| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн 1906 06247 2608 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн 3-1 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн барилгын хашаанд түр амьдрах, гавьяа шагналгүй,
Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 84 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 92 дугаар сургуулийн урд талын задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Мөнх-Отгоныг түлхэж унагааж, зүүн гарыг нь өчиж, үстэж унагаан, дэвсэж, өшиглөн, газар чирэн, галын сэтгүүр төмрөөр боож, өчиж цохин зодож, биед нь баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн даланд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд шарх, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцарал, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Мөнх-Отгоны өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Н.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч А.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12187 дугаартай дүгнэлт /хх-15/, аюулын зэргийн үнэлгээ /хх-5/, Ц.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Ц.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 92 дугаар сургуулийн урд талын задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Мөнх-Отгоныг түлхэж унагааж, зүүн гарыг нь өчиж, үстэж унагаан, дэвсэж, өшиглөн, газар чирэн, галын сэтгүүр төмрөөр боож, өчиж цохин зодож, биед нь баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн даланд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд шарх, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцарал, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Өнөбатын өгсөн: “ ... 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн урд талын барилгын хашаанд хамтран амьдрагч Батбаярын ах Энхтөрийн гэрт ирээд 5-6 хоносон. Тэгээд манай найз Мөнхжаргал ирээд бид дөрөв 2 шил архи хувааж ууцгаасан. Мөнхжаргал, Энхтөрийн хамт гэрээс гараад явсан. Ороод ирэхэд нь бид хоёр ороо хураах гээд байж байхад Батбаяр миний гар утсыг авчхаад өгөхгүй байсан. Гар утсаа авах гэсэн чинь Батбаяр “энэ балай хар авгай ингэдэг байхгүй юу” гээд ор руу түлхэж унагаагаад зүүн талын гарыг өчсөн. “Чи болиоч” гэхэд орноос үстэж газар унагаасан. Гутлаа аваад өмсөх гэсэн чинь Батбаяр миний гутлыг гаргаж шидсэн. Гутлаа гараад авах гэтэл Батбаяр миний дээрээс дэвсэлж өшиглөөд чулуун дээгүүр чирээд чулуу авч шидсэн. Галын сүтгүүр төмрөөр боож, өчиж, цохиод байсан. Тэгээд гаднаас Энхтөр, Мөнхжаргал нар орж ирээд болиоч гээд болиулсан. Тэндээс цагдаа дуудаад ах нараа дуудаад явсан. Батбаяр бид хоёр байсан. Сүүлд нь Энхтөр, Мөнхжаргал нар орж ирсэн. Баруун хацар, шанаа орчим тэр чигээрээ халцарч шалбарч, баруун нүд хөхөрч, зүүн хөлийн шагай, хөл орчим гэмтсэн байсан. Зүүн тал тэр чигээрээ хөндүүр байсан. 5 жил хамтран амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Өмнө нь зодож байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн урд талын хашаанд Батбаяр, Мөнх-Отгон, Энхтөр бид дөрөв байсан. Энхтөрийн хамт дэлгүүр ороод ирэхэд Мөнх-Отгон газар суугаад Батбаяр “оръё” гээд хажууд нь зогсож байсан. Юм яриад маргалдаад байсан. Тэр өдрөө хоноод маргааш нь явсан. Мөнх-Отгон нь маргааш нь “явж чадахгүй байна” гээд цагдаа дуудсан. Мөнх-Отгоны нэг нүд нь зулгарсан, зүүн хөлний шилбэнээс цус гараад байхаар нь боож өгсөн. Мөнх-Отгоны зүүн шагайн дээр хавдсан байсан. Мөнх-Отгон “Батбаяр намайг зодсон” гэж хэлж байсан. Би Батбаяр, Мөнх-Отгонтой найзууд байгаа юм яг зодох үед нь Энхтөр бид хоёр хамт байгаагүй. Зодуулчихлаа гээд байж байсан. Дэлгүүр явахаас өмнө Мөнх-Отгон зүгээр гэмтээгүй байсан, дэлгүүр явсан хойгуур Батбаяр зодсон юм шиг байна.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Энхтөрийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Батбаяр, Мөнх-Отгон нарын хамт байж байгаад би Мөнхжаргалын хамт дэлгүүр ороод ирэхэд маргалдаад байж байсан. Яг юунаас болж маргалдаж зодоон болсныг мэдэхгүй. Мөнх-Отгоны зүүн хөлийн шилбэнээс цус гарсан байсан. Батбаярыг чулуун дээр чирсэн гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй.” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12187 дугаартай дүгнэлтэд:
1. Хохирогч Л.Мөнх-Отгоны биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн даланд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд шарх, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцарал, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б яллагдагчаар өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн урд талын барилгын хашаанд Энхтөр, Мөнхжаргал, Мөнх-Отгон нарын хамт байсан. Өмнөх орой нь 2 шил архи хувааж уусан байсан. Тэгээд Энхтөр, Мөнхжаргал нар тамхи авах гээд дэлгүүр рүү явсан. Ороо хураах гэж байгаад хөнжил завсар Мөнх-Отгоны гар утас байсныг мэдэлгүй цуг гаргаж тавьсан байсныг би мэдээгүй байсан. Тэгтэл Мөнх-Отгон “гар утас аваад ир” гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Тэрнээс болоод маргалдсан. Мөнх-Отгон гадаа байснаа намайг түлхээд “чи ахынхаа авгайтай унтдаг биз дээ” гээд байсан. Тэгээд би “юу гэж тэгдэг юм” гээд маргалдсан. Маргалдаж байгаад Мөнх-Отгон намайг түлхэхээр нь би буцаагаад түлхсэн. Тэгээд Мөнх-Отгон хаалга мөргөөд гараад явсан. Гараад “чи юу яриад байгаа юм бэ” гэж маргалдсан. Мөнх-Отгоныг гараас нь барих гэж байгаад толгой, нүүрэн орчим 1 удаа цохигдсон. Тэгээд байж байхад Энхтөр, Мөнхжаргал нар орж ирсэн. Шил архи хувааж уугаад Мөнх-Отгон бид хоёр хоолны юм авчраад байж байгаад амарсан. Маргааш өглөө нь босож би 1 шил архи авчирч уугаад унтсан. Сэрэхэд цагдаа ирсэн байсан. Хамт амьдраад 5 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. Би Мөнх-Отгоныг өмнө нь зодож байгаагүй. Би хөдөө Төв аймгийн Баян суманд мал маллаж байгаад ирсэн.” /хх-27/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-5/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-36-37/,
Шүүгдэгч Ц.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 92 дугаар сургуулийн урд талын задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Мөнх-Отгоны эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Л.Мөнх-Отгон нь 224.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан болох нь тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгч Ц.Б гаргуулж хохирогчид олгохоор тогтов.
Хохирогч Л.Мөнх-Отгон нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ц.Б 224.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнх-Отгонд олгосугай.
5. Хохирогч Л.Мөнх-Отгон нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС