Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00463

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2530 дугаар магадлалтай,

Б.Эийн нэхэмжлэлтэй

С.Төд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэбилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэрийн дүү болох нэхэмжлэгч Б.Эөд хариуцагч С.Т нь өөрийнхөө хүсэлтээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өмнө зээлсэн мөнгө болох 5 596 000 төгрөгийн төлбөрөө бүрэн өгч дуусгахаар тохиролцон бичиг хийж өгсөн байдаг. Энэ хугацаанаасаа хойш нэг ч удаа холбоо барьж утсаар яриагүй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь нялх хүүхэдтэй, Дархан-Уул аймагт амьдарч байгаа тул төлбөр мөнгөө авахаар хөөцөлдөж чадахгүй байна. Иймд хариуцагчаас 5 596 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний бие нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Б.Эийг сайн танихгүй нэг л удаа харсан. Б.Эийн төрсөн ахын эхнэрн.Наранчимэг гэдэг эмэгтэй нөхрөөсөө салаад надтай хамт амьдарч байсан. Нэг удаа тэрээр надад Б.Эөөс мөнгө авсан удахгүй төлнө гэсэн бичиг хийгээд өгчих гэхээр нь би модны хоёрт очиж бичиг хийж өгөхдөө анх харсан. Би 2014 оны 12 дугаар сард н.Наранчимэгээс 300 000 төгрөг зээлээд удаалгүй буцаагаад 400 000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн үед надруу Б.Эутсаар яриад мөнгөө нэхэхээр нь н.Наранчимэгт хэлэхэд наадах чинь яах вэ, би учрыг нь олно гээд надад сайн тодорхой тайлбар өгөхгүй байсан. Оны дараахан надруу яриад гэрийнхээ хаягийг өгөөч гэсэн. Тэгээд миний гэрийн хаягийг аваад чимээгүй болсон. Тэрнээс хойш нилээн удсаны дараа н.Наранчимэг надруу яриад Б.Э Дархан-Уул аймгаас ирсэн байна чи уулзаад мөнгө төлж өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлсэн. Юу нь мөнгө төлж өгнө гэсэн бичиг вэ гэж асуухад чи надад хайртай бол аргалаад бичээд өгчих, дараа нь би ажил эхэлчихвэл бага багаар нь төлчихнө гэж хэлсэн. Тэгээд би Б.Э рүү утсаар яриад модны хоёрт очоод авсан үнэн болно гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үедээ хэдэн төгрөгийн баримтад гарын үсэг зурсанаа санахгүй байна. Гарын үсэг зурж өгсөнөөс хойш сарын дараагаас н.Наранчимэг надтай харьцахаа больсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг утсаа авдаггүй, гэрийн хаягаа солиод алга болсон гэсэн байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Нэхэмжилж байгаа 5 596 000 төгрөгийг би аваагүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Төөс 5 596 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2530 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэбилэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүхийн шийдвэрт: ..."Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Эөөс мөнгө аваагүй тухайгаа болон баримтыг үйлдсэн шалтгаанаа тайлбарласан, баримтын агуулгаас үзэхэд зээл авсан тухай бус ийм хэмжээний мөнгө өгөх үүрэг хүлээсэн агуулгатай байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх хэсэгт бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гарын үсэг бүхий мөнгө төлөх тухай баримт нь талуудын хооронд байгуулсан ззэлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг харилцан тооцож тогтоосон гэж үнэлэх боломжгүй гэж үзлээ." гэсэн байна. Тэгтэл С.Т нь өөрөө мөнгө хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нотлох баримтыг л шүүхэд эх хувиар нь өгсөн. Түүнээс биш хуурамч баримт гаргаж өгөөгүй, хариуцагч баримт хийж өгснөө ч өөрөө хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн, тэгтэл хариуцагч тал зөвхөн өөрөө амаар тайлбар хэлэн уг бичгийн нотлох баримтыг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх ямар хуулийн заалтыг үндэслэн хүлээн авч дүгнэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй атлаа нотлох баримтад дурьдагдсан төлбөр төлөх болон зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх үнлдэслэлтэй байна гэж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөө хүлээн зөвшөөрч баримт бичиж өгсөн болохоор л шүүхийг энэхүү баримтаар шийдвэрлэдэг юм гэж ойлгоод шүүхэд С.Тийн данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлэн өгч, надад мөн эргүүлэн төлж байсан тухай өөрийн “Хаан банк” дахь дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөлгүй орхигдуулсан байна. 2. Анхан шатны шүүх хуралдаанд "Хариуцагчаас би 2014 оны 12 дугаар сард Наранчимэгээс 300 000 төгрөг зээлээд удаалгүй буцаагаад 400 000 төгрөг шилжүүлэн өгсөн.” гэж тайлбарлан хэлсэн ба иргэн надаас шилжүүлэн авсан болон эргүүлэн дансаар шилжүүлэн төлсөн мөнгөө Наранчимэгээс авч, эргүүлэн өгсөн гэж худал, буруу тайлбар гаргаж түүнийг шүүх дүгнэн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд зөвхөн амаар гаргаж байгаа үгүйсгэсэн тайлбаруудыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч үгүйсгэж байгаа тайлбараа ямар нэг нотлох баримтаар давхар нотлох үүрэгтэй байхад шүүх орхигдуулсан гэж үзэж байна. 3. Анхан шатны шүүхээс “Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү баримтанд дурдсан үнийн дүн бүхий мөнгийг хэзээ, хэдэн удаагийн үйлдлээр хариуцагчид шилжүүлсэн, өр хэрхэн үүссэн талаар нэхэмжлэгч тал нотлоогүй, тайлбар гаргаагүй болно.” гэсэн байна. Б.Э миний бие хууль эрх зүйн мэдлэггүй, мөн нялх хүүхэдтэйгээ Дархан-Уул аймагт амьдардаг. Улаанбаатар хот орж мөнгөө нэхэх боломжгүй байсан болохоор аргагүй эрхэнд шүүхэд хандаж болдог гэж дуулаад өөрийнхөө төлөөлөгч болгож хүргэн ахаа шүүх хуралд ороод өгөөч гэж гуйгаад оролцуулсан. Бас л хуулийн мэдлэггүй болохоор миний дансны хуулгыг шүүхэд өгөөгүй, мөн гэрчээр Наранчимэг нарыг оролцуулах хүсэлт гаргаагүй юм байна. Өөрөөр хэлбэл би энэ мөнгийг төлнө гэж С.Тийн өөрийн гараар бичсэн баримтаар шүүх шийддэг гэж ойлгож банкны мөнгө шилжүүлж байсан, эргүүлэн авч байсан баримтуудыг өгөөгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж иргэн миний шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан үнэлж, дүгнэсэн, мөн нялх хүүхэдтэйгээ арай ядан цуглуулсан хэдэн төгрөгөө хүнд алдахдаа хүрээд байгаа тул дээрхи нотлох баримтыг үнэлүүлэх, өөр нотлох баримт болох дансны хуулгаа өгөх, гэрч оролцуулах, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч авах бололцоог олгох үүднээс шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэж,  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, С.Төд холбогдох Б.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй байна. Б.Эийг төлөөлж Ш.Эрдэнэбилэг төлөөлөн, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Б.Э нь хариуцагч С.Төд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “...мөнгийг аваагүй...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлэх, нөгөө талаас мөнгө зээлэх талуудын хүсэл зоригийн үндсэн дээр уг гэрээ байгуулагдана.

Хариуцагч С.Т нь нэхэмжлэлийг татгалзаж , “...Б.Эийн төрсөн ахын эхнэр Наранчимэг нөхрөөсөө салаад надтай амьдарч байсан юм...Наранчимэг нь Б.Эөөс мөнгө авсан, удахгүй төлнө гээд бичиг хийгээд өгчих гэхээр нь би модны хоёрын тэнд очиж нэг бичиг дээр гарын үсэг зурсан..., би Б.Эийг энэ үед л харсан, түүнээс огт мөнгө аваагүй, ...тэр бичиг дээр нь гарын үсэг зурснаас хойш Наранчимэг  надтай харьцахаа больсон, ...Би Наранчимэгээс 2014 оны 12 дугаар сард 300 000 төгрөг зээлээд удалгүй буцаагаад 400 000 төгрөг өгсөн...өөр ямар нэгэн зээл байхгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

С.Т нь мөнгийг аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч Б.Э нь түүнд 5 596 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар нотолж чадаагүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болох бичгийн баримт буюу “... 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өмнө зээлсэн мөнгө болох 5 596 000 төгрөгийн төлбөрөө бүрэн өгч дуусгана...” гэх С.Тийн гарын үсэг бүхий баримт нэхэмжлэлийг хангах үндэслэл бүхий баримт, нотолгоо болж чадаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “ зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлснээ нотлох ёстой байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “... С.Төд мөнгө шилжүүлсэн банкны дансны хуулгаа гаргаж өгч чадаагүй, ...шүүх ..авсан мөнгөө төлөхийг зөвшөөрсөн... хариуцагчийн гарын үсэг бүхий баримтыг үнэлж чадаагүй... гэрч оролцуулах, өмгөөлөгч авах бололцоог олгох үүднээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ..” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан байх ба Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэгсэхгүй байх, ...үндэслэл болохгүй.” гэж заасан, шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02221 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2530 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 104 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА