Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 67

 

    “Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07 өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 200 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Золжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Нэмэхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Утпала финанс ББСБ” ХХК иргэн Ц.Ууганцэцэг нар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ0001/150922 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот хаягт байх 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалж ЗБГ0001/150922 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөх хуваарь нь сар бүр хүүг төлөх, гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 22-нд үндсэн зээл 60 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон боловч 2 сар хүү төлөөд ахиж төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийг төлөх боломжгүй байгаа тул гэрээгээ сунгах хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗНГ0001/160322 дугаартай нэмэлт гэрээ байгуулж хугацааг 3 сараар сунгасан. Уг нэмэлт гэрээнд эхний 2 сар буюу 2016 оны 4, 5 дугаар сард хүүг төлж 6 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 60 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлөхөөр болсон. Гэвч нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчиж өнөөдрийг хүртэл төлөлт хийлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж, хохирол учруулж байгаа учраас Г.Ууганцэцэгээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 5 760 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 440 000 төгрөг, нийт 67 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох  3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ууганцэцэгээс 67 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч Ц.Ууганцэцэг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Ууганцэцэг, Э.Тэмүүжин, Э.Тэргэл нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204036962 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ууганцэцэгээс 496 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх тооцооллыг гаргахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг үндэслэх ёстой байтал нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг үндэслэл болгож шийдвэрлэсэн гомдолтой байна.

Би үндсэн төлбөрт 23 200 000 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000 төгрөгөөс хасч 36 800 000 төгрөг үлдсэн. Сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба сарын хүү нь   1 472 000 /36 800 000 * 4 хувь/ төгрөг, 12 сарын хүү нь 17 664 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцвол 3 532 800 төгрөг, нийт 57 996 800 төгрөг болж байна.

Зөрүү 9 203 200 /67 200 000 – 57 996 800/ төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Утпала финанс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Ууганцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/28824 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагч Ц.Ууганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нэмэхболдод 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулан өгсөн боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч уг өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал ирээгүй, тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Иймд шүүх хариуцагчийг оролцуулалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Утпала финанс” ХХК болон хариуцагч Ц.Ууганцэцэг нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь зээлдэгчид 60 000 000 төгрөгийг, сар буюу 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.Ууганцэцэг, Э.Тэмүүжин, Э.Тэргэл нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 66 дугаар байрны 5 тоот, 87,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг тус тус бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Голомт банкны төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон байна.

 

Иймд талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээг зохих ёсоор байгуулсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Талууд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гарын үсэг зурсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагчаас төлсөн 23 200 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлбөл зохих үндсэн хүүгээс, төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд төлөгдөөгүй үндсэн зээл 58 720 000 төгрөгт хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тооцсон нь зөв юм.

 

Иймд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хариуцагч үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүүг гэрээний 3.3-т заасан 1 сарын 30 хоногоор тооцвол 7 сар 15 хоногийн хүүд 21 920 000 төгрөг төлөхөөс төлсөн      23 200 000 төгрөг төлснийг хасч үлдсэн 1 280 000 төгрөгийг үндсэн зээл 60 000 000 төгрөгөөс хасаж үлдэх 58 720 000 төгрөгөөс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцвол хариуцагч нь үндсэн зээл 58 720 000 төгрөг, зээлийн хүүд 3 сарын 7 046 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 440 000 төгрөг, нийт 67 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА