| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/04 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр
Улсын яллагч Г.Анармөнх /томилолтоор/
Шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1911 03021 1301 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, …............. дүүрэгт мал нядалгааны газарт ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Архангай аймгийн ........сум Зуслан багт оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:А...........2615/
Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-…. тоотод хохирогч Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-28-30х/ “..2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүрэг, задгай тоотод оршин суудаг, хүргэн Н гэрт хонохоор очсон юм. Тухайн өдөр Архангай аймгаас манай эхнэр хүүхдүүд ирчихсэн хотод хонох газар байхгүй тул очсон юм. Орой бид нар хоол унд идчихээд Н бид хоёр, миний авч очсон 500 граммын Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Шөнө 23-24 цагийн орчимд Н намайг сэрээгээд, хоёулаа Б ахын гэрт очъё гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувсгалчдын ........тоотод орших суух, хүргэн ах Б гэр рүү явсан. Гэр рүү нь явах замдаа бид хоёр нэг шил 750 граммын Ерөөл нэртэй архи, 2 шил пиво аваад, авсан пивоо замдаа уугаад, хүргэн ахын гэрт очсон. Гэрт нь очиход хүргэн ах Б, эхнэр нь буюу миний төрсөн эгч Д.Ц хоёр байсан ба хоёулаа согтуу байсан. Тухайн үед хүүхдүүд нь нөгөө өрөөндөө унтацгааж байсан. Тэгээд бид дөрөв, миний авч очсон нэг шил архийг хувааж ууцгаасан. Уг архийг ууж байхад хүргэн ах Б нь хэл яриа, байгаа байдлаараа эгчийг маань дээрэлхэж харагдаад байхаар нь би жоохон согтуурхаад эгчийгээ өмөөрөөд хүргэн ахад хандаж эгчийг нь минь багахан дээрэлхээрэй, өнгөрсөн өвөл ирэхэд л нүүр ам нь хөхөрчихсөн байсан гэтэл Б ах намайг сандал дээр сууж байхад хойш түлхсэн. Намайг түлхчихээд өөрөө суух гээд тонгойх үед нь би түүний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед 38 размерын хромон гутал өмссөн байсан учраас нүүр рүү нь хүчтэй өшиглөсөн байх. Тэгээд би урдаас босч ирээд зодолдоод унах байх гэж бодоод шууд гэрээс гартал гадаа Н нэлээн согтуу зогсож байхаар нь би түүнд хандаж сая Б ахын нүүр рүү нь өшиглөчихлөө, одоо аягүй бол гарч ирээд зодоон болно, явъя гэж хэлээд яваад Нын гэрт нь очоод хоносон..” гэх мэдүүлэг.
Хохирогч Д.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-5-6х/ “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ..........тоотод эхнэр болон 9-16 насны 2 охиныхоо хамт амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед гэртээ амарч байтал манайд хадам дүү Д.Б, түүний хүргэн А.Н хоёр архи уусан байдалтай согтуу 0.75 гр архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид гурав авчирсан архийг нь гурвуулаа хувааж уусан. Надад аяганд дүүргээд архи хийж өгөөд байсан. Нэг мэдсэн юунаас болж маргаан үүссэнийг мэдэхгүй, Батсуурь намайг газар түлхэж унагаад толгой дээр нүүрэн тус хэсэгт хөлөөрөө 1 удаа дэвссэн. Энэ үед манай эхнэр хүүхэд сэрээд боль гэж болиулсан... тэгээд манай эхнэр цагдаа дуудахад хоёулаа гараад зугатаачихсан. Тэрнээс хойш надтай огт холбоо бариагүй. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл баруун талын нүдний зовхи язарч 4 оёо тавиулсан толгойн зураг авахуулсан. Нүдний зураг мөн авахуулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-8-9х/ “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Өвсний боомт задгай тоотод гэртээ эхнэр, хүүхдийнхээ хамт амарч байхад гаднаас манай хадам дүү Батсуурь эхнэр хоёр хүүхэдтэйгээ манай гэрт хонохоор ирсэн. Бид нар гэртээ хоол унд хийгээд амарсан. Шөнө 23-24 цагийн орчимд Батсуурь надад хандаж хоёулаа хүргэн ах Бийн гэрт оччихоод ирье гэсэн. Би дуудсан юм байх гэж бодоод Батсуурьтай хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын .............тоотод оршин суух баз хүргэн Бийн гэрт очсон. Очих замдаа бид хоёр нэг нэг шилтэй пиво уугаад, мөн нэг шил 750 гр Ерөөл архи аваад очсон. Баз хүргэн Бийн гэрт ороход Б нь согтуу, эхнэрийнхээ хамт байсан. Бид хоёр авч явсан шилтэй архиа задлаад бид гурав хувааж уусан. Уг архийг ууж байтал Б ах их согтсон ба эхнэр Ц маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгтэл Батсуурь та миний эгчтэй ингэж харьцахгүй шүү гээд эгчийгээ өмөөрөх шинжтэй үг хэлээд маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би хүмүүсийн гэр бүлийн маргаанд оролцоод яахав гээд гараад явсан. Би гараад такси барих гээд зогсож байтал миний араас 2-3 минутын дараа Батсуурь гараад ирсэн. Гарч ирэхдээ сая Б ахын нүүр лүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Би түүнд хандаж яах гэж хүнтэй маргалдаж байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр буцаад манай гэрт очиж унтаж амарсан...” гэх мэдүүлэг.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13938 дугаартай дүгнэлтэнд: /хх-15х/ “...Д.Бийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарын зөөлөн эдийн няцрал, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн цус хуралт, баруун хөмсөг, нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги
алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г…......тоотод хохирогч Д.Бтэй архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж, хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарын зөөлөн эдийн няцрал, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн цус хуралт, баруун хөмсөг, нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Д.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул Д.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР