Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0167

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-гээс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийн /цаашид “дээрх шийдвэрийн" гэх/ 9 дэх хуудсанд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг дурдахдаа 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сахилгын зөрчлийг шалгасан тухай танилцуулга хүргүүлсэн гэжээ.

Мөн дээрх шийдвэрийн үндэслэлд дурдсан гэрч Б.М-ын тайлбар болон мэдүүлэгт сахилгын зөрчил гарсан гэх асуудлыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тайлбараар нотолсон тухай хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэ тайлбарыг үндэслэж сахилгын арга хэмжээ авагдсан гэж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас тайлбарладаг. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэг этгээдээс тайлбар авчхаад 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл яагаад шалгаж шийдвэрлэхгүй хүлээж байсан бэ? Үнэхээр сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл Төрийн нарийн бичгийн дарга өөрөө уг зөрчлийг дарагдуулсан уу? эсхүл арга хэмжээ авах боломжтой нөхцөлийг бүрдүүлэхээр хүлээж байсан уу? гэдэг асуулт гарна.

Сахилгын зөрчлийг шалгаж шийдвэрлэх процессыг журамласан журмыг авч үзвэл Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах. түүнд гомдол гаргах журам”-ын 2.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна, гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авна гэж заасан.

Гэтэл 3 хоногийн дотор тайлбар авах битгий хэл уг зөрчил гарсан тухай миний бие 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сахилгын арга хэмжээ авах тушаал гаргана гэсэн сонсох ажиллагааны үед л мэдсэн байдаг.

Дээрх тайлбар авах, сахилгын зөрчлийг шалгаж шийдвэрлэх хугацааг зөрчсөн нь тогтоогдсон байхад хэргийг илт нөгөө талын эрх ашгийн талд шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл миний бие зөрчил гаргасан байлаа гэж бодоход сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх зөрчлийг мэдсэн бол 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр тайлбар авах ёстой байсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор /шаардлагатай бол 14 хоног сунгаж болно гэж үзвэл 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор/ сахилгын шийтгэлийг шалгаж шийдвэрлэх байтал 2020 оны 08 дугаар  сарын 17-ны өдөр шалгасан нэртэй сонсох ажиллагааны танилцуулга хийсэн.

Сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчин 6 сарын өмнө болсон гэх асуудлаар зөрчил гэх нэрийн дор хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан нь эндээс харагдаж байна.

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай” А/02 дугаар тушаал болон хавсралт, нийт хэдэн хуудас баримт бичиг Монголын Барилгачдын холбоо болон Барилгын хөгжлийн төвд хэзээ, яаж хүргэгдсэн нь тодорхойгүй, дугтуйлж битүүмжилж хүргүүлсэн эсэх, хэнд хүлээлгэж өгсөн, хүлээн авсан хүний гарын үсэг зуруулсан эсэх, гэрчилгээ нь хэзээ бичигдэж ирсэн огноо тодорхойгүй атал гэрч гэх Д-ын мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн, Д нь “Х гэж хүн Б.А-тэй яриад үзье" л гэдгийг хэлсэн. Бусад нотлох баримтаар уг зөрчлийг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байхад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, үүнийг анхан шатны шүүх зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх шийдвэрийн 10, 11, 12 дахь хуудсанд дурдсан гэрч Д.Баасанжавын мэдүүлгийн хэсгээс шийдвэрт эшлэхдээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “ ...би Б.Атэй бол огт яриагүй...“ гэсэн хэсгийг үл хэрэгсэж, мөн тухайн гэрчийн нэр дурдсан “н.Байгальмаа” гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авалгүйгээр “Х, Б.А хоёр нэг хэлтэст цуг ажилладаг байсан” гэсэн үгийг шүүхийн шийдвэрт эшлэж, Б.А уг зөрчлийг гаргасан мэт дүгнэсэн нь хэт өрөөсгөл байна.

Шийдвэрт нэр дурдагдсан Х-г шүүхээс болон хариуцагчаас гэрчээр асууж тодруулах боломжтой батал огт асуугаагүй нь Д болон хариуцагч этгээд үгсэн хуйвалдаж, мэдүүлэг өгсөн гэж хардах үндэслэлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гаргаж уг асуудлыг шалгаж шийдвэрлээгүй, гэрч гэх 2 этгээдийн мэдүүлгээр Б.А зөрчил гаргасан гэж үзсэн, гэтэл шүүх хуралдаанд ч тэр, өмнө нь сонсох ажиллагаанд хавсаргасан баримт бичигт ч мөн адил Б.М, Д нар уг тушаалын хавсралтыг Б.А сольсныг хараагүй, мэдэхгүй, Б.А-тэй дээрх асуудлаар холбогдож байгаагүй гэдгээ мэдүүлсэн байхад шүүх мэдүүлгийн уг хэсгийг шийдвэр гаргахдаа авч үзээгүй.

Мөн шийдвэрийн 13 дахь хуудсанд “...албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу тушаалын дугаар олгож бүртгэхдээ сольсон гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн нь албан тушаалын тодорхойлолтод дурдагдсан боловч тухай тушаалыг сольсон гэдгийг юугаар яаж нотлоод байгаа нь ойлгомжгүй, дугаар олгохдоо сольсон бол тэр эх хувь гээд байгаа баримт бичиг яагаад үүссэн юм гэдэг асуулт гарч ирнэ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн тайлбарт “хэлтсийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлдэг” гэсэн тайлбарыг харгалзан үзээгүй. Сайд Төрийн нарийн бичгийн даргын тушаал хуулийн хэлтсийн өрөөнд цоожгүй шүүгээнд байдаг. Хэлтсийн албан тушаалтнууд орлон гүйцэтгэх хугацаанд хэн ч тэр тушаалд хүрч болдог. Мөн уг тушаалын бланкан дээрх хувь солигдоогүй тул арын тамгагүй хавсралт хэзээ яаж солигдсон гэдэг нь тодорхойгүй, хуулийн хэлтсийн өрөөнд байдаг дардсыг тус хэлтсийнхэн байхгүй үед хаана ч дарах боломжтой гэдгийг авч үзээгүй.

Өөрөөр хэлбэл тухайн тушаал, хуулийн хэлтсийн дардас нь нэгдүгээрт, цоожтой шүүгээнд хадгалагддаггүй, хоёрдугаарт, Б.А-г эзгүй байх хугацаанд хэлтсийн аль ч албан хаагч солих боломжтой /эсхүл өөр хэн нэгэн этгээд/ гэдгийг тооцож үзэлгүйгээр асуудалд гоомой хандсан нь нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-г эзгүй үед хэлтсийн албан хаагчид тушаалын дугаар олгож, хуулийн хэлтсийн дардас дардаг гэдгийг хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх шийдвэрт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б\114 дүгээр тушаалын үндэслэл хэсэгт авагдаагүй Барилга, хот байгуулалтын яамны дотоод журмыг эшилсэн байна. Гэхдээ уг тушаалын үндэслэлд авагдсан “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж заасныг шалган шийдвэрлээгүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн үед нотлох баримт гаргаж ирүүлэхийг шаардахад минь Б.А-г ёс зүйн зөрчилтэй эсэхийг яамны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээгүй гэдгээ хэлсэн нь хурлын тэмдэглэлд авагдсан байдаг.

Миний бие сахилгын зөрчил гаргасан гэх тушаалын хавсралтыг сольсонтой хамааралгүй бопох тухайд, Би ээлжийн амралтаа 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу биеэр эдэлж 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орж, албан үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж ажиллаж байсан.

Ээлжийн амралтаа биеэр эдлээд ажилдаа орсон эхний өдөр яамны архивч хуулийн хэлтсийн дарга Б.Н-ийг өмнөх оны тушаалын эх хувийг сольсон, Төрийн нарийн бичгийн даргад хэлсэн эсэхийг би мэдэхгүй, ингээд архивд байгаа тушаалыг шууд эх хувиар нь сольж болохгүй биз дээ, би хэрэгт орно биз дээ гэж хэлсэн, би тухайн архивын баримтыг буюу 2019 оны Төрийн нарийн бичгийн даргын  “Б” тушаалын архивын нэгжийг тэр чигт нь архиваас авч яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О-д танилцуулахад ийм асуудал байж болохгүй, би шийдвэрлэе гэж хэлсэн. Гэтэл яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О уг асуудлыг дарж, ийм асуудал гараагүй мэт өнгөрөөж, сольсон тушаалыг хувийг устгуулсан байсан. Мөн энэ талаар мэдэж байгаа албан тушаалтнуудыг дуугүй болохыг үүрэгдсэн байсан.

Энэ мэт хууль бус ажлыг нь илчилсэн тул намайг яамнаас ямар нэгэн байдлаар зайлуулах шаардлагатай гэж үзэж, сахилгын зөрчил гаргасан гэх нэрээр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болсон асуудлыг гаргаж ирж, ажлаас үндэслэлгүй халсан байдаг.

Иймд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалын хавсралтыг хэн, хэзээ, хэрхэн сольсон нь тогтоогдоогүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчин, ёс зөрчилтэй эсэхийг шалган шийдвэрлээгүйгээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаал гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б\114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан албан тушаал буюу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүгнэлт өгөлгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч Б.А “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “... намайг ажлаас халсан маргаан бүхий актын үндэслэл болсон Б.А намайг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай” А/02 дугаар тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтад өөрчлөлт оруулж, шалгалтад тэнцээгүй 3 хүний нэрийг оруулсан гэх зөрчлийг тогтоосон баримт байхгүй, тушаал, түүний хавсралтыг миний албан хэрэгцээнд хадгалагдаж үлдсэн хувиас хэзээ яаж авсан, тэрийг нь хэн сольсон нь тодорхойгүй байсан ... хэдий Д-тай утсаар ярьсан тэмдэглэл байгаа ч энэ нь тушаалын хавсралтыг нэхэмжлэгч намайг сольсон гэдгийг нотлохгүй” гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тодорхой заасан Б.А бодит байдал дээр тушаалын хавсралтыг сольсон эсэх, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэх тухайн зөрчил эргэлзээгүйгээр тогтоогдсон эсэхийг бүрэн тогтоож дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж С, М, Ц нарын нэрийг нэмж оруулсан байх бөгөөд энэ зөрчил нь гэрч Б.М болон Д-ын зөрүүтэй тайлбарууд, Монголын Барилгачдын нэгдсэн холбооны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/21 дугаар албан бичгээр ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны БСАМДМЗООТБ-ийн болон Төрийн нарийн бичгийн даргын шалгалтын дүнг баталгаажуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 тушаалыг Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хүлээн авч цахим хуудсан дээр байршуулсан баримтууд, шалгалтад С, М, Ц нар оролцсон боловч тэнцээгүй талаарх Мэргэшлийн зэрэг горилох шалгалтын нэгдсэн дүнгийн хүснэгт, тушаалын солигдсон хавсралтыг үндэслэн хэвлэсэн С, М, Ц нарын нэр бүхий гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэсэн нь маргааны үйл баримтыг бүх талаас нь эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай, энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрч Д-тай утсаар ярьсан ярилцлагыг цаасан дээр бэхжүүлсэн баримтад “...тэгээд Б.А рүү залгаад Г хуралтай байна гэсэн чинь заа заа би юу яачий гэсэн, ... Амраа би хэлчихье гээд ингээд заа болчихсон байна гээд бодчихсон” гэсэн тэмдэглэл, мөн гэрч Д нь энэхүү утсаар ярьсан бичлэгийг цаасан дээр сийрүүлж өгсөн нь үнэн гэж мэдүүлсэн атлаа анхан шатны шүүх хуралдаан дээр “... Х над руу ярьж хоёр хүний нэрийг бүртгүүлээд өгчих гэж хэлсэн, зун Х-тай холбоо бариад болсон явдлын талаар хэлэхэд “Б.А-тэй ярьж байгаад ийм зүйл хийсэн гээд хэлчих гэсэн болохоор би тэгж хэлсэн ...тушаалын хавсралтад гурван хүний нэр нэмэх талаар Б.А-тэй утсаар яриагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... би Б.Н-той утсаар ярихдаа Б.А-тэй ярьсан гэж худлаа хэлснээ хүлээн зөвшөөрч байна ...н.Байгалмаагийн үгэнд орж Б.А-г гүтгэсэн ... би хэлчихье гэдэг нь Х-г хэлсэн” гэсэн гэрчээр өгсөн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон тушаалын хавсралтыг сольсон гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгч Б.А нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж С, М, Ц нарыг нэмж оруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай” А/02 дугаар тушаал хоёр хувь хэвлэн албажуулан Хуулийн хэлтсийн тушаал, шийдвэрийн бүртгэл хариуцсан Б.А-гээр дугаар тавиулан тушаалын хавсралтуудад “хуулийн хэлтэс” гэсэн дардсыг дарж, нэг хувийг тус хэлтэст /архивт үлдээн/, нөгөө хувийг ажлын хувьд ашиглахаар Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тушаалыг 3 хувь үйлдсэн гэж зөрүүтэй тайлбарлажээ.

Энэ нөхцөл байдлаас дүгнэн үзвэл гэрч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлгийн зөрүүг арилгахаар гэрчээр Х-г асууж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай” А/02 дугаар тушаал хэдэн хувь албажиж гарсан талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.

Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                               Д.БААТАРХҮҮ