Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0171

 

 

 

 

 

 

 

 

 

     

            “Ат” ХХК-ийн гомдолтой

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Т.Н, хариуцагч Д.Б-О, түүний өмгөөлөгч Ш.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах “Ат” ХХК-ийн гомдолтой, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан “Ат” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-О-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй гэж үзэж байна.

Шүүх “...дурдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч ... өөрчлөлт оруулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн атлаа уг шийтгэлийн хуудсыг ийнхүү хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөр зөвтгөж бичээгүй нь хууль бус гэж шүүх дүгнэв” гэжээ. Энэ нь хуульд нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээр хянуулах хүсэлттэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-О нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0066875 дугаар шийтгэлийн хуудсаар “Ат” ХХК-ийг “гарал үүслийн бичиггүй 30 толгой гахайг ... тээвэрлэж явсан” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Дээрх шийтгэлийн хуудсыг “Ат” ХХК-аас эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “...улсын байцаагч Д.Б-От анхан шүүхийн шүүгчийн захирамжаар хувь хүн, хуулийн этгээдийг хольж алдаатай бичсэн шийтгэлийн хуудсаа хуулийн этгээд болгон зөвтгөн бичих үүрэг хүлээлгэсэн. Гэтэл шийтгэл болон хуулийн заалтаа өөрчлөн шүүгчийн захирамжид огт дурдаагүй хүндрүүлсэн шийтгэл оногдуулсан” хэмээн маргажээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-Оын “гарал үүслийн бичиггүй 30 толгой гахайг Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Монгол порк гахайн аж ахуй руу тээвэрлэж явсан, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй” хэмээн П.Ц-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0064518 дугаар шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсгийг “...“Ат” ХХК нь өөрийн эзэмшлийн Исүзү маркийн 20-33 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Б.Б-аар жолоодуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол порк гахайн ферм рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30 толгой гахайг мал, амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн баримт бичиггүйгээр тээвэрлэж, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтыг “...Ат” ХХК-ийн гаргасан ..., Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж, 6 дахь заалтад “...Ат” ХХК-д хүргүүлсүгэй...” гэж өөрчлөлт оруулахаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор дүгнэлт бичсэнийг хариуцагч улсын байцаагч хүлээн зөвшөөрснөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 388 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн дээрх захирамжийн дагуу 0064518 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулан дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 617 дугаар шийдвэр мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаа өөрчлөн акт гаргахдаа прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамжид заасны дагуу зохих өөрчлөлтийг оруулалгүй, дахин зөрчил гаргасан мэтээр шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл болсон хуулийн зүйл, заалтаа өөрчлөн шинээр Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасны дагуу 1 500 000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасантай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсаа тус хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил болгон өөрчилж, оногдуулах шийтгэлийг хүндрүүлсэн нь хууль бус юм.

Энэ тохиолдолд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд “...шүүхийн шийдвэрийг үндэслэн шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан” гэх хариуцагчийн тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН