Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 6374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 38а байр, 909 тоотод оршин суух Тайчууд овогт Доржсүрэнгийн Жавзансүрэн /Регистрийн дугаар ЧП85031465/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 115 дугаар байр, 52 тоотод оршин суух Бум овогт Бямбачулууны Гэрэлбаатар /Регистрийн дугаар УУ90120512/-т холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 1,950,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, хариуцагч Б.Гэрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд өгсөн тайлбартаа: “Доржсүрэн овогтой Жавзансүрэн би Англи улсын Лондон хотод 2009 онд Б.Гэрэлбаатартай танилцаж үерхээд удалгүй хамт амьдарч, жирэмсэн болсон. 2010 оны 11 дүгээр сард Монголдоо хүүхдээ төрүүлж амьдрахаар хамтдаа ирсэн. Монголд ирээд Б.Гэрэлбаатарын гэрт хамт амьдарч байсан боловч ээж нь биднийг суулгахгүй гэж лам бөөгөөр явж, элдвийн юм хийлгэсэн гэдгийг Б.Гэрэлбаатар надад өөрөө хэлж байсан. Эгч нь хүртэл намайг гэдсээ чирч ирчихээд гэх зэргээр доромжилсон. Гэр бүлийнхнээсээ намайг хамгаалж ч чадаагүй, тэр удалгүй зан ааш нь хувирч, надтай суухгүй, амьдарч чадахгүй гэх болсон. Бид хоёр намайг 7 сартай жирэмсэн байхад гэр бүлээс нь болж салсан. Ингээд миний охин Жавзансүрэнгийн Үжин 2011 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн. Би өөрөө оюутан тул өнөөдрийг хүртэл эцэг, эх, ах, эгчийнхээ дэмжлэгтэйгээр охиноо өсгөн тэжээн тэтгүүлж байна. Охиныг төрсөнөөс хойш Б.Гэрэлбаатар хоёр удаа ирсэн. Түүнээс хойш буюу 2011 оны 09 дүгээр сараас хойш огт холбоогүй өдийг хүрч байна. Түүний хүсэлтийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж охин Ж.Үжин нь Б.Гэрэлбаатарын хүүхэд мөн гэсэн дүгнэлт гарсан. Иймд миний охины эцэг Б.Гэрэлбаатараас хуулийн дагуу сар бүр хүүхдийн тэтгэлгийг гаргуулахын зэрэгцээ 2013 оны 09 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарыг дуустал хувийн цэцэрлэгт явуулсан төлбөрийн 50 хувь болох 1,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэв.

Хариуцагч Б.Гэрэлбаатар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Гэрэлбаатар би нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүснэ. Хэрэв эцэг тогтоох шинжилгээгээр эцэг мөн болох нь тогтоогдвол хүүхдийн тэтгэлэг өгөхөөс татгалзахгүй. Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд Б.Гэрэлбаатар надаас хүүхдийн тэтгэлэг, цэцэрлэгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Танай шүүх Д.Жавзансүрэнгийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх “нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа” хэсгийг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгийг үндэслэн Д.Жавзансүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч Б.Гэрэлбаатар би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасны дагуу хүүхдийн эцгийг тогтоолгох хүсэлтэй байна. Хэрэв эцэг тогтоох шинжилгээгээр эцэг мөн болох нь тогтоогдвол хүүхдийн тэтгэлэг өгөхөөс татгалзахгүй” гэжээ.

 

Хариуцагч Б.Гэрэлбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Хариуцагч Б.Гэрэлбаатар би Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Сар бүрийн хүүхдийн тэтгэлгийг өгөхөөс татгалзах зүйлгүй боловч хувийн цэцэрлэгт явуулсан төлбөрийн 50 хувь болох 1,950,000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. Учир нь би өөрөө хэрэглээний зээлтэй ба ам бүл дөрөв, дүү маань арван жилээ удахгүй төгсөнө. Мөн манай гэр бүлд ганц ажил хийдэг хүн нь би тул миний хүсэлтийг хүлээн авна уу” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 1,950,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Гэрэлбаатар эс зөвшөөрч хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Зохигч Д.Жавзансүрэн, Б.Гэрэлбаатар нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний  дундаас 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Жавзансүрэнгийн Үжин /Регистрийн дугаар УШ11260726/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000756864, Г-2572 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Мэндцолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, хүүхэд эхийн асрамжид амьдарч байгаа нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хариуцагч Б.Гэрэлбаатарын хүсэлтийн дагуу хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2561 дугаартай дүгнэлтэд “...Б.Гэрэлбаатар нь Үжингийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна” гэжээ. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

 

Охин Ж.Үжин одоо төрсөн эх Д.Жавзансүрэнгийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн  хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Ж.Үжинг төрсөн эх Д.Жавзансүрэнгийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Гэрэлбаатараар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Охин Ж.Үжинг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Д.Жавзансүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Б.Гэрэлбаатарт саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн нь охин Ж.Үжингийн 2013 оны 09 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарыг дуустал хувийн цэцэрлэгт явуулсан төлбөрийн 50 хувь болох 1,950,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б.Гэрэлбаатар нь эрхэлж буй ажил, өрхийн орлогоос хамаарч сард 100,000 төгрөгийг өгөх боломжтой гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул 1,950,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 19 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийг эцэг Б.Гэрэлбаатараас гаргуулах нь зүйтэй байна.

 

Зохигчид өөр эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Бум овогт Бямбачулууны Гэрэлбаатар /Регистрийн дугаар УУ90120512/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн асрамжид байгаа 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Жавзансүрэнгийн Үжин /Регистрийн дугаар УШ11260726/-г   11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1,950,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 19 сарын хугацаанд эцэг Бум овогт Бямбачулууны Гэрэлбаатар /Регистрийн дугаар УУ90120512/-аас сар бүр 100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 46,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 46,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд олгох, хариуцагч Б.Гэрэлбаатараас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,003 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Гэрэлбаатараас гаргуулах хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦЭРЭНДОЛГОР