Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 160

 

 

                                                           

 

 

 

 

 2020            03           02                                     2020/ШЦТ/160

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саяаан овгийн Бооройн Бод холбогдох эрүүгийн “2011001780064” дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-156 тоотод оршин суух хаягтай, урьд:

2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хугацааны өмнө суллагдсан, Саяаан овгийн Б Б /РД: ...............

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 9-156 тоотод орших гэртээ өөрийн төрсөн хүү Б.Бүүвэйхүүтэй маргалдан, улмаар түүний өгзгөн тус газар нь хутгаар зүсэж зүүн өгзөгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв. 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...ингээд маргааш өдөр нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн үед хүү Бүүвэйхүү бид хоёрыг архи уулаа гэж уурлаад байхаар нь би хүү Бүүвэйхүүд хандан чи нэг охинтой үерхдэг болсноос хойш ааш зан чинь их өөрчлөгдөөд байгаа шүү, хүнтэй үерхэхэд арай эрт байна, үерхэл чинь бүтэхгүй гээд хэлчихсэн чинь хүү Бүүвэйхүү надад уурлаад надад тань шиг аав хэрэггүй гэж хэлснийг сонсоод би архи гараагүй согтуудаа уурандаа хутга аваад хүүгийнхээ зүүн талын өгзгөнд хутгалчихсан...” гэх /хх-ийн 39-40х/,

Хохирогч Б.Бүүвэйхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 22 цагийн үед аав Б, ээж Баянжаргал нар гэрээсээ гарч яваад үүрээр 04 цагийн үед гаднаас хоёулаа согтуу орж ирцгээсэн. Тэгсэн ээж орж ирээд орон дээр унтаад өгсөн. Харин манай аав Б үглээд, орилж хашгирч сонсогдоод байсан. Би тэгээд унтаал өгсөн. Ер нь манай аав уухаараа жаахан үглээ зантай болчихдог юм. Тэгээд өдөр 12 цагийн үед намайг аав Б чи нэг охинтой үерхдэг болсноос хойш наад ааш авир чинь өөрчлөгдөөд байгаа шүү, хүнтэй үерхэхэд арай эрт байна, үерхэл чинь бүтэхгүй гээд балай балай юм яриад байхаар нь би уурлаад надад тань шиг аав хэрэггүй гэж хэлсэн чинь аав намайг барьж аваад орон дээр дарж хоолой бооход би хөлөөрөө жийж түлхэж ардаас нь босоод аавын зүүн талын шанаа хэсэг рүү нь 4 удаа цохисон. Энэ үеэр ээж Н.Баянжаргал дундуур орж салган ээж намайг салгаж аваад орон дээр намайг дараад хэвтсэн. Тэгсэн миний зүүн талын өгзөг хэсгээр бүлээн оригоод эхлэхээр нь гараараа дарсан чинь цус гарч байсан. Аав Б хутгаар зүсэж гэмтээсэн. Манай аав урьд өмнө намайг цохиж, зодож байгаагүй, намайг эрт хүнтэй үерхэж байна энэ тэр гэж янз бүрийн юм ярьж байгаад бид хоёр маргалдаж, зодолдсон юм... гэх /хх-ийн 10-11, 17х/,

Н.Баянжаргал хохирогчийн хууль ёсны төлөөгөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ингээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны үүрээр 04 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Би шууд унтах гээд орон дээрээ хэвтээд өгсөн. Манай нөхөр Б гэртээ орилж хашгираад л сонсогдож байснаа янз бүрийн юм яриад л хүнтэй үерхэж байна, үерхэл чинь бүтэхгүй гээд балай балай юм ярихад нь манай хүү маргалдаад эхэлсэн. Өмнө нь тэр хоёрын дунд ямар нэг маргаан, асуудал болж байгаагүй. Манай хүү Бүүвэйхүү уурлаад надад тань шиг аав хэрэггүй гэж хэлснээс болоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд л хүүгийн зүүн талын гуянд хутгалчихсан байсан...” гэх /хх-ийн 14-15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1463

Б.Бүүвэйхүүгийн биед зүүн өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх- ийн 25-26х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6х/,

Эд мөрийн баримтаар хураах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 30 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Саяаан овгийн Бооройн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 30 см урттай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.АРИУНБОЛД