Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 667

 

 

Д.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Л.Соёмбо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т,

ялтан Д.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Тын гаргасан давж заалдах гомдлоор Д.Тд холбогдох 201726020454 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Д Т, 1970 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар  зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ___/,

Д.Т нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 3 дугаар орцны 8 болон 9 дүгээр давхарын голын хогийн бункерны хажуу талд Д.Б-тэй архи ууж маргалдан Д.Б-н нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Д.Тын цагдан хоригдсон 133 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Таас 12.989.232 төгрөг гаргуулж хохирогч Д.Туулд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 590.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Т гомдолтой гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Ялтан Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны ойролцоо талийгаач Д.Б тааралдсан. Бид хэдэн жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон. Тухайн өдөр бид 2 “Алтан төгрөг” дэлгүүрт орж Д.Баянсан мөнгө гаргаад 1 шил архи авсан. Тэгээд уг архийг уух газар олдохгүй байсан учир 44 дүгээр байрны 3 дугаар орцны 8, 9 дүгээр давхарын дундах хогийн бункерийн хажууд архиа уусан. Архи ууж байх үед Д.Б нь гэнэт “... чиний бэлэг эрхтэн том гэсэн биз дээ, үзье...” гээд над руу дайрсан. Би сандраад хөлөөрөө мөр лүү нь жийгээд, уурлаад доошоо шатаар уруудаад буухад Д.Баянсан араас “хүлээж бай” гэж дуудсан. Би гадаа гараад хүлээж байхад гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Өөрөөр бидний хооронд ямар нэгэн асуудал болоогүй.

Би энэ хэргийг онц хэрцгийгээр болон санаатайгаар үйлдээгүй юм. Хэрвээ талийгаач Д.Б тийм утга учиргүй асуулт тавьж над руу дайраагүй бол бид 2 ямар ч асуудал маргаангүй явах байсан. Тухайн үед миний бэлэг эрхтэнг үзье гэж дайрахад биеэ хамгаалж хөлөөрөө мөр лүү нь түлхсэн нь ийм хэрэгт холбогдох боллоо. Би энэ хэргийг ямар ч санамсар болгоомжгүйгээр үйлдсэн юм. Би энэ талаараа анхан шатны шүүх хурал дээр хэдийгээр санамсар болгоомжгүйгээр ийм гэмт үйлдэл хийсэн боловч гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирлыг өөрийнхөө боломжоор төлж барагдуулахаа амалсан. Иймд миний санаа, үйлдэлд тохирсон зүйл ангиар хэргийг зүйлчилж ял оногдуулж өгөхийг хүсье...” гэв.

Ялтан Д.Тын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан ял шийтгэлийн хөнгөрүүлж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аав маань эрүүл саруул байж байгаад Д.Тын гарт амь насаа алдсанд маш их гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр биедээ олон тооны гэмтэл авсан, өөрийгөө хамгаалж бугуйндаа гэмтэл авсан байсан. “Алтан төгрөг” дэлгүүрээс архи аваад гарсан гэдэг ч камерын бичлэгээс харахад “Алтан төгрөг” дэлгүүр лүү ороод архи авч гараагүй, шууд орц руу орсон ...” гэв.

            Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийн үүссэн нөхцөл байдал, сэдэл, шинжээчийн дүгнэлт, гэрчүүд, ялтны мэдүүлэг зэргээр нотлогдвол зохих бүх зүйлүүд нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх санал гаргаж байна. Ялтан Д.Т тухайн үед хэргийн нөхцөл байдалд тодорхой мэдүүлэг өгч, хавтаст хэргийн хүрээнд гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг. Харин сая тайлбар хэлэхдээ нөхцөл байдлыг арай өөр байдлаар хэлж байх шиг байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжтой ...” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, эсэргүүцэлд бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Т нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 3 дугаар орцны 8 болон 9 дүгээр давхарын голын хогийн функерны хажуу талд Д.Б архи ууж маргалдан Д.Б-н нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Т-н “... 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр аав маань гэртээ халамцуу байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Тэгээд буцаж орж ирэхгүй болохоор нь хүүгээ араас нь гаргасан чинь өвөөг хайгаад Хорооллын замын эсрэг талд байх “Овоо тээл” гэх нэртэй зочид буудал хүртэл явж үзээд байхгүй байна гэж ирсэн. Маргааш өглөө нь би 09 цаг өнгөрч байхад “Овоо тээл” зочид буудал руу очиход буудлын ресепшн Бямбадорж “...аав чинь гэртээ очсон уу, урд шөнө энд хоноод өглөө 08 цаг болж байхад гараад явсан...” гэж хэлсэн. Орой 19 цаг 35 минутын үед манай авга ах Ө утсаар яриад “аав чинь ухаангүй олдсон гэнээ” гэж хэлээд, цагдаагийнх нь утасны дугаарыг надад өгсөн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаатай нь уулзахад танай аав чинь мөн үү, биш үү, эхлээд харчих гэсэн. Тэгээд харахад мөн байсан ба нүүрэн хэсэг нь ув улаан болчихсон байсан. Би тухайн үед цус болчихсон байна гэж харсан. Эмч нь аавд чинь яаралтай мэс засал хийх хэрэгтэй гэж хэлсэн...” /хх-17-18/,

Гэрч Б.У-н “... Би 44 дүгээр байрны 2 дугаар орцонд жижүүрээр ажиллаад 3 сар болж байгаа. 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 1 дүгээр орцны жижүүр Гансүхийн хамт 3 дугаар орц руу орж, шатаар 1 давхараас 9 давхар хүртэл явсан. Тэгсэн чинь 8, 9 давхарын шатны голд хогийн бункерийн хажууд цус нь гойжсон эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн хурхираад байсан. Гэтэл СӨХ-ийн дарга над руу залгахаар нь 3 дугаар орцны 9 давхарын бункерийн хажууд цус нь гоожсон хүн хэвтэж байна гэсэн чинь дарга “битгий хүрээрэй, би цагдаа дуудъя” гэсэн. Тэгээд удалгүй дарга, 1 цагдаагийн хамт ирсэн...” /хх-25-26/,

Гэрч Л.Г-н “... 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүрийн ажлаа хийж байсан. Тэгээд 2 дугаар орцны жижүүр Ууганбаярын хамтаар өөрийн хариуцдаг 44 дүгээр байрны 3 дугаар орцны 9 давхарт гарч хог буулгах гэж байхад хогийн бункерийн хажууд 40-50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, толгойн хэсгээс нь цус гарчихсан байдалтай байж байсан. Гэтэл Ууганбаярын гар утас дуугарахад СӨХ-ийн дарга Оюун залгаж байсан тул түүнд энэ талаар хэлэхэд Оюун дарга наанаа байж бай, цагдаа дагуулаад очлоо гэж хэлээд утсаа тасалсан, хэсэг хугацааны дараагаар Оюун дарга цагдаагийн албан хаагчтай ирсэн...” /хх-31-32/,

Гэрч Я.О “... Тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад 44 дүгээр байрны 2 дугаар орцны лифт гацчихлаа гэж хүн ярьсан. Тэгэхээр нь жижүүр Ууганбаяр луу залгаад “чи хаагуур явнаа, орцны чинь лифт гацчихсан байна, үзээч, дотор нь хүн гацчихсан байж магадгүй” гэхэд “даргаа 3 дугаар орцыг эргэсэн чинь 9 давхарт толгойноос нь цус гарсан хүн байна, унтаад байна” гэж ярьсан. Тэгэхээр нь биед нь битгий хүрээрэй, би цагдаад дуудлага өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн ажилтантай хамт 9 давхарт гарахад цагдаа тэр хүнийг үзээд түргэн тусламж дуудахгүй бол болохгүй гээд өөрөө дуудлага өгсөн. Тэр хүн буурал үстэй, толгойноос нь цус гарчихсан, хурхираад унтаж байсан. 103-т дуудлага өгчихөөд цаг гаран хүлээсэн ба түргэн 19 цаг 20 минутын үед ирсэн. Эмч үзээд насилькан дээр тавиад явсан...” /хх-43/,

Гэрч Я.Ц-н “... Талийгаач нас барахынхаа өмнөх өдөр манайд 12 цаг 30 минутын үед ганцаараа ирсэн. Тэгэхдээ бага зэрэг уучихсан байсан. Манайд жилд 1-2 удаа л ирдэг ба дүүгээ гэнэт санаад хүрээд ирлээ гэж байсан. Мөн 10-аад хоногийн дараа Канад улс руу явах гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд удалгүй явсан ба гэр лүүгээ явлаа, таксины мөнгө өгчих гэхээр нь 2000 төгрөг өгсөн. Мөн ахдаа утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь цаасны тасархай дээр шар өнгийн балаар 99055566, Ц гэж бичиж өгсөн. Тэгээд нас барсан орой нь цагдаагаас над руу залгаад, ухаангүй байдалтай олдлоо. Та ямар холбоотой хүн бэ гэж асууж байсан...” /хх-44/,

Д.Тын сэжигтнээр өгсөн “... 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би хорооллын хүнсний захын урдуур хойшоо явж байсан чинь Баянсан намайг дуудсан. Тэгээд яваад очсон чинь ганц юм уух уу гэсэн. Тэгээд Б хүнсний захын хажуу талын архи пиво, ундааны бөөний төв рүү ганцаараа орсон. Тэгээд удалгүй 0.5 литрийн, “Монгол стандарт” архи аваад гарч ирсэн. Тэгээд бид 2 нэг байрны орц руу ороод 6 билүү 8 давхарт гараад архиа хувааж уусан. Тэгээд хоорондоо юм яриад сууж байтал Б балай балай юм яриад намайг эрхтэнээ гаргаад ир, би хөхөж тавиулъя гээд байсан. Тэгэхэд нь миний уур хүрээд хөлөөрөө Б-н нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Б хогийн бункерийн хажууд хана налаад унасан. Тэгээд би гараад явсан...” /хх-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг хамарсан хатуу хальс доорхи тархмал цус хуралт, тархины дарагдал, дух, суурийн хэсгийн тархмал тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зулайн хуйхны шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эмчилгээ хийгдсэн тул архи согтууруулах ундааны зүйл болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” гэх 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 429 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-47-49/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6, 8-10/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-77-81/, Хохирлын баримтууд /хх-90-150/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Д.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Д.Тыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй, хорих ангид эдлүүлэхээр прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Д.Таас “... Би уг хэргийг санамсар болгоомжгүйгээр үйлдсэн тул миний санаа, үйлдэлд тохирсон зүйл ангиар зүйлчилж, ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Д.Тын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба Д.Тд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирчээ. Мөн түүний давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс нь үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдал харагдахгүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд ялтан Д.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолын:    

            1 дэх заалтын “М овогт Д-н Т-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэснийг, “М овогт Д-н Т-г хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. ” гэж,

            2 дахь заалтын “Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,  “Д.Тыг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

            3 дахь заалтын “Д.Тд оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг,  “Д.Тд оногдуулсан 12 жил хорих ялыг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Д.Тын цагдан хоригдсон 133 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тын цагдан хоригдсон 133 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Д.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН