| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0142/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/140 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/140
2020 02 11 2020/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0142/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
улсын яллагч Л.Мажигсүрэн,
шүүгдэгч Д.Б. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б.д холбогдох эрүүгийн 1909043030080 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Төв аймгийн Техник технологийн политехник коллежийг төгссөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум гэсэн албан ёсны хаягтай боловч одоо Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45-09-04 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2,181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Д.Б. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” хотхоны орчимд явж байсан Америкийн Нэгдсэн Улсын иргэн Роздилсе Лидиа Веселиновагийн халааснаас "Самсунг Галакси Эс 10" загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч түүнд 1.794.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б.гийн өгсөн: “...Би тухайн үед банкны зээлтэй байсан юм. Гэтэл замын дагуу явж байсан хүний цүнхнээс нь утас унасан байсан. Тэгэхээр нь авчихсан юм. Цүнхнээс нь унахаар нь л би очиж авсан. Харин цүнхнээс нь аваагүй. Цүнхний цахилгаанаас гараад явж байсан. Би хохирогчоос уучлалт гуйгаад гар утсыг симтэй нь хүлээлгэж өгсөн. Би өөрийгөө санаатайгаар хүний гар утас авсан гэж бодохгүй байна. Унасан байхаар нь газраас авсан боловч хэрхэн нэг хэлээр ойлголцож өгөхөө мэдэхгүй өөртөө хадгалж байсан. Би цаашдаа зөв зохистой амьдарна. 2012 оноос хойш ажил хөдөлмөр хийгээд амьдарч байгаа” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Роздилсе Лидиа Веселиновагийн өгсөн: “... би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд “Стар” хотхоны замын эсрэг талд байрлах "TOM ТОМС КОФЕ " кафед гэр бүлээрээ орсон бөгөөд тэнд утсаа ашиглаад буцаагаад далд хийсэн. Нөхөр бид 2 хүүхдийнхээ хамт кафегаас гараад “Стар” хотхон орох гээд явж байсан.Тэр үед зам хөндлөн гараад Стар хотхоны арын явган хүний зам дээр алхаад явж байгаад гэртээ орсон юм. Гэртээ ирээд утсаа хайтал олоогүй бөгөөд хамгийн түрүүнд буцаад кафед очтол зөөгч нь камерыг шалгаж үзээрэй гээд үзүүлсэн.Тэр үед камерт би утсаа цүнхэндээ хийгээд гарч явсан бичлэг байсан. Тэгээд “Стар” хотхоны харуул хамгаалалтын ажилтнууд дээр очиж... камер шалгуулж үзэхэд биднийг замын хажууд алхаж явахад цагаан машинаас нэг хүн буугаад бид нар дээр ирээд буцаад машиндаа сууж байгаа бичлэг 17:10 цагт бичигдэж үлдсэн байсныг харсан. Би алдсан rap утсаа 2019 оны 03 сард АНУ-аас 840 ам доллароор худалдан авч байсан бөгөөд “Самсунг Галакси Эс 10” загварын цэнхэр өнгийн гар утас байсан, буруутай этгээд зохих хариуцлага хүлээх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Э.Хуншагайгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед хамт ажиллаж байсан Д.Б.тай тааралдсан. Тэгээд бид 2 хамт явж байтал Д.Б. намайг 13 дугаар хороололд “Натур” худалдааны төвийн зам дагуу Хард рок гэх газар хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ядраад байна гэсэн чинь Д.Б. би бариад явъя гэхээр нь жолоогоо шилжүүлсэн юм. Тэгээд би машины зүүн урд талын суудал дээр унтаад явж байсан чинь гэнэт жолоогоо аваарай гээд шууд буучихсан, тэгэхээр нь би юу болов гээд гайхтал... Д.Б. буцаад машинд орж ирээд суучихсан. Тэгэхлээр нь би яагаад жолоогоо хаяад буучихаж байгаа юм бэ гэтэл гэнэт таньдаг хүн явж байхлаар нь буусан чинь биш байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Д.Б.гийн гэрчээр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Гандангаас “Хард рок” орж хүнтэй уулзах гэж явж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Паркийн эсрэг талын явган хүний зам дээр үл таних эмэгтэй хүний цүнхнээс нь цэнхэр өнгийн гэртэй, “Самсунг Галакси Эс 10” загварын гар утас хулгайлсан. Тэгээд шууд 21 дүгээр хороолол ороод гар утсаа ломбарданд тавьсан. Намайг хулгай хийснийг Хуншагай мэдээгүй, би юм хараадахья гээд машинаас нь буусан, би бусдын эд зүйлийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Гэрч А.Энх-Амгалангийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг эмэгтэй гар утсаа алдсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу хяналтын камерыг шүүж үзэхэд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй Д.Б. /малчин Заяа гэх хочтой/ бичлэгт явж байгаа нь харагдсан. Тэгээд ажил дээр дуудаж уулзахад гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39-42 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-53 тал/,
ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвөөс ирүүлсэн Д.Б. нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан материал /хх-ийн 54 тал/
Мөрдөгчийн илтгэх хуудас, хэргийн газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Дэлгэрбаярын Д.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” хотхоны орчимд явж байсан Америкийн Нэгдсэн Улсын иргэн Роздилсе Лидиа Веселиновагийн халааснаас "Самсунг Галакси Эс 10" загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч түүнд 1.794.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчийн гар утас цүнхнээс нь унахаар нь очиж авсан, хохирогч гадаад улсын иргэн байсан учир тухайн үед хэл нэвтрэлцэж өгч чадаагүй, өөртөө хадгалж байсан...” гэж мэдүүлдэг боловч хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх бөгөөд шүүгдэгч Д.Б. нь бусдын эд зүйлийг хулгайлах шууд санаатай, чиглэсэн, идэвхтэй үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б.гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Роздилски Лидиа Веселинова нь хавтаст хэргийн 31 дүгээр талд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...хулгайд алдсан утсаа олоод авсан учир гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэсэн байх бөгөөд энэ нь хавтаст хэргийн 43 дугаар талд байх “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Б. нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б.г бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б. нь түүнд оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР