Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 6549

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Их эзэн Чингис хааны талбай-5, өөрийн байранд байрлах “Голомт банк” ХХК-ийн /РД:2075377/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 5-19 тоотод байрлах “БИТМЭЗ” ХХК-д /РД:5402034/ холбогдох,     

Зээлийн гэрээний үүрэг 19,039,646.68 төгрөг гаргуулах, ЗБ150004506 дугаартай Ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “БИТМЭЗ” ХХК-ийн захирал Ү.Алдармаа нь 2014 оны 3 дугаар сарын  10-ны өдөр Голомт банктай ЗГ3150004506 тоот Зээлийн гэрээ, ЗБ3150004506 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулан 46 сарын хугацаатай, жилийн 7,0 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч зарцуулсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ3150004506 тоот гэрээний зээлдэгчийн зүгээс хүлээсэн үүргийн харилцааг тусгасан тодорхой заалтууд зөрчигдөн, гэрээний хавсралтад заагдсан зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ зээлдэгч нь удаа дараа биелүүлэхгүй байгаа, банкны үзэж байгаагаар зээлийн хөрөнгийг эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн нөхцөл байдал үүссэн зэргийг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 19,039,646.68 төгрөгийг гаргуулж, ЗБ3150004506 тоот Ипотекийн гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгүүдээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү” гэжээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “БИТМЭЗ” ХХК-ийн захирал Ү.Алдармаа-д холбогдуулан “19,039,646.68 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 19,039,646.68 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ний дотор бүрэн төлж барагдуулна, хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол ЗБ150004506 дугаартай Ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

 

   Хариуцагч “БИТМЭЗ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “БИТМЭЗ” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “БИТМЭЗ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 19,039,646.68 төгрөг гаргуулах, ЗБ150004506 дугаартай Ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны дотор нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, “БИТМЭЗ” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,148.23 төгрөгийн 126,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 126,574 төгрөгийг, хариуцагч “БИТМЭЗ” ХХК-иас 126,574 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР