Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 876

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК нь 2009 онд “Монгол шуудан банк” ХХК-тай Барилгын арматур төмөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “Монгол шуудан банк” ХХК нь арматурын үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож нийлүүлэхээр тохиролцсон байдаг ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан гарч, зохих төлбөрийг “Монгол шуудан банк” ХХК нь төлөөгүй. 

Дээрх маргаан үүссэн байхад “Монгол шуудан банк” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Хадгаламж банк” ХХК болж өөрчлөгдсөн. Энэхүү маргаан шийдэгдэх явцад талууд 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулсан ба тус гэрээгээр “О” ХХК нь НӨАТ тооцсон дүнгээр төлбөрийг төлөхөөр болсон бөгөөд манай компани гэрээний дагуу НӨАТ тооцсон дүнгээр арматур худалдан борлуулсан учир “Хадгаламж банк” ХХК нь НӨАТ-ын падааныг шилжүүлэхээр болж энэ нь шүүгчийн захирамжаар баталгаажсанаар тухайн үед өгөөгүй байсан төлбөрийг “О” ХХК бүрэн төлж барагдуулсан байдаг. 

“Хадгаламж банк” ХХК нь шилжүүлсэн падааны тухай тайлбарлахдаа манай байгууллага НӨАТ төлөгч биш, харин танай байгууллагатай гэрээний дагуу үүрэг хүлээсэн тул НӨАТ шингэсэн дүнгээр төлбөрөө нэхэмжилж авсан учир падааныг үйлдэж явуулна гэж хэлсэн. “Хүслэнт хулан” ХХК-иас тухайн падааныг манай компани руу 69.000.000 төгрөгийн үнийн дүнтэй шилжүүлсэн ба манайх хүлээж аваад энэхүү падааныг өөрсдийн бүртгэлд оруулж, шивж, тайлагнах үүрэгтэй байсан ба тухайн падааныг татварын нэгдсэн системээс бүртгэлтэй эсэхийг шалгаж үзэхэд Татварын ерөнхий газарт бүртгэлтэй, хүчин төгөлдөр, хүлээн зөвшөөрөгдсөн байсан тул тайландаа оруулахад асуудалгүй гэж үзсэн.  

Гэтэл үүнээс хойш 1 жил гаран хугацаа өнгөрч байхад НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдсэн гэх асуудал үүсч Улсын мөрдөн байцаах газраас манай компанид шалгалт хийсэн. Энэ шалгалтын үр дүнд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Болорчимэгийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “О” ХХК нь хуурамчаар НӨАТ-ын падаан үйлдээгүй болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

“Хүслэнт хулан” ХХК-иас манай компани руу явуулсан НӨАТ-ын падааныг нь талуудын хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу “Хадгаламж банк” хариуцах ёстой юм. Захиргааны акт гарах үндэслэл болсон “Хүслэнт хулан” ХХК-ийн НӨАТ-ын падааныг хуурамч, жинхэнэ эсэхийг нэхэмжлэгч компани хариуцах үндэслэлгүй. Бид татварын нэгдсэн систем рүү нэвтэрч падааныг шалгахад татварын нэгдсэн системд бүртгэлтэй байсан. Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв. 

Хоёр. Хариуцагч Т.Б 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийт 632.000.000 төгрөгийн татварын НӨАТ-ын падааны асуудлыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Батхуяг, О.Эрдэнэхалиун нар шалгаж, дээрх падаануудыг зарагдсан хуурамч гэдгийг тогтоон, дүгнэлт үйлдэн, Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхбат шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн ба уг хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Болорчимэг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, захиргааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож энэ талаар манай байгууллагад мэдэгдсэний дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлтийг акт болгосон байдаг. Энэ актыг үйлдэхдээ нөхөн татвар дээр нэмж хүү, алданги, торгууль ногдуулаагүйгээр татварын улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ дагуу өршөөлд хамруулж, зөвхөн нөхөн татвар ногдуулсан” гэв.

 Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “О” ХХК нь “Монгол шуудан банк” ХХК-тай Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг. Үүнтэй холбоотой НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчиж, хасалт хийсэн гэх зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагч нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварыг ногдуулсан байдаг. 

Дээрх актыг ногдуулсан үндэслэл нь Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч татвар ногдох зүйлээ үнэн зөвөөр тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байдаг. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд НӨАТ төлөгч гэдэг хэн бэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. 

“О” ХХК-ийн зүгээс “Монгол шуудан банк” ХХК-ийг НӨАТ төлөгч биш гэдгийг эхнээсээ мэдсэн ба тухайн үед банк НӨАТ төлөгч биш байсан. “Хадгаламж банк” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага биш тул НӨАТ-ын падаан бичиж өгсөн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд “Хадгаламж банк” ХХК-ийн ажилтан “...Удаа дараа шаардсаны дүнд “Хүслэнт хулан” ХХК-иас падааныг зарын дагуу худалдан авч, нэхэмжлэгч компанид олгосон” гэж дурдсан байдаг. 

Падааныг борлуулалт хийх болгонд бичиж олгох хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл падаан тухайн үед олгогдоогүй, энэ асуудалтай холбоотой иргэний шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн ба хуульд заасан хугацаа өнгөрсний дараа падааныг авч НӨАТ-ын хасалт хийж байгаа нь нэхэмжлэгч компани татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдаж байгаа юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д  “Бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд нь ногдуулна” гэж заасан байдаг. Тухайн үед НӨАТ-ын падаан олгогдоогүй гэсэн асуудал үүсч, дараа нь хуурамчаар падаан хийж төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэн акт тавьсан ба хуульд заасны дагуу төсөв төлөгдөх ёстой байсан төлбөрийг ногдуулсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нар 2013 оны 04 дүгээр сарын 15 өдрийн “Хяналт шалгалт хийх удирдамж”, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар прокурорын тогтоол, албан бичиг, хүсэлтийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл “О” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийжээ.

          Татварын хяналт шалгалтаар нийт 632,392,455.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү нийт 63,239,245.50 төгрөг төлүүлэхээр акт тогтоожээ.

          Татварын улсын байцаагчийн 210022520 тоот актыг “О” ХХК эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 дугаар актыг хэвээр баталжээ.

          Татварын улсын байцаагчид “...“О” ХХК нь “Хүслэнт хулан” ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 007485999 дугаартай НӨАТ-ын падаанаар 313,301,545.00 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 007485996 дугаартай НӨАТ-ын падаанаар 319,090,909.00 төгрөг, нийт 2 ширхэг нэмэгдсэн өртгийн падаанаар 632.392.454.00 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган хасалт хийж, төлөх татварын дүнг 63,239,245.50 төгрөгөөр бууруулсан” гэж  үзжээ.

           2009 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Арматур зээлээр худалдан авах борлуулах” 01/23 тоот гэрээгээр Сонинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ш.Баттөр “Монгол Шуудан банк” ХХК-иас НӨАТ-ыг тооцсон дүнгээр нийт 750.385 тн арматурыг 695,631,700.00 төгрөгөөр зээлээр худалдан авч, 2011 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн “Авлага барагдуулах тухай” 1060/25 тоот гэрээгээр “О” ХХК авлагыг хариуцан төлөхөөр болжээ. 

“О” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр “Хадгаламж банк” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 836 дугаар шүүгчийн захирамжаар “Хадгаламж банк” ХХК-д “О” ХХК 136,551,775 төгрөг төлөхөөс 17,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 119,551,775 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Тус “Эвлэрлийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлд “Талуудын хооронд байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Авлага барагдуулах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК нь 69,563,170 төгрөгийн НӨАТ-ын падааныг хариуцагч “О” ХХК-д 2012 оны 05 дугаар сарын 29-ний дотор шилжүүлэх” үүргийг хүлээсэн байна. 

         Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “О” ХХК-ийн захирал Д.Ганзоригийг 69,563,170.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийгээгүй болохыг тогтоож, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

           Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд “Хадгаламж банк” ХХК нь НӨАТ-ын татвар болох 69,563,170.00 төгрөгийн НӨАТ-ын падааныг “О” ХХК-д шилжүүлэхээр байхад Цагдаагийн байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хий бичилт хийж бусдад өгсөн гэдэг нь тогтоогдсон “Хүслэнт хулан” ХХК-иас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүйгээр худалдан авалт хийсэн гэж тайланд тусгасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ” гэснийг зөрчсөн тул энэ худалдан авалт нь үндсэн баримтаар нотлогдохгүй байгаа учраас татварын улсын байцаагчид акт тавьсан нь зөв байна гэж үзлээ. 

           Өөрөөр хэлбэл “Хүслэнт хулан” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж бусдад өгсөн гэдгийг эрх бүхий байгууллагаас  тогтоосон, тус компани нь “Хадгаламж банк” ХХК-тай холбогдолгүй байх тул “О” ХХК-ийн нийт 632,392,454.00 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийсэн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий  байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

           Харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “О” ХХК-ийн нийт 632,392,454.00 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийсэн зөрчил нь “Хадгаламж банк” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүссэн байх тул нэхэмжлэгч  өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.          

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдуулан гаргаснаар Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022520 дугаар актыг  хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ