Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 10-р хорооны морины 12-520/а тоотод оршин суух Амарсайхан овогт Гомбын Өлзийбуян /ЗП55031911/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Өлзийбуян шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1955 онд төрсөн, энэ жил 61 нас хүрч байгаа, улсад 33 жил ажилласан. Үүнээс 1972 оны 7 сарын 10-наас 1973 оны 6 сарын 1-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад хонь маллаж байсан хөдөлмөрийн дэвтэр дутуу бөглөгдсөн, хоньчны ажлаас чөлөөлөгдсөн, цэрэгт явсан тушаал нь үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэрэг баримтыг үндэслэн 1972 оны 7 сарын 10-наас 1973 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомбын Өлзийбуян нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 7 сарын 1-наас 1973 оны 6 сарын 1-н хүртэл малчнаар ажиллаж байсан. Нэгдэлд малчин байж байгаад цэрэгт явсан тушаал олдохгүй байгаа юм. Архиваас шүүлгэсэн ч байхгүй байсан. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн ажилласан жилийг нь тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Өлзийбуян нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 7 сарын 10-наас 1973 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.  

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 202 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Гомбо овогтой Өлзийбуянгийн  Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 6 сарын 1-нээс 1973 оны 6 сарын 1-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 4-р хуудас/
  2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөжгил нэгдлээс 1972 оны 9 сарын 11-нд Гомбын Өлзийбуянд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ‘’1972 оны 10, 12 сар, 1973 оны 1-3 сарын цалингийн бичиглт хийгдсэн. /хэргийн 9-р хуудас/
  3. №410957 дугаартай Г.Өлзийбуянд олгосон БНМАУ-ын цэргийн батлах,
  4. Тэвшийн говийн нүүрсний уурхайн боловсон хүчин Д.Төмөрбатын гаргаж өгсөн Г.Өлзийбуянгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’Хөгжил нэгдлийн даргын 1972 оны 7 сарын 15-ны өдрийн 53-р тушаалаар Цагаан овоод хоньчноор ажиллуулав’’; ‘’1973 оны 6 сарын 1-н цэрэгт явах болсон тул хоньчны ажлаас чөлөөлөв’’ гэсэн бичилт хийгджээ. /хэргийн 8-р хуудас/ Энэхүү нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.
  5. Гэрч О.Батсүх, Ж.Цэрэндолгор, Ч.Лхамюу нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Г.Өлзийбуян нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 7 сарын 10-ны өдрөөс 1973 оны 6 сарын 1-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч цалингийн бичилт дутуу,  ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 202 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Өлзийбуян нь 1972 оны 7 сарын 10-ны өдрөөс 1973 оны 6 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг хэргийн 9-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, цэргийн батлах /эх хувь/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Г.Өлзийбуяныг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1972 оны 7 сарын 10-ны өдрөөс 1973 оны 6 сарын 1-нийг өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Амарсайхан овогт Гомбын Өлзийбуяныг Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 7 сарын 10-ны өдрөөс 1973 оны 6 сарын 1-нийг өдрийг хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР