Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 16

 

            

 

 

 

 

 

 

 

Ц.Х , Д.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Х , Д.У нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал 485 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      А.К

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Х , Д.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байснаас албадан гүйцэтгүүлсэн болно. Хариуцагч “Э” ХХК нь дампуурсан гэсэн учраас ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гээд бид хоёроор шийдвэр гүйцэтгэгч н.М зааж хэлж хүсэлтийг бичүүлсэн. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хуулийн дагуу баталгаажуулж өгөөгүй. Дээрх 5604 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс биднээс нэмэлт зардал гарсан. Хариуцагч “Э” ХХК дампуурсан тухай шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ирүүлээгүй байна. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-иас Ц.Х надад 233 570 төгрөгийг, Д.У надад 252 030 төгрөгийг, бүгд 485 600 төгрөгийг олгуулах, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогоогүй, ажилгүй байлгасан цалингийн нөхөн олговорт Ц.Х надад 2 400 000 төгрөг, Д.У надад 2 600 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг олгуулна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дугаар шийдвэрээр Ц.Х , Д.У нарыг ажилд нь эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учраас гүйцэтгэх хүсэлт гаргаж, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрт заасны дагуу хариуцагчид цалинг бэлнээр олгосон байдаг. Ингэж олгохдоо цалинг шүүхийн шийдвэрт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгосон. Тиймээс бид 2015 оны 9 сарын 16-наас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх цалин нийт 5 000 000 төгрөг буюу Ц.Х т 2 400 000 төгрөг, Д.У т 2 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нийт 3 426 880 төгрөг буюу Ц.Х т 1 621 640 төгрөг, Д.У т 1 805 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулалд нийт 485 600 төгрөгийг төлсөн боловч шийдвэр гүйцэтгэгч нь гэрээнд зааснаар ажлаа бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нарыг хүчээр ажилдаа opoxгүй гэж хүсэлтийг нь бичүүлсэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тул бид шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэгч нарт ажилгүй байсан хугацааны цалин 3 426 880 төгрөг болон шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 485 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5604 тоот шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогоогүй, ажилгүй байлгасан хугацааны цалингийн нөхөн олговорт Хоролгарав надад 2 400 000 төгрөг Д.У надад 2 600 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Х , Д.У нарыг ажилд эргүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийн биелэлтээс нэхэмжлэгч нар өөрсдөө татгалзаж, ажилд эргэн ороогүй болно. Мөн энэ талаарх нэхэмжлэгч нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан хүсэлтэд Ц.Х , Д.У бид нар шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрийн дагуу “Э” ХХК д ажилд эргүүлэн орох шүүхийн шийдвэрээс татгалзаж байна. Мөн одоо “Э” ХХК д ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хаасан бөгөөд талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон билээ. Иймд дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт дуусгавар болсон эрх зүйн харилцааг шүүх дахин хянан хэлэлцэх хууль эрх зүйн үндэс байхгүй бөгөөд түүнчлэн дээрх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байгааг анхаарна уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 1 774 662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х т, 1 908 474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 485 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88 829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х т 43 344 төгрөг, нэхэмжлэгч Д.У т 45 485 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00975 дугаартай шийдвэрт дараах өөрчлөлт оруулж өгнө үү. Тус шийдвэрийг /2016-10-20/ 20 өдрийн дараа өнөөдөр танилцуулж өглөө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хугацааг удаа дараа үндэслэлгүйгээр зөрчиж хариуцагч талд давуу эрх олгож, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлүүлсэн 485 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийн үндэслэлээ бичээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч бичжээ. Иймд хянаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч Д.О Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, хэрэгт ач холбогдол бүхий талаас үнэлээгүй, эрх зүйн дүгнэлтийг буруу хийж шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрийг, шийдвэр гүйцэтгэлээр албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрийн, нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагаас өөрсдөө татгалзаж, ажилд эргэн ороогүй болно. Үүний дагуу хариуцагч "Э" ХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 тоот шийдвэрийн биелэлтийг бүрэн биелүүлж, нэхэмжлэгч нарын 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх цалинг бүрэн олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон юм. Гэтэл нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг хариуцагч "Э" ХХК-иас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн аваагүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин нийт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Учир нь нэхэмжлэгч нар 05604 тоот шүүхийн шийдвэрийн дагуу өөрсдөө ажилд эргэн ороогүй, хариуцагч шүүхийн шийдвэрээ бүрэн биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдаж, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон билээ. Гэтэл нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсаны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдөө ажилд эргэн ороогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн “...1 774 662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х т, 1 908 474 төгрөгийг гаргуулж Д.У т олгох...” гэх хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У ээс О.О д олгосон итгэмжлэл нь Д.У ийн нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэх тухай олгосон итгэмжлэл байхад түүнийг нарийвчлан шалгалгүйгээр Д.У , Ц.Х нарын нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох уг итгэмжлэлээр О.О г хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөрчилтэй болсон байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх болгож болно” гэж заасны дагуу нэр бүхий иргэд нь өөрсдийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгчид олгосныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хруалдаан дээр анхан шатны шүүх хууль ёсны итгэмжлэл олгогдоогүй хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид О.О гаас төлсөн 15 218 төгрөг улсын орлогоос буцаан олгохыг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 Ц.ИЧИНХОРЛОО