Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 6548

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 3 дугаар хороо, “Экскюзит центр” 301 тоотод байрлах “Хайрхан Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 5 тоотод оршин суух  Хатгин овогт Пунцагийн Жаргал /РД:ЦВ71112366/-д холбогдох

3,549,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Пунцаг овогтой Жаргал нь манай байгууллагатай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15/036 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 4,5 хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч П.Жаргал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээл болон түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд П.Жаргалаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,346,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,800 төгрөг нийт 3,549,400 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү” гэжээ.       

Хариуцагч П.Жаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хайрхан Капитал ББСБ” ХХК нь зээлийн төлбөр 3,549,400 төгрөг нэхэмжилсэн. Миний бие дээрх 3,549,400 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хайрхан Капитал ББСБ” ХХК нь хариуцагч П.Жаргалд холбогдуулан  3,549,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Жаргал нь  “Хайрхан Капитал ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

              Хариуцагч П.Жаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, П.Жаргалд холбогдох “3,549,400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.Жаргал нь  “Хайрхан Капитал ББСБ” ХХК-ийн 3,549,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, П.Жаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.740 төгрөгийн 35,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35,870 төгрөгийг, хариуцагч П.Жаргалаас 35,870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хайрхан Капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР