Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 851

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н  

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Г.С 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С т олгогдсон газар эзэмших 000******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй  болгуулж, Ц.Н гийн нэр дээр газар эзэмших эрх сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар Г.С т газар өмчлөх тухай 011******* тоот шийдвэрийг  хүчингүй болгох, дээрх шийдвэрийг үндэслэн Г.С т хууль бусаар олгогдсон Г-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай 000******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М , гуравдагч этгээд Г.С , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Э , нарийн бичгийн даргаар Б.Баярдулам нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н  нь С******* дүүрэг, 24-р хороо, з******* тоотод 700 м.кв улсын бүртгэлийн дугаар 000******* гэрчилгээтэй газрыг 2000 оноос эзэмшиж байсан. 2002 онд Ц.Н гийн нэр дээр анх гэрчилгээ гарсан. 

Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, зээлийн 29 дүгээр гудамжинд П.Л*******, Л.Ж*******, Ц.Н  нар зэргэлдээ газар амьдардаг бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон ба мөн Ц.Н гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ алга болсон тул 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд П.Л*******, Л.Ж*******, Ц.Н  нар тус тус газар эзэмших эрх сунгуулах хүсэлтээ өгсөн.  

Ингээд Л.Ж*******, П.Л******* нарын газрын гэрчилгээ гарсан боловч Ц.Н гийн гэрчилгээ гараагүй. Ц.Н  Англи улсад амьдардаг бөгөөд П.Л*******т итгэмжлэл олгосоноор 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Ц.Н гийн газар эзэмших эрх сунгуулах тухай өргөдлийг дахиж өгсөн ба тус өргөдлөөр Ц.Н гийн нэр дээр биш П.Л*******ын нэр дээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны алдаатай үйл ажиллагааны улмаас нэр нь буруу гарсан асуудлыг буцааж солихоор хүсэлт гаргасан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г овогтой С  гэх хүн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд “Газар чөлөөлж, албадан нүүлгэж өгнө үү” гэж нэхэмжлэл гаргаснаар манай газрын эзэмших эрхийн гэрчилгээ Г.С ын нэр дээр гарсан болохыг мэдсэн. 

Г.С  нь Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, з******* тоот газарт Ц.Н г зөвшөөрөлгүй буусан гэж үзэн, газар чөлөөлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байдаг. Мөн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасны дагуу иргэний хэрэг үүсэж, Ц.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л*******ыг хариуцагчаар татаж, би өмгөөлөгчөөр оролцсон боловч нэхэмжлэгч Г.С  шүүх хуралдаанд ирээгүй тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргад энэ асуудлаар хандахад хариуцсан байцаагч н.Э уулзуулсан бөгөөд тэрээр Засаг даргын гаргасан захирамжийг манайх хүчингүй болгохгүй тул шүүхэд хандан уу гэсэн. Тухайн газар маргаантай байхад Г.С  нь охиныхоо нэрийг хамтран өмчлөгчөөр оруулан өмчлөх эрх гаргуулсан байна. 

Иймд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын А/478 дугаар захирамжийн Г.С т газар өмчлөх тухай 011******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Дээрх шийдвэрийг үндэслэн Г.С т хууль бусаар олгогдсон                  Г-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв. 

Хоёр. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н  Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, з******* тоот 700 м.кв улсын бүртгэлийн 00000******* дугаар бүхий газрыг 2000 онд эзэмших эрхтэй болсон. 

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “газар эзэмших гэрчилгээгээ гээгдүүлсэн тул хүчингүй болгож, эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн байдаг ба тухайн үед шалгаж үзэхэд эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байсан. 

Ингээд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болж байна.                                                                                                                                Газрын албанаас Ц.Н гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй бөгөөд хүсэлт гаргасан хугацаанд эзэмших эрх нь дуусгавар болсон байсан. Г.С  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага хангаж 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн С дүүргийн Засаг даргын А/143 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. 

Шаардлага хангасан иргэний хүсэлтийг шийдвэрлэхгүй байх нь өөрөө хууль бус үйлдэл болох тул өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан. Ц.Н гийн газар эзэмших эрхийг Засаг даргаас хүчингүй болгоогүй бөгөөд хугацаа дуусахад сунгуулах тухай хүсэлт гаргаагүйн улмаас газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 Гурав. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.С т Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, зээлийн 29-5 тоот дахь 511 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны А/476 дугаар захирамжийг үндэслэж олгосон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын хянан баталгааны дүгнэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг хавсарган 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хууль журмын дагуу мэдүүлэг гаргасныг тус өдрөөр Г-220******* улсын бүртгэлийн дугаартай 00******* тоот гэрчилгээ түүнд олгосон. 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаартай нотариатын гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөр ногдох хэсэгт С Овогтой Б нэмж хамтран өмчлөгчөөр бүртгүүлснээр гэрчилгээ солигдож 00 тоот гэрчилгээ олгогдсон байна. 

Мэдүүлэг гаргагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.5.2, 13.5.3-д заасан шаардлага хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байхгүй тул бүртгэсэн ба энэхүү бүртгэл хүчин төгөлдөр юм. 

Манай байгууллага газар олгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлд, газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа баримталсан нотлох баримтыг хянах, хяналт тавих чиг үүрэггүй. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Нийслэлийн газрын албаны мэдээллийн сантай холбоогүй байдаг. 

Г.С  нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, з******* тоот хаягтай газрыг эзэмшихээр шаардлага хангасан хүсэлт гаргасан. Тус газрыг судалж үзэхэд эзэнгүй, давхацсан хүсэлт байхгүй тул Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхтэй тул хүсэлтийг хангаж газар олгосон. Г.С  хууль ёсоор газар эзэмшиж, өмчилсөн байдаг. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээд Г.С  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх энэ газрыг Ц.Н гаас н.Галбаатартай хамтран худалдаж авсан. Дараа нь газар эзэмших гэрчилгээний нэр шилжүүлж авахаар Ц.Н г хайж хаягийг олсон боловч уулзаж чадаагүй. Харин утсаар холбогдоход “Надад хамаагүй асуудал учраас  хажуу айлтайгаа ярь” гэсэн хариулт өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд  очиж шүүлгэж үзэхэд эзэнгүй газар байсан. Тиймээс өмнө нь уг газрыг худалдаж авахаар амаар тохирсон болон төлбөр мөнгөний тухай асуудлыг бүрмөсөн орхисон. Шинээр хууль журмын дагуу материалаа бүрдүүлж, хүсэлт өгснөөр миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм” гэв. 

Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Э  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.С ын уг газрыг эзэмших, өмчлөх эрх нь хууль журмын дагуу явагдаж олгогдсон. Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, зээлийн 29-5 тоот газар сул байсан тул хүсэлт гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Засаг даргын захирамжаар тус газрыг эзэмшсэн шударга эзэмшигч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С т олгогдсон газар эзэмших 000******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, Ц.Н гийн нэр дээр газар эзэмших эрхийг сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж тодорхойлж байгаад, “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар Г.С т газар өмчлөх тухай 011******* тоот шийдвэрийг хүчингүй болгох, дээрх шийдвэрийг үндэслэн Г.С т хууль бусаар олгогдсон Г-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай 000******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

           Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” Б/31 дүгээр захирамжаар  иргэн П.Л*******т Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Зээлийн 17-1 тоот, Л.Ж*******д 17-2 тоот, Ц.Н д 17-3 тоот газрыг ашиглуулахаар шийдвэрлэж /Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 9-5 тоот 186 нэгж талбарын дугаартай газар нь тухайн үед дээрх хаягтай байсан гэдэгт талууд маргадаггүй/, тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/31 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн /1994 оны/ 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар тус дүүргийн 7 дугаар хорооны Зээлийн 17-3 тоот газрыг ашиглах эрх нэхэмжлэгчид үүсчээ. 

            Гэвч нэхэмжлэгч энэхүү захирамжийн дагуу тус газартаа кадастрын зураг хийлгэж, нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байх бөгөөд энэ газартаа амьдарч байгаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл гээгдүүлсэн гэх газрын гэрчилгээг сэргээх болон газар ашиглах хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын картын тэмдэглэл зэргээр нотлогдож байна.  

            Ц.Н  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд “Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн, мөн газар эзэмших хугацаа дууссан тул сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг газрын гэрчилгээг хүчингүйд тооцсон сонины хайчилбар, бусад баримтын хамт гаргаж, энэхүү хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын картын маягтын бүртгэлээр тогтоогдож байна. 

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Ц.Н гийн хүсэлтийг хүлээн авч хянаад, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “ ...гэрчилгээний хуулбар байхгүй, мөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/374 дугаар захирамжаар иргэн П.Л*******т 24 дүгээр хорооны Зээлийн 29-5 тоот хаяг дээр газар эзэмших эрх андуурагдан гарсан тул дүүргийн Засаг даргын 2016 оны А/374 дүгээр захирамжаар П.Л*******т хамаарах заалтыг хүчингүй болгохоор, иргэн Г.С  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай албанд тус газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж, Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х/143 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон” гэсэн хариуг өгсөн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.            

Нэхэмжлэгчийн анх газар ашиглахаар гаргасан хүсэлт болон гэрээ, гэрчилгээ өөрт нь болон Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд байхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн  /1994 оны/ 38 дугаар зүйлийн 38.3-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30, З1, З2 дугаар зүйлийн 1, З, 4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална”, 32 дугаар зүйлийн 32.2.5-д “Газар эзэмшүүлэх хугацаа”-г гэрээнд тусгахаар зааж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/31 дүгээр захирамжаар маргаан бүхий газрын хажууд газар ашиглах эрх цуг үүссэн иргэн Л.Ж*******гийн гэрчилгээнд газар ашиглах хугацааг таван жилээр  олгосноос харахад нэхэмжлэгчийн газар ашиглах хугацааг 2007 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байна гэж тооцож болохоор байна. 

Гуравдагч этгээд Г.С  нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 29-5 тоот газрыг эзэмших хүсэлтийг хорооны Засаг даргын тодорхойлолттой  өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэрэг баримтуудын хамт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/143 дугаар захирамжаар Г.С т тус дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 29-5 тоотод байршилтай газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”-ыг, 32 дугаар зүйлд заасан “Газар эзэмших тухай хүсэлт гаргах”, 33 дугаар зүйлд заасан “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” заалтуудыг зөрчөөгүй байна. 

Гуравдагч этгээд  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Г.С  нь  гэр бүлийн хэрэгцээнд газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг холбогдох бичиг баримтын хамт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар газар өмчлүүлж, 000******* тоот гэрчилгээ олгосон нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”,  5.1.5.2-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн  21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 21.2-д “Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана” гэж заасантай нийцжээ. 

           Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг болон 2005-2007, 2011, 2012, 2013, 2014 онуудын сансрын зургаас харахад нэгж талбарын 18634316707952 дугаар бүхий газар нь Г.С ын нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй байна.           

Гуравдагч этгээд Г.С ын охин С. Биндэръяа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 тоот итгэмжлэлээр тус газрыг захиран зарцуулах эрхийг гурван жилийн хугацаагаар Г.С т олгосон болно.   

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3,  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.1, 15.2-т заасныг тус тус баримтлан Ц.Н гийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С т олгогдсон газар эзэмших 000******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, Ц.Н гийн нэр дээр газар эзэмших эрх сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар Г.С т газар өмчлөх тухай 011******* тоот шийдвэрийг хүчингүй болгох, дээрх шийдвэрийг үндэслэн Г.С т хууль бусаар олгогдсон Г-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай 000******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ