Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 213

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч М.Ууганбаяр,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М т холбогдох эрүүгийн 1903 01343 0001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.М .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 23 цаг 35 минутын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Жуковын музейн баруун талын замд Toyota prius маркийн 92-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ууганбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Надад нийт 1.230.000 төгрөг өгсөн байгаа. Гомдол санал алга. Би гутлын үйлдвэрт ажилдаг байсан. Одоо миний цалин болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоо 2 сар гэртээ хэвтэнэ.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, хохирогч М.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14181 дугаартай дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Б.М  ял шалгах хуудас /хх-63/, шинээр “Батхаан Заамар” ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 23 цаг 35 минутын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Жуковын музейн баруун талын замд Toyota prius” маркийн 92-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ууганбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ууганбаярын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 23 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын музейгийн баруун талын туслах замын явган хүний гарцаар зам хөндлөн буюу зүүнээсээ баруун чиглэлтэй гарч байх үед тоёота приус маркийн 92-34 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн. Тэр машин урдаасаа хойшоо чиглэлтэй уулзвараар хойшоо эргээд явж байсан. Тэгээд мөргүүлээд газар унасан байхад жолооч нь бууж ирээд түргэн дуудсан. Тэгсэн удалгүй түргэний эмч ирээд намайг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү яваад явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “миний зүүн хөл шилбээрээ хугарсан байна, хэвтэж эмчлүүл хөлөнд чинь хагалгаа хийнэ” гээд намайг шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн.  Замын гэрэлтүүлэг асаалттай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан, зам хальтиргаа гулгаагүй байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинбаатарын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн автобусны буудлын зүүн талаас такси бариад Жуков руу явсан. Тэгээд төв замаас Жуковын хөшөөны зүүн талын замаар өгсөх үед урд нэг машин явж өнгөрөөд манай жолооч баруун эргээд явахад явган зорчигч зам гарах гээд хүлээгээд зогсож байсан. Тэгсэн тэр мөргүүлсэн гэх залуу гэнэт жолооч талаас буюу баруун талаас гарч ирээд машины баруун кирлод шүргүүлээд газар унасан. Тэгэхээр нь жолооч тэндээ зогсоод цагдаа болон түргэн дуудсан. Би тэр үед жолоочтой цуг байж байгаад мөргүүлсэн явсан зорчигч мөргүүлэх үедээ зүүн гартаа нэг шил архи барьчихсан явж байсан ба мөргүүлээд газар унасан байх үед “миний хөл өвдөөд байна, энийг задлаад өгөөч” гэхээр нь би архийг нь задалж өгч уулгасан. Уг мөргүүлсэн явган зорчигч тухайн зам тээврийн осол гарах үед нилээн согтолттой байсан тэр залуугийн архийг задалж өгөх гээд ойртох үед угаасаа нилээн архи үнэртэж байсан.” /хх-25/ гэх мэдүүлэг,      

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 14181 дугаартай дүгнэлтэд:

           1. М.Ууганбаярын биед тархи доргилт, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-26/ гэх дүгнэлт,

 

           Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 6-ний өдрйн 21206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33-36/,

Хавсаргасан баримт /хх-37/,

 

          Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд:

          1. Тоёота приус маркийн 92-34 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Б.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Явган зорчигч М.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          4. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаар Тоёота приус маркийн 92-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.” /хх-42-43/ гэх дүгнэлт,

      

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М ын яллагдагчаар өгсөн: “...Би хохирлыг барагдуулаад явж байгаа. Зам тээврийн осол гаргасан нь миний буруу би энэ хүнд учирсан хохирлын төлбөрийг бүрэн барагдуулна.” /хх92/ гэх мэдүүлэг.

 

          ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, 

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-4-11/,

 Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-13/,

          Гэмтэл согог судлалын төвийн Үндэсний төвийн өвчний түүх /хх-47-55/,

          Хохирол нэхэмжилсэн баримт /хх-72-76/,

          Хохирол төлсөн баримтууд /хх-79-82/,

          Шүүгдэгч Б.М  ял шалгах хуудас /хх-63/ болно.

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 23 цаг 35 минутын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Жуковын музейн баруун талын замд Toyota prius маркийн 92-34 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ууганбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Ууганбаярын өгсөн мэдүүлэг, Б.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 14181 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 1 дугаар сарын 8-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 6-ний өдрйн 21206 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсаргасан баримт, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл, Гэмтэл согог судлалын төвийн Үндэсний төвийн өвчний түүх, хохирол нэхэмжилсэн баримт, хохирол төлсөн баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.М  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.М  нь хохирогч М.Ууганбаярт баримтын хэмжээнд үнэлэгдсэн 1.230.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт 2 сарын цалин хөлс болох 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Иймээс шүүхээс шүүгдэгч Б.М т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.М ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М  нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

 5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС