Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг, Тавины 2-3 тоотод оршин суух Бүс овогт   холбогдох зээл, зээлийн хүү, торгууль 1837318 /нэг сая найман зуун гучин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх сан /дарга г/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын 3-р багийн иргэн нь 2012 оны 9 сарын 3-ны өдөр ‘’Караоке зочид буудал’’ төслийг  хэрэгжүүлэх зорилгоор Адаацаг сумын Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хувиарийн дагуу төлж барагдуулаагүй байна. 2016 оны 7 сарын 19-ний байдлаар үндсэн зээлийн 1.612.360 төгрөг, хүү 39031 төгрөг, мөн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 185927 төгрөг, нийт 1.837.318 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 4-т заасны дагуу 1837318 төгрөгийг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сум хөгжүүлэх сангаас зээл аваад үлдэгдэл мөнгөө төлж барагдуулахгүй байгаа учраас Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх санг өргүй болгож, хохирлыг барагдуулах. Зээлийн гэрээнд заасан хүү, эргэн төлөлтийн хүү, нийт 1837318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчтай уулзаад тань дээр зээл байдаг юм байна. Энэ зээл чинь төлөгддөггүй юм байна гэсэн чинь наад зээл чинь надтай огт хамаагүй. Наад зээлийг чинь караокены машин түрээсэлдэг С.Алтай гэдэг хүн төлнө гэж хэлсэн. Тэгээд би даргаас асуусан чинь караокены машин Ж.Эрдэнэ-Очирынх. С.Алтай Ж.Эрдэнэ-Очиртой тохиролцоод үлдсэн мөнгийг нь төлөхөөр болсон гэж хэлсэн. Би С.Алтай гэдэг хүнтэй очиж уулзаад та Ж.Эрдэнэ-Очир гэдэг хүний зээлийн үлдэгдэл мөнгийг төлөх ёстой юм байна гэсэн чинь төлнө гэж хэлчихээд төлөөгүй. Манайх шүүхээр явдаггүй. Мэдэгдэл өгөөд зээлээ төлүүлдэг байсан. Энэ зээлийн хугацаа хэтэрсэн учраас шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2012 оны 9 сарын 3-ны өдөр караоке, зочид буудал төсөл хэрэгжүүлэх зорилгоор Адаацаг сумын Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийн зээл 3 жилийн хугацаатай авч  ЗДТГ-ын харъяа ‘’Цацал’’ зочид буудлыг түрээслэн ажиллуулах хугацаандаа шинэ караокены тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь авч ажиллуулж байгаад 2 сар гарны дараа буюу 2012 оны 11 сард тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоож энэ тухайгаа Сумын Засаг дарга Ж.Батхөлөгт хэлэхэд тэр үйлчилгээгээ зогсоосон бол төслийн мөнгөө татна, үлдэгдэл мөнгөө төл, гэхдээ караокегоо иж бүрнээр нь төслийн мөнгөндөө суутгаж, манай ЗДТГазар авч ‘’Цацал’’ зочид буудлынхаа хамт дараа дараагийн улсад түрээслэж байна. Тэгээд үлдэгдэлээ төл гэсний дагуу би ЗДТГ-ын нягтлан Ц.Алтансарнайд очиж зээлийнхээ үлдэгдэлийг харуулахад 1682000 төгрөг байна гэсний дагуу би караокегоо 1612000 төгрөгөнд авсан үнэнд нь бодож өгөөд зөрүү 70000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд хийсэн. Тэгээд ‘’Цацал зочид буудлыг хүлээлгэж өгөхдөө буудлын бүх эд зүйлийн хамт, караокегоо иж бүрнээр нь ЗДТГазрын нярав Урантуяад өгсөн. Ингэж хүлээлгэн өгсний дараа Батхөлөг дарга чи  надад караокены бичиг баримтыг авчирч өг гэсний дагуу би караокены бичиг баримт, үнийн дүн 1 жилийн баталгааны хамт өөрт нь өгсөн. Энэ зээлийг би ингээд хаагдсан гэж бодож байсан. Тэгсэн 2016 оны 2 сард Сум хөгжүүлэх сангийн ажилтан Цэрэндолгор ирж намайг дагуулж аймаг ороод эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Би иргэж ирээд Батхөлөг даргад энэ ямар учиртай юм бэ, та бид хоёр ингэж тохироо биз дээ, би танд бичиг баримтыг нь өгсөн  биз дээ гэсэн чинь Батхөлөг дарга би хүний юм авдаггүй, чи миний өрөөнөөс тэр бичиг баримтаа ухаад гаргаад ир, тийм баримт байхгүй, чи надад өгсөн юм бол гарын үсэг байх ёстой, хүлээлгэж өгсөн гарын үсгээ аваад ир гэсэн. Би бичиг баримт аваачиж өгөхдөө Батхөлөгөөс гарын үсэг аваагүй. Энэ том дарга хүнийг 3-н жилийн дараа  ингэж намайг луйвардаж, гүжирдэнэ гэж бодоогүй. Ингээд би нярав Урантуяатай уулзаж би өөрт чинь хүлээлгэж өгсөн буудлын эд зүйлийн доор сүүлд нь караокегоо хүлээж авъяа гээд  бичсэн шүү дээ, байгаа гэхэд чи тэгвэл тэр хүлээлгэж өгсөн гарын үсгээ аваад ир гэсэн. Би бол хүлээж авлаа гэж дээр нь гарын үсэг зурсан ганц хувь баримт хийгээд тэр баримтыг Урантуяа аваад явсан. Тэрийг нь хэлсэн чинь шар буудлын холбогдолтой бичиг баримтыг цагаан сарын үеэр шатаасан, тэрэнд шатаагдсан гэсэн.  Тэгэхээр нь би та нар өөрт хэрэгтэй зүйлээ авч үлдээд хэрэггүй зүйлсээ шатаадаг юм уу гэсэн чинь Урантуяа та нар өөрсдөө яагаад үнэтэй цайтай юмаа үлдээгээд явдаг юм гэж хэлж байсан. Надаас караокег хүлээж авчихаад одоо тэнд үлдээгээд явсан мэтээр дайрч байгаа юм. Надаас хойш тэр караокег манай сумын  ХААН банкны эрхлэгч Болор-Эрдэнэ, сургуулийн ажилтан Алтай нар түрээсэлж ажиллуулсан. Бүгд захиргааны нярав Урантуяагаас хүлээж авч, хүлээлгэж өгсөн гэдэг. Одоо ч гэсэн Нарантуяа гэж хүн ажиллуулж байгаа. Энэ 3 жилийн хугацаанд зээлийн хэтрэлттэй гэж нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Зээлийг сар бүрийн 2-ны өдөр төлдөг. Сарын 3, 4 болох л юм бол зээлийн ажилтан араас нь хөөцөлддөг байсан. Нэг, хоёр сар хэтэрвэл шүүхэд өгдөг. Гэтэл 3-4 жил ямар ч чимээгүй байсан. Би энэ зээлийг төлсөн учраас энэ мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх сан нь Ж.Эрдэнэ-Очироос зээл, зээлийн хүү, торгууль 1837318 /нэг сая найман зуун гучин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тухайн зээлийг төлсөн тул дахиж төлөхгүй гэж маргажээ. 

Хариуцагч Ж.Эрдэнэ-Очирт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

  1. 2012 оны 9 сарын 3-ны өдрийн 25 дугаартай  Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 3-4-р хуудас/
  2. Эд хөрөнгийн тооллогын бүртгэл /хэргийн 21-32-р хуудас/
  3. Гэрч Ө.Болор-Эрдэнэ, С.Алтай, Ч.Урантуяа нарын мэдүүлэг /хэргийн 36-39, 54-р хуудас/ зэрэг болно.

Зохигчийн хооронд 3000000 /гурван сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 3-р хуудсанд авагдсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 / зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ/, 281.2 /мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно/, 282 дугаар зүйлийн 282.3 /........ хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ/ дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байна.

Иймд зээлдүүлэгч болох Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх сан нь зээлдэгч болох Ж.Эс зээлийн гэрээний дагуу 1837318 /нэг сая найман зуун гучин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөгийг шаардах эрхтэй боловч үндсэн зээл 1612360 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга гурван зуун жар/ төгрөг, хүү 39031 /гучин есөн мянга гучин нэг/ төгрөг, торгууль 185927 /нэг зуун наян таван мянга есөн зуун хорин долоо/ төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2014 оны 8 сарын 2-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлээ нэхэмжилж байна гэдэг. Хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2014 оны 8 сарын 2-ны өдрөөс хойш зээл төлөөгүй бол зээлийн үлдэгдэл  1190000 /нэг сая нэг зуун ерэн мянга/ төгрөг болох нь  Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 1-р хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч үндсэн зээл 1612360 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга гурван зуун жар/ төгрөг нэхэмжилж байгаа нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хүү 39031 төгрөг болон зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар торгууль 185927 /нэг зуун наян таван мянга есөн зуун хорин долоо/ төгрөг  гэж нэхэмжилж байгаа нь хэдэн төгрөгийн үнийн дүнгээс хүү, торгууль тооцож байгаа нь тодорхойгүй мөн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч хэдэн төгрөгийн зээл төлсөн, хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь мөн баримтаар тогтоогдохгүй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолно гэдэг нь нэхэмжлэлд дурьдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг тогтоохыг хэлдэг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзээд 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Адаацаг сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Э холбогдох 1837318 /нэг сая найман зуун гучин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.