Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Бичил 19-1 тоотод түр оршин суух, -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга /д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, урамшуулал 4515367 /дөрвөн сая таван зуун арван таван мянга гурван зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн  Засаг даргын 2015 оны 10 сарын 7-ны өдрийн ӨБ/408 тоот тушаалаар ажил албан тушаалаасаа хууль бусаар халагдсан. 2015.11.30-нд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2016.03.03 шийдвэрээр аймгийн засаг даргын Б/408 тоот захирамжийг хүчингүйд тооцож, 2016.07.01-өдрийн В/35 шийдвэрээр 2016.07.18-ны өдөр ажилдаа эргүүлэн  томилогдсон. Анхан шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаснаас хойш 2015 оны 11 сарын 1-нээс 2016 оны 7 сарын 18-ны өдрийг хүртлэх 113 хоног ажилгүй байлгаж намайг болон ар гэр ахуй амьдралд хохирол учруулсанд маш их гомдолтой байна. 2016 оны 6 сарын 30-ны өдрийн В/35 тоот захирамжаар ажилдаа эргэж томилогдсон. Иймд ажилгүй байсан хугацааны 113 хоногийн цалин хөлс, нэмэгдэл нийт 4515367 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Адаацаг сумын иргэн *******ын ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс *******ыг Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2517417 /хоёр сая таван зуун арван долоон мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөг олгуулахаар 2016 оны 3 дугаар сарын  3-ны өдрийн 139/ШШ2016/00064 дугаар шийдвэр гарч улмаар Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 203/МА2016/00031 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг ямагт хүндэтгэж ирсэн. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 12 хоногийн дараа буюу аймгийн Аудитын газрын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/18 тоот актаар Адаацаг сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ******* нь хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж 4283400 /дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хуулинд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус баримтаар тооцуулж авсан зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг. Иймд *******ыг Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилохдоо биечлэн уулзаж уг зөрчлийг анхааруулах, дахин мөнгө, санхүүтэй холбоотой зөрчил , дутагдал гаргахгүй ажиллах талаар үүрэг, чиглэл өгөх, мөн ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнд аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд /аймгийн Боловсрол, соёлын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс г.м/-аас оролцуулан байгуулах, мөнгө санхүүтэй холбоотой дээрх зөрчлийг хэрхэн арилгах талаар сургуулийн захирал *******, сургуулийн ня-бо, сумын удирдлагыг байлцуулан нэгдсэн ойлголт, зөвлөмж өгч үүрэгжүүлэх талаар ажил хүлээлцүүлэх аймгийн комисст даалгах шаардлагатай байсан. Аймгийн Засаг дарга Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 203/МА2016/00031 дугаар магадлалыг 2016 оны 5 дугаар сард хүлээн авсан даруй *******ыг Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох болоход иргэн ******* нь 2016 оны 4 дүгээр сард тус аймгаас шилжилт хөдөлгөөн хийлгэн Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороонд оршин суух болсон тул тухайн сумандаа өөрийн биеэр ирсэн үед нь ажилд нь томилж, ажлыг нь хүлээлцүүлэхээр хүлээсэн. ******* нь Шүүхийн шийдвэрийг мэдэж байсны хувьд энэ хугацаанд аймаг, сумын Засаг дарга болон бусад албан тушаалтанд Адаацаг суманд хэзээ очих, эсвэл огт очихгүй тухай болон ажлаа хэзээ хүлээлцэх боломжтой талаар огт мэдэгдэлгүй, Адаацаг сумандаа ирэлгүй 2016 оны 6 сарын 30-ны өдрийг хүрсэн юм. Аймгийн Засаг дарга 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар *******ыг ажилд эгүүлэн томилж, өөрийн биеэр сумандаа байгаагүй тул Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэхийг Адаацаг сумын Засаг даргад даалган шийдвэрлэж, төсөв санхүүгийн боломжоос хамааран ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2517417 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард зохих дансанд нь шилжүүлсэн. Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 2016.07.01-нээс 2016.07.08-ны хооронд сумын удирдлагууддаа мэдэгдэн зохион байгуулалттай аялалд явсан. 2017.07.09-2016.07.17-ныг дуустал амралтын өдрүүд таарсан тул 2016 оны 7 сарын 18-ны өдөр *******д сургуулийн захирлын ажлыг нь хүлээлцүүлсэн. Иймд *******ын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу аймгийн засаг дарга хариу тайлбараа тодорхой гаргасан. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдож гаргасан шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж ирсэн. Хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэрийг хүлээж авахад ******* захирал Дундговь аймгийн Адаацаг суманд оршин суух хаяггүй байсан. Үндсэндээ шүүхийн шийдвэр гаргахаас өмнө Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн байж байгаад шүүхийн шийдвэр гарснаас хойш шилжээд явчихсан байсан. Шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Адаацаг сумын хаягаар ажилд авахаар гарсан байсан. Нэхэмжлэгч нь мөнгө, санхүүтэй холбоотой зөрчил гаргасан гэдэг нь шүүхийн шийдвэр гарснаас хойш тогтоогдсон. Шүүхийн шатанд нэхэмжлэгч энэ зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй учраас нэхэмжлэгчийг өөрийг нь болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг байлцуулж байж 4 сая билүү 5 сая төгрөгийн тэтгэмжийг авчихсан гэдгийг нь анхааруулж, дахин ийм зөрчил гаргаж болохгүй талаар хэлж өгөх байсан юм. Шүүхээр нэхэмжлэгчийг буруугүй гээд тогтоосон учраас нэхэмжлэгч буруугүй гээд ойлгочихсон байх гэж бодоод заавал өөрийг нь байлцуулах гэж байсан юм. Мөн нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Адаацаг суманд шилжиж ирснийх нь дараа ажлыг нь  хүлээлцэх талаар шийдвэр гарсан байсан учраас нэхэмжлэгчийг байгаад Дундговь аймгийн Адаацаг суманд шилжиж ирэхийг нь хүлээж байгаад хугацаа алдсан юм. Бусдаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй гэсэн зүйл байгаагүй. 6 сарын 30-нд шийдвэр гарсан. 7 сар олон амралтын өдрүүдтэй байсан. Сургуулийн хүүхдүүд амарчихаад сургуулийн хамт олон нь аялал, зугаалганд явсан юм байна лээ. 7 сарын 8-наас 15-ныг дуустал амралтын өдрүүд таараад 18-н өдөр ажлыг нь хүлээлцүүлсэн гэж тайлбарладаг. 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Б/35 тоот захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Мөнгө, санхүүгийн боломжгүй байдлаас хамаараад 8 сард олгосон байдаг. Ажилд томилох нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарсан зүйл байгаа юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Аудитын акт гарсан. Тэтгэмжээ хууль бусаар авсан гэдгээ нэхэмжлэгч ойлгоогүй байх бий гэдэг үүднээс заавал өөрийг нь байлцуулж байж тайлбарлах шаардлагатай байсан юм гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Э нь Дундговь аймгийн засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, урамшуулал 4515367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг өгөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

  1. Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн В/35 дугаар *******ыг ажилд томилох тухай захирамжийн эх хувь /хэргийн 9-р хуудас/
  2. Дундговь аймгийн Адаацаг сумын дунд сургуулийн захирал *******ын цалингийн тодорхойлолт; /хэргийн 10-р хуудас/
  3. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаар Ажил хүлээлцэх комисс томилох тухай захирамжийн хуулбар, /хэргийн 11-р хуудас/
  4. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/63 дугаар цалин тогтоомж тогтоох тухай захирамжийн хуулбар, /хэргийн 12-р хуудас/
  5. Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36-р хуудас/
  6. Үндэсний Аудитын газрын харъяа Дундговь аймгийн Аудитын газрын 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 01/18 тоот төлбөр тогтоох актын хуулбар /хэргийн 37-38-р хуудас/
  7. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 139/ШШ2016/00064 дугаар шийдвэр, /хэргийн 39-42-р хуудас/
  8. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 203/МА2016/00031 дугаар магадлал /хэргийн 43-46-р хуудас/ зэрэг болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Ж.Э 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 139/ШШ2016/00064 дугаартай Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоосон байна. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 139/ШШ2016/00064 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 203/МА2016/00031 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд тус магадлалд зохигч гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Ж.Эг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирамжаар Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох ёстой болохыг заасан. Ажилгүй байсан хугацаа гэдэгт ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс эхэлж, ажилд нь эгүүлэн тогтоох хүртэлх бүх хугацааг хамруулан тооцно.

Учир нь: Ажилд эгүүлэн тогтоох асуудлыг шүүхээс шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаанд явагдаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч буюу ажилтны хүсэл зоригоос үл хамаарсан, гагцхүү ажлаас үндэслэлгүй халсан гэх үйл баримттай холбогдон гарч байгаа үр дагавар юм. Өөрөөр хэлбэл ажилтныг үндэслэлгүй халсан, шүүхээр асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс олгох журмын 7-д зааснаар гаргуулах нь зүйтэй.

 

Ж.Эг 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 139/ШШ2016/00064 дугаартай Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосноос хойш Дундговь аймгийн засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирамжаар Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн томилох хүртэл хугацааны цалин хөлсийг олгоогүй, мөн 139/ШШ2016/00064 дугаартай шүүхийн шийдвэрээр 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1 сарын цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн гэх үйл баримтууд дээр талууд тус тус маргаагүй.

           Нэхэмжлэгч 2016 оны 2 сараас 2016 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байгаа тул  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс олгох журмын 7-д зааснаар нэг өдрийн цалинг 39959 /гучин есөн мянга есөн зуун тавин ес/,  / 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 139/ШШ2016/00064 дугаартай Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 39959 төгрөг гэж шийдвэрлэсэн байх бөгөөд нэг өдрийн цалин 39959 төгрөг дээр талууд маргаагүй болно./ төгрөг, ажилгүй байсан 2016 оны 2 сард 20 хоног, 3 сард 22 хоног, 4 сард 21 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 21 хоног, нийт 106 /106*39959= 4235654/ хоногийн цалин 4235654 /дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279713 /хоёр зуун далан есөн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91900 /ерэн нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82720 /наян хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4235654 /дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279713 /хоёр зуун далан есөн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91900 /ерэн нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 82720 /наян хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х