| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0180/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/178 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/178
2020 02 21 2020/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0180/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: П.Ганбаатар,
Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр,
Шүүгдэгч О.Ж. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ж.д холбогдох эрүүгийн 1909038120266 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22а байрны 124 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О.Ж. /РД: / гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ж. нь 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жамбалдоржийг тодорхой шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, зүүн зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, цээжинд цус хуралт, дух, баруун хөмсөг, хоёр хацарт зулгаралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч О.Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би 2 найзын хамт явж байсан юм. Манай найзтай муудалцаж байсан учраас би найзыгаа авах гэж цохисон. Маш олон залуучууд намайг тойрч зогссон байсан бөгөөд намайг үсдсэн. Би хохирол гэж 250.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Жамбалдоржийн өгсөн мэдүүлэг, яллагдагч О.Ж.гийн мэдүүлэг, гэрч П.Тэмүүжин, Б.Номундалай нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2118 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Отгондаваагийн О.Ж. нь согтуугаар 2019.10.07-ноос 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зориг сангийн орчимд хохирогч Баатарсүрэнгийн Жамбалдоржийг замын гэрлэн дохиотой гарцаар гарахдаа шүргэсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Жамбалдоржийн өгсөн: “...Тэгтэл нэг залуу хажуугаар өнгөрснөө эргэж хараад шууд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь чи яахаараа намайг цохидог юм бэ гээд барьж авсан. Тэгсэн чинь тавь гээд толгой болон нүүр рүү баахан цохисон. Мөн миний дээрээс нулимаад байсан. Тэгээд Тэмүүжин цагдаа дуудаж миний биед гэмтэл учруулсан хүүхдийг тэвэрсээр байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. ...Нийт хохиролд 150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
Б.Жамбалдоржийн гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үүрийн 04 цаг 30 минутын үед их дэлгүүрийн ойролцоо ээжтэй цуг ажилладаг хоёр залуутай пиво ууцгааж байгаад дараагаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Meeting” бааранд орж үйлчлүүлээд тэндээсээ гараад их дэлгүүр дээр хонох ёстой байсан найзыгаа хүргэж өгөх гээд явж байгаад Сүхбаатарын талбайн гэрлэн дохион дээр шүргэлцээд улмаар хоорондоо муудалцаад тухайн үед үл таних залуучууд тавуулаа явж байсан ба манай найз Нямдоржийг зодоод байхаар нь цагдаа дуудаад тэр зодсон залууг нь цагдаад өгөөд явуулсан. Тэгээд бид нар буцаад алхаад явж байсан чинь нөгөө зодоон хийгээд байсан залуучуудын найзууд болтой олон залуучууд дахин бид нартай муудалцаад би салгах гээд дундуур нь ортол нэг үл таних залуу миний шанаа руу шууд цохиод авсан. Дараа нь би тэр цохисон залууг хараад шууд гүйж очоод бариад авсан чинь манай найзыг тавь гээд нөгөө залуучууд нь намайг нийлээд зодоод байсан. Ингээд манай найз Тэмүүжин цагдаа дуудаад хоёр залууг нь барьсан үйл явдал болсон... ...Тухайн үед Нямдорж гээд манай найз тэдгээр залуучуудтай гэрлэн дохион дээр мөрлөлцөөд үүнээс болоод маргаан эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2118 дугаартай: “...Б.Жамбалдоржийн биед зүүн чамархай, зүүн зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, цээжинд цус хуралт, дух, баруун хөмсөг, хоёр хацарт зулгаралт, хоёр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54 тал/,
Гэрч П.Тэмүүжингийн өгсөн: “...Жамбалдоржийг бараан цамцтай зузаан уруултай залуу шууд үсрээд нүүр рүү нь цохиж газар унагаасан. Тэгээд очоод салгах гэтэл нэг залууг нь чи яахаараа намайг цохидог юм, чамайг цагдаад өгнө гээд зуураад байж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Гэрч Б.Номундалайгийн өгсөн: “...О.Ж. өөр нэг залуутай маргалдаж байсан. Тэгээд О.Ж.г явуулахгүй гээд үсдээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
О.Ж.гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед зөрж өнгөрсөн эрэгтэй санамсаргүй байдлаар мөрлөсөн. Тэгээд муудалцаад би тэр залуугийн нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь намайг үсдээд тавихгүй байсан. Би тавиулах гээд гарыг нь цохисон. Тэгж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ж.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг илтэд үл хүндэтгэн, биеэ хянах чадваргүй зан байдал нөлөөлсөн байна.
Хохирогч Б.Жамбалдорж нь “...миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан. Цаашид гомдол санал, нэмэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 68 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч О.Ж.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ж.д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч О.Ж. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ж.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.Ж.д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.Ж.д урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР