүгдэгч Т.М /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-369в тоотод оршин суух Д.Шурагийн гэрээс Самсунг нөүт 2, ай фоне 6, нокиа загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 354.000 төгрөгний хохирол учруулсан,

        2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шиджих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 22 дугаар байрны орцонд Н.Саярангулын эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэн авахаар довтолсон,

        Дээрх “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ Н.Саярангулын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.Мас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. айфоне 6 загварын гар утас Шура эгчийн цүнхэн дотор байсан, Самсунг нөүт 2 загварын гар утас орны дэргэд байсан. Нокиа загварын гар утас ширээн дээр байсан. Амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг үйлдлийг хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-75-76х/,

Шүүгдэгч Т.Мас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би ерөнхийдөө тэнэмэл байдлаар амьдардаг. 2019 оны 04 дүгээр сар бил үү 05 дугаар сард орцонд унтаж байгаад Энхболд гэх залуутай танилцсан, тэрбээр надад халуун цай өгч танилцаж байсан. Энхболд нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар байрны гражийн хамгаалагчаар ажилладаг юм. Түүнтэй танилцсанаас хойш ажилд нь туслаад хааяа ирж очдог байсан юм, сүүлийн үед түүнтэй хамт амьдарч байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гадуур явж байгаад шөнийн 02 цагийн үед Энхболдын гражийн ажлын байран дээр очиход Энхболд байгаагүй, хамгаалагч Мэндсайхан нэг эмэгтэйтэй хамт пиво уугаад сууж байсан, удалгүй пиво ууж дуусаад эмэгтэй нь гэр лүүгээ орох гээд явахаар нь түүнийг оруулж өгөхөөр лифтэнд хамт суусан, тэр хүүхэн юу ч ярихгүй байсан. Тэгээд 4 давхарт гараад лифтнээс буухаар нь амыг нь баруун гараараа таглаад зүүн гараараа хувцаснаас нь татаад 3 давхар луу буух гэтэл тэр эмэгтэй авраарай, аллаа гээд чанга орилж чарлаад байхаар нь доошоо зугтчихсан юм. Би тэр эмэгтэйн гар утсыг нь авах гэж хамт лифтэнд суугаад 4 давхарт гарахаар нь өөрийнхөө баруун гараар амыг нь тагласан, доошоо 3 давхарт чирч буулгаад цүнхнээс нь гар утсыг нь авах гэж байсан юм. Би тэр эмэгтэйг ямар утас барьдагийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ухаалаг, үнэтэй утас барьдаг юм шиг байна лээ, түүнийг 4-5 хоногийн өмнө машинаа гражид тавьчихаад утсаар яриад явж байхад нь харсан. Тэр үед дараа нь энэ эмэгтэйн гар утсыг нь авах сэдэл төрсөн юм. Тэгээд тэр өдөр цүнхнээс нь гар утсыг нь авах гэтэл тэр эмэгтэй чанга орилоод байхаар нь зугатчихсан юм. Ер нь гар утсыг нь зарах бодолтой байсан. Би тэр эмэгтэйг ер нь бол танихгүй, манай байрны оршин суугч, гражинд машинаа тавьдаг учраас зүс танина ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэр эмэгтэйн амыг нь өөрийнхөө баруун гараараа таглаад хойд талаас нь доошоогоо дараад унагаах гэтэл миний гар хальтиргаад улмаар тэр эмэгтэй “авраарай” гээд орилохоор нь би шууд байрнаас гараад зугтсан. Би амыг нт таглаж гар утсыг авах гэж байсан. Миний санаж байгаагаар тэр эмэгтэй 1 ухаалаг загварын том гар утастай /өнгө, маркийг нь мэдэхгүй байна/ байсан ба гэхдээ гар утсыг нь авч чадалгүй би зугтаж явсан ...тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба архины мөнгө олох гээд дээрх гэмт хэргийг үйлдсэн. Ерөнхийдөө надад шунахайн сэдэл байгаагүй, архи ууснаасаа болоод ийм үйлдэл хийчихлээ ...” гэх мэдүүлэг /хх-31х/,

Хохирогч Д.Шурагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-369в тоотод амьдардаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад манай талийгаач охин С.Мөнхзултай үерхэж байсан залуу болох Тэгштөр овогтой Мөнхтулга ирсэн. Би ирсэн шалтгааныг нь мэдэхгүй ч миний мэндийг асуугаад бие хаа гайгүй юу гэсэн. Тэгээд манай гэрт орсон бөгөөд би тухайн үед гадаа хувцас угааж байсан байсан болохоор тэрийгээ хатаагаад эргээд удалгүй орсон чинь Мөнхтулга байхгүй байсан. Тэгээд утсаараа ярих гэтэл миний зурагтын тавиур дээр байсан Нөүт-2 маркийн гар утас байхгүй байхаар нь гайхаад цүнхэндээ байсан Нокиа маркийн гар утас, Айфоне-6 маркийн гар утаснуудаа үзсэн чинь бас байхгүй байхаар нь Мөнхтулга аваад явсан юм байна гэж бодоод цагдаад хандсан ...Мөнхтулга манай талийгаач охин С.Мөнхзултай 2005 оны үед үерхэж байсан юм. Тухайн үед ээж, аавгүй гээд манай гэрт 6 сар орчим болсон. Намайг гадаа хувцас угааж байхад Мөнхтулга гэр лүү орсон юм. Тэгээд би 10-20 минутын дараа эргээд орсон чинь байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-58-59х/,

Хохирогч Н.Саярангулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Байрны доор байдаг гражид машинаа тавьчихаад дуудлагын жолоочийг явуулчихаад тухайн үед гражийн манаач Мэндээ ах гарч байхаар нь би архиныхаа үнэрийг гаргангаа Мэндээ ахад машин дотор байсан 2 ширхэг пивоо өгөөд хэсэг юм яриад суусан ...нэг мэдсэн шөнийн 02 цаг болчихсон байсан, энэ үед зүс таних залуу ороод ирсэн. Тэгтэл Мэндээ ах тэр залууд Оюукаг дээшээ гаргаад өгчих, зүүрмэглээд байна гэтэл тэр залуу дуулгавартай нь аргагүй за гэсэн. Тэгээд тэр залуутай хамт лифтэнд суугаад 4 давхарын товчлуур дээр дарчихаад зогсож байтал нөгөө залуу нь гэнэт над руу дайраад 2 гараараа хувцасны энгэрээс бариад авахаар нь би гайхаад “чи яаж байгаа юм бэ” гээд түүнийг хойш нь түлхсэн чинь намайг шууд гараараа баруун шанаа руу нэг удаа шанаадсан, тэгэхээр нь би гайхаад “ёооё чи яаж байгаа юм бэ” гэтэл лифт 4 давхар дээр ирээд хаалга онгойхоор нь гараад шатаар бууж зугтах гэтэл хойноос шууд түлхээд унагачихаад дээр дарж суугаад ороолтоор хоолой боогоод ам таглаад байсан. Би чангаар орилох гэсэн боловч хамар дээр гараа тавьчихаад амьсгалах боломжгүй болтол аман дээр дараад болохгүй байсан би арайхийж хамаг хүчээрээ түүнийг түлхээд хойш нь унагасан чинь шууд босоод зугтчихсан. Би босоод араас нь гүйж гараад Мэндээ ахад болсон асуудлыг хэлээд камерын бичлэг шүүсэн, тэр залуу зугатаад гараад гүйчихсэн, тэгээд тэр өдрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй маргааш нь цагдаад өргөдөл өгсөн юм. Тэр залуу 2019 оны 06 дугаар сараас манай граж дээр 2 манаачид туслаад заримдаа 2 манаачийг байхгүй үед ажиллаж байсан. Тэр залуу нэг л их сэжигтэй харагдаад байхаар нь би Мэндээ ахад энэ залуу юун хүн бэ, орж гарах болгонд аймаар хараад байх юм гэтэл наад залуу чинь манаач Энхболдын дүү шүү дээ гэж хэлэхээр нь тайвшраад юм бодоогүй. Тэр залуу огт юу ч дуугарахгүй над руу дайрсан, би бодохдоо тэр залуу намайг согтуу байсан учраас ухаан алдуулчихаад эд зүйлийг минь авч явах гэж байсан байх гэж бодож байна. Хэрвээ намайг хүчиндэх гэж байсан бол хувцас хунар тайлах гэж оролдох байсан. Тэр залуу намайг шат руу түлхэж унагасны улмаас шилэн хүзүү гоёодсон юм шиг чангараад өвдөөд байгаа, би 10 хоног бариа хийлгэсэн, мөн ажилдаа явж чадаагүй, одоо болтол шилэн хүзүү өвдөөд байгаа, мөн тэр өдрөөс хойш сэтгэл санаа түгшүүртэй айдастай явж байна. Надад одоогоор эмчилгээний 10 хоног 40.000 төгрөгөөр бариулсан, шүүх эмнэлэгт 8000, толгойн томографид 120.000 төгрөгөөр үзүүлсэн, ингээд нийт 528.000 төгрөгийн бодит зардал гарсан байна. Би эмчилгээний мөнгөө нэхэмжилж авмаар байна. Би хувиараа гоо сайхан ажиллуулдаг, өдрийн 200.000 төгрөгний орлоготой байдаг, 10 хоног ажилдаа явж чадаагүй учраас энэ мөнгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Хохирогч Н.Саярангулаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр би шөнийн 11 цаг 40 минутад орж ирсэн. Найзынхаа төрсөн өдөрт яваад дуудлагын жолооч дуудаж машинаа байрлуулсан. Тэгээд Мэндээ ахад 2 ширхэг пиво өгсөн. Тэгээд бид хоёр шөнийн 2 цаг хүртэл юм яриад сууж байсан чинь Тулгаа жоохон халамцуу орж ирсэн. Мэндээ ах Тулгаад “чи дээшээ гаргаад өгчих” гэж хэлэхэд Тулгаа намайг дээшээ гаргаж өгөөд лифтэнд суугаад шууд хоолойноос багалзуурдсан. Тэгэхээр нь “хүүе чи яаж байна аа” гэж хэлээд лифтний товчийг 4 дүгээр давхар дээр дарсан байсан. Лифтнээс буугаад гэр рүүгээ орох гэтэл намайг шат руу унагаасан. Дараа нь миний хүзүүний ороолтоор хоолой боосон. Тэгээд би хамаг чангаараа охиноо дуудахад Тулгаа зугтаасан. Би доошоо бууж Мэндээ ах болон бас нэг хүн байсан. Тэр хоёр хүнийг гэрч болоод өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гэж байсан чинь Мэндээ ах Тулгааг таньдаг юм чинь гээд Энхболдод хэлэхэд маргааш нь цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн. Би 10 өдөр ажилдаа яваагүй. Салон ажиллуулдаг болохоор өдөрт 4-5 хүн ордог. Өдрийн орлого ойролцоогоор 200.000 төгрөг учраас 10 хоногийн 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Гэрч И.Мэндсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 40 минутын үед ажлаа хийж байхад манай байрны оршин суугч Оюука гэх эмэгтэй /Оюука нь казак эмэгтэй, казак нэрийг нь мэдэхгүй монгол нэрийг нь Оюука гэдэг юм, манай байрны гражид машинаа тавьдаг юм/ дуудлагын жолоочоор машинаа бариулж ирсэн, тэгээд жолооч нь явсаны дараа машинаасаа 2 пиво авчирч өгсөн, өөрөө архиа гаргачихаад орно, охиноосоо санаа зовоод байна гээд надтай хэсэг юм ярьж суусан, би өгсөн пивыг нь уугаад Оюука уугаагүй үүрэглээд суугаад байсан, энэ үед манайд ажилладаг Мөнхтулга гэх залуу орж ирэхээр нь Оюукаг дээшээ гэрт нь оруулаад өгчих гээд тэр 2 лифтэнд суугаад дээшээ гарсан, удаагүй Оюука гүйж ирээд нөгөө залуу чинь намайг шат руу түлхэж унагаагаад цамц гэлүү ороолтоор хүзүү ороосон боосон хүзүү улайчихсан байна, хаашаа гараад явчихав гээд өөрөө камер шүүж үзсэн, камерийн бичлэгээр лифтэнд сууж байгаа бичлэг байсан. Мөнхтулга нь шатаар буугаад гүйгээд гарч байгаа нь харагдаж байсан. Тэгээд Оюука нь цагдаад өргөдөл өгсөн юм байна лээ. Оюука нь надад хэлэхдээ намайг боож унагаад эд зүйлсийг минь авах гэсэн байх, хүчиндэх байсан бол хувцас хунар ч юм уу тиймэрхүү үйлдэл гаргах байсан байх гэж байсан. Би гэхдээ Мөнхтулга нь яг ямар үйлдэл гаргасныг хараагүй. Манай нөгөө жижүүр Энхболд нь өнгөрсөн жил Мөнхтулга гэх залууг ойр зуурын ажил хийлгэж байгаад хөдөө ажилд оруулж өгөөд явуулсан, тэгээд бид 2 дээр хааяа ирж тусалдаг, би бол нэг их сайн танихгүй, Энхболдын дүү л юм байх гэж бодоод Мөнхтулга гэх залууд итгээд ойр зуурын ажил хийлгэдэг байсан. Би тухайн үед Оюука зүйрмэглээд суугаад байсан, мөн халамцуу байсан учраас Мөнхтулгыг хөнгөн шингэнээрээ дээшээ гэрт нь аюулгүй оруулаад өгчих гэж тус болох үүднээс л тэгсэн хэлсэн, тэгснээс ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй. Мөнхтулгыг тийм үйлдэл гаргана гэж бодоогүй, гайгүй залуу шиг л санагддаг юм ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №14087 тоот дүгнэлтэнд:

“1. Н.Саярангулийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22х/,

“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “нийт 354.000 төгрөг” /хх-67-68х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9х/,

Шүүгдэгч Т.Мөнхтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-82х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /85-87х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-369в тоотод оршин суух Д.Шурагийн гэрээс Самсунг нөүт 2, ай фоне 6, нокиа загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 354.000 төгрөгний хохирол учруулсан,

        2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шиджих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 22 дугаар байрны орцонд Н.Саярангулын эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэн авахаар довтолсон,

        Дээрх “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ Н.Саярангулын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 354.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Мөрдөн шалгах ажиллгааны үед шүүгдэгч Т.М нь хохирогч Д.Шурад энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 350.000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогч Н.Саярангулд 528.000 төгрөгийг тус тус төлсөн байх ба хохирогч  Н.Саярангул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 75 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.