Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 110

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Д.М  түүний орчуулагч Г.Болормаа,

шүүгдэгч Г.Б , тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М  Г.Б  нарт холбогдох эрүүгийн 1802 00515 0277 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Турк улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Австри улсын Салцбург хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, Турк улсын “  сургуульд суралцаж байгаад гарсан дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цахим биткойн арилжаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод түр оршин суух, Турк улсад бусдын нэр төрд халдсан хэргээр торгуулын ялаар шийтгүүлж байсан гэх,  дугаарын гадаад паспорттой, хэрэг хариуцах чадвартай,   регистрийн дугаартай, Д.М .

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, манекурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Турк улсын иргэн, Д.М  түүний эхнэр

Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М  мэдүүлэхдээ: “...Би интернетээс ташаа мэдээлэл олж аваад ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Та бүгдийн цаг завыг үрж байгаад уучлаарай. Хүндэт шүүгч болон улсын яллагч нараасаа уучлалт гуйж байна. Би Монгол улсын хуулийг дахиж зөрчихгүй. Миний гэр бүл санамсаргүй байдлаар ийм гэмт хэрэгт холбогдчихлоо. Дахиж би шорон руу буцмааргүй байна та бүхнээс үнэн шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Дахиж хууль зөрчихгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй Би нөхөртөө маш их хайртай. Манай нөхөр хоригдож байхад надад маш хэцүү байсан. Манай гэр бүлийг минь битгий салгаач. Бидэнд нэг удаа боломж олгож өгнө үү. Итгэлийг тань бид алдахгүй. Ганц удаа боломж олгохыг гуйж байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны 14 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1хх-7-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-157-158/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлт /1хх-168-170/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 169 дүгнэлт /1хх-198-199/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 170 дугаартай дүгнэлт /1хх-195-196/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 169 дугаартай дүгнэлт /1хх-198-199/, шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-232-233/, шүүгдэгч Д.М -ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-246-247/, шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-24/ шүүгдэгч Д.М -ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-4/ шүүгдэгч Д.М  Г.Б  нарын хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-6-7/, шүүгдэгч Д.М  Г.Б  нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-21/, шүүгдэгч Г.Б иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-25/, шүүгдэгч Г.Б Улсын Нэгдүгээр эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх /2хх-29-37/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

 Шүүгдэгч Турк улсын иргэн Д.М  түүний эхнэр Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ургамлын өгсөн: “...Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаг эмчилгээний найрлагад дельта-9 тетрагидроканнабинол багтдаг эсэх талаар би хариулж мэдэхгүй байна. Дельта-9 тетрагидроканнабинол агуулсан каннабисыг эм хийж хэрэглэж болдог. Гэвь хууль эрх зүйн хувьд Монгол улсад хэрэглэж болохгүй.” /1хх-132-133/ гэх мэдүүлэг,    

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б яллагдагчаар өгсөн: “...Миний хагалгаанд орж авахуулсан хавдар бага зэрэг үлдсэн юм уу аль эсвэл дахиж ургаад байгаа юм уу мэдэхгүй хааяа хавдаж өвдөөд үе үе нүүр далийгаад байх шиг болдог. Тийм болохоор одоогоос 2 сарын өмнөг интернетээр мэдээлэл үзэж байгаад байтал хавдарын эсрэг тэмцдэг бодистой ургамал байдаг. 2 настай хүүхэд хүртэл эдгэсэн хөгшин настай хүн хүртэл эдгэсэн талаар мэдээд бии нөхөрөө энэ талаар хэлсэн. Америк, Туркэд энэ ургамлын орц найрлагатай цацлага хүртэл байдаг юм байна лээ. Манай нөхөр надад маш их халамжтай миний булчирхайнд байнга санаа зовдог болохоор миний хэлсэн ургамлыг хэрэглээд үзье гэж шийдээд тэр ургамлын үрийг интернетээр захиалж Ямар хаягаар захиалсаныг манай нөхөр мэдэж байгаа. Надад бол интернетийн мэдлэг байхгүй. Уг захиалга хийснээс хойш 10 орчим хоногийн дараа гэрийн хаягаар буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод байх хаягаар “Монгол шуудан” ХХК-аар илгээмж ирсэн. Тэгээд аваад үзэхэд жижигхэн бондгор самар шиг зүйл байсан. Тэрийг манай нөхөр интернетээр харж байгаад хэрхэн яаж ургуулах талаар судлаж тарьсан. Бордоо гээд савтай зүйлүүдийг бас илгээмжээр “Монгол Шуудан” ХХК-аас би өөрийн биеэр очиж авсан. Мөн тэр чийгшүүлэгч, багаж техник гэх мэтийг дандаа илгээмжээр авсан. Цагдаа нар гэрт орж ирж үзлэг хийх үед уг ургамал 1 cap л ургасан байсан. Нөхөр бид 2 уг ургамал мэт зүйлийг хар тамхи, мансууруулах бодисын төрлийн ургамад гэж мэдээгүй, интернет зар дээр эмчилгээний зориулалтын ургамал гэж бичсэн байсан. Харин тэр зурагтын тавиур дээр байсан ургамал мэт зүйл бол уг ургаж буй ургамлаас өөрөө хатаад унасан байсан навч байгаа юм. Манай хүүхэд мөлхдөг болохоор авчихаж магадгүй гэж бодоод уг навчийг аваад зурагтын тавиур дээр тавьсан. Ёроолыг нь цоолсон сав бол шиша буюу усан тамхийг нөхөр татахдаа ашигласан.” /1хх-115-116, 232-233/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.М -ын яллагдагчаар өгсөн: “...Уг ургуулсан үрийг яг ямар сайтаас захиалж авсанаа би мэдэхгүй байна. Уг үрийг захиалснаас хойш 10-20 өдрийн дараа ирсэн байх. 3арим бараа бүтээгдэхүүнийг би өөрөө очиж авч байсан, заримыг нь гэрт хүргэж ирж байсан учир яг уг үрийг яаж авсанаа санахгүй байна. Уг үрийг суулгаж ургуулаад 20 орчим өдөр болж байсан. Уг ургамлыг ургуулах аргыг, орчны талаар би интернэтээс мэдэж авсан. Би уг ургамлыг Каннабис гэх ургамал гэж мэдээгүй. Би тэр кварц гэрлийг нь алиэкспресс сайтаас захиалан худалдаж авсан. Уг цэцгийг хэзээ боловсрох, хавдарт хэрэглэж болох хугацааг би яг мэдэхгүй байсан. /1хх-246-247/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн "№8 гэж дугаарласан ургамлаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг" гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, "№13 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал зүйл, №18 гэж дугаарласан ургамлаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг" гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйл, номин гэсэн бичиглэл бүхий скочоор ороосон ур мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн номин гэсэн бичиглэл бүхий скочоор ороосон ур мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “№8 гэж дугаарласан ургамалаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг” гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйл, “13” гэж дугаарласан ногоо өнгийн ургамал мэт зүйл, “№18 гэж дугаарласан ургамалаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг” гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйлд делта 9 тетрагидроканнабилнол илэрсэн.

4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /1хх-168-170/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 169 дүгнэлтэд:

1. Д.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Д.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмэггүй байна.

4. Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

5. Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.М одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Д.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Д.М эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Д.М нь мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /1хх-198-199/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 170 дүгнэлтэд:

1. Г.Б  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Г.Б  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Г.Б  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Г.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Г.Б  нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Г.Б  нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Г.Б  нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Г.Б  нь мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /1хх-195-196/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-29/,

Эд зүйлд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-137-138, 139-156/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-157-158/,

  “Монгол Шуудан” ХХК-ны албан бичиг, хавсралт /2хх-48-51/,

  Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-24/,

          Шүүгдэгч Д.М -ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-4/

          Шүүгдэгч Д.М  Г.Б  нарын хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /2хх-6-7/,

          Шүүгдэгч Д.М  Г.Б  нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-21/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.М , түүний эхнэр Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлт, “Монгол Шуудан” ХХК-ны албан бичиг, хавсралт,  Д.М  Г.Б  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаярын зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалт байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий анги 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх боломжтой.” гэх дүгнэлт тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Д.М , Г.Б  нар нь бүлэглэн 2018

оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан “ бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тариалсан, ургуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтанд байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэдэг бодисыг хэлнэ. Хууль бусаар тариалсан байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан жагсаалтад дурдсан мансууруулах бодис бүхий бүх төрлийн ургамлын үр цацах, суулгах, таримал ургамал ашиглах зэргээр өөрийн болон бусдын газарт тариалсаныг ойлгоно. Мөн ургуулсан гэдэгт мансууруулах бодис бүхий ургамлын үр, суулгацыг тарьсаны дараах боловсрох хүртэл услах, бордох, хортон шавьж, хог ургамлыг устгах, тэдгээрээс хамгаалах зэргээр зориудаар тарьж ургуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хэлнэ.

 

Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалах, ургуулах үйлдлийг хууль бус шинжтэй ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго гэмт хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М  Г.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.М  Г.Б  нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Д.М  Г.Б  нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.М  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.М -н цагдан хоригдсон нийт 237 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охинтой болох нь тэдний хүүхдийн төрсөний гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч Г.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “ шүүгдэгч нь шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байх бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хадгалах, №35 гэж дугаарлан хураан авсан 40x40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй Каннабис гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, 8 гэж дугаарласан хайрцагний хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан DAEWOONG гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хураан авсан "Хүлэгт хөрс" гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан хураан авсан BASE A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан Хатан туул гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарлан 5мл-1 ширхэг, 3 мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цагаан цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ 100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, 13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм, №81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлыг үр мэт зүйл 9 ширхэг, 8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд мөрийн баримтуудыг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д.М  Г.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тариалсан, ургуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М  Г.Б  нарт тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д шүүгдэгч Д.М -ын цагдан хоригдсон 237 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч Д.М  Г.Б  нарт тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         5. Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          6. Г.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурьдсугай.

 

     7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.          

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хадгалж, №35 гэж дугаарлан хураан авсан 40x40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй Каннабис гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, 8 гэж дугаарласан хайрцагний хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан DAEWOONG гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хураан авсан "Хүлэгт хөрс" гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан хураан авсан BASE A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан Хатан туул гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарлан 5мл-1 ширхэг, 3 мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цагаан цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ 100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, 13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм, №81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлыг үр мэт зүйл 9 ширхэг, 8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.М -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

      10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС