| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0069/э |
| Дугаар | 0073 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр П.Н-н эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 660.000 төгрөг төлсөн гэв.
-Хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 01 сарын 30-ны өдөр миний бие болон манай 2 хүүхэд бид 3 ханиад хүрчихсэн халуураад байсан. Манай нөхөр өглөө нь хадмынд очиж хоол хийж авч ирж өгчихөөд би гармаар байна гээд гарсан. Тухайн үед би архи уугаад явчихваа миний бие өвдөөд босч чадахгүй байна. Хүүхдүүддээ хоол хийж өгөөрэй гэж хэлсэн. Э-г ирэхгүй байхаар нь 18 цагийн үед залгасан чинь архи уучихсан байхаар нь хэдэн архичин найзуудыгаа дагаад архи уугаад явчихлаа гэж хэлсэн. Миний найзуудыг доромжиллоо гээд согтуу залгаад байхаар нь утсаар бид 2 маргасан. 00 цагийн үед гэртээ согтуу орж ирээд аяга хагалаад агсан тавиад байсан. Намайг найзуудын минь хажууд доромжиллоо гээд толгой руу өшиглөсөн. Явах гээд хувцасаа өмсөөд сууж байтал толгой руу гар утас авч шидээд толгойг маань хагалсан. Мөн миний толгой, дал, гар нүүр рүү нилээд хэдэн удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/
Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай дүү Н, Э гэх хүнтэй гэр бүл болоод 8-9 жил болж байгаа бөгөөд нөхөр нь архи уучихаад агсан тавиад зодоод байхаар нь 2015 онд гэр бүлээ цуцлуулаад 2018 оны 07 сард эргээд хамт амьдарсан. 2020 оны 01 сарын 30-ны өдөр Н манай дүү Н рүү залгаад Э зодсон талаар хэлсэн байсан. Н, Н-ыг эмнэлгээр авч явсан. Н 2020 оны 01 сарын 31-ний өдөр над руу яриад манай ажлын гадаа ирэхээр нь биеийг нь харсан чинь 2 нүд нь хөхөрсөн, дух нь хавдаж овойсон, гар хөл нь нэлэнхүйдээ хөхөрсөн байсан. Бид нар дүүгээ эмнэлгээр үзүүлж яваад өнөөдөр цагдаад хандаж байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 16 хуудас/
Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 01 сарын 30-ны орой гэртээ байж байтал 23 цаг өнгөрч байхад манай дүү Н над руу залгаад хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь би яасан талаар асуутал зүгээр хүрээд ир гээд байсан. Такси бариад гэрт нь очтол орцондоо уйлчихсан зогсож байсан. Юу болсон талаар асуухад Э-тай муудалцсан чинь намайг зодсон гээд толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би дагуулаад гэртээ очоод хувцасыг нь сольсон чинь нуруу, гар, нүд, нүүр нь битүү хөхөрсөн байхаар нь эмнэлэг орж толгойд нь оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх 18 хуудас/
2020 оны 02 сарын 05-ны өдрийн ШША-ны шинжээчийн 180 дугаартай: П.Н-н биед тархины эдийн няцрал, хуйханд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дух 2 нүдний зовхи, нуруу, 2 гарын бугалга, шуунд цус хуралт үүсчээ. Хуйханд шарх нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх 21 хуудас/
-Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр найз нарын хамт 2 шил архи уусан. 16 цагаас хойш 18 цагийн хооронд эхнэр 5-6 удаа залгаж ярьсан ба намайг архи уулаа хурдан ир гээд байсан. Нэг залгахаар нь би чанга яригч дээр нь тавьчихсан эхнэртэйгээ ярьж байтал архи уух болгондоо наад архичинтайгаа уух юм. Архи уугаад байлгүй хурдан ир гэхээр нь уур хүрээд гэртээ харилгүй Б гэх айлд очиж дахин 1 шил архи уусан. 23 цагийн үед гэртээ иртэл эхнэр архи уулаа гээд маргалдсан. Эхнэрийнхээ толгой, мөр, гар, нуруу руу нь гараараа 5-6 удаа цохисон. Эхнэр явах гээд хувцасаа өмсөөд сууж байхаар нь өөрийнхөө гар утсыг шидээд эхнэрийнхээ толгойг хагалсан. Маш их харамсаж гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 37-38 хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 42 хуудас/
-Б.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 37-38 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Оролцогчидоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр П.Н-н эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр П.Н-ын эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Н-ын “...толгой руу гар утас авч шидээд толгойг маань хагалсан. Мөн миний толгой, дал, гар нүүр рүү нилээд хэдэн удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх 7-8 хуудас/, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархины эдийн няцрал, хуйханд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дух 2 нүдний зовхи, нуруу, 2 гарын бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 180 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч П.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.