Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч П.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я овогт П-ийн П-д холбогдох 2035000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын . дугаар багийн .. тоотод оршин суудаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, Я овогт П-ийн П, регистрийн дугаар ............,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.П нь Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Лтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний зүүн мөрний үений орчим хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 203500000029 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Л-ын “...П гэдэг айлд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 01 цагийн үед ирсэн тэгэхэд тэр айлд П эхнэр А, дүү болох Б, А нар байсан тэгээд тэнд ороод цай унд уучхаад байж байгаад би нэг хөзөр тоглочих уу гэхэд тэнд байсан хэд бүгдээрээ хэдүүлээ тоглоё гэж хэлсэн. ...Тухайн үед бид нар хөзөр тоглож байгаад П нь нэг ч удаа гараагүй, тэрэндээ уурлаад Б та хоёр хавсайдсан гээд уурлаад та хоёрыг явуулахгүй дахиад тоглоё гээд байсан  явлаа өглөө ажилтай гэхэд тогло эсвэл мөнгө өгчхөөд яв гээд байсан. Тэгж байгаад шууд миний зүүн далан дээр гараараа цохих шиг болсон тэгж байгаад миний гар амьгүйрээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

2. Гэрч Б.Б-ийн  “...бид хоёр явлаа гэсэн чинь нэг бол мөнгө өгчхөөд яв гээд тэгж байснаа би хутга зоон шүү гээд байсан тэхээр нь би чи ямар хөгийн залуу вэ? гэж хэлэхэд Л, П хоёр барьцалдаад байсан тэгж байгаад гэнэт Лын зүүн далан дээр хутгаа зоосон тэгээд Л орон дээр ирж суугаад миний бие сонин болоод гар амьгүйрээд байна гэсэн тэгээд би зүүн гарыг нь барьж үзэхэд гар хүйтэн болчихсон байсан. Тэгээд Л өөрөө дээл нь дотроо гараа хийгээд гаргаад ирэхэд гар нь цус болчихсон байсан. Тэгээд дээлээ тайлаад харахад цус их гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

3. Гэрч К.Э-ы “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 05 цагийн үед Орлогын голоос гараад явж байна гэж ярьсан ба намайг цай чанаад нэг зулаг дээж өргөчих гэсэн. Тэгээд би босоод цай чанаад шүүж байтал орж ирсэн ба царай нь сонин болоод байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад айлын дээш харуулаад тавьчихсан байсан хутга дээр уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсыг нь тайлаад үзэхэд зүүн далны орчим хувцас нь их цус болчихсон цус их гараад байсан. ...П намайг тоглоомоос болоод маргалдаж байгаад хутга барьчихсан байсан би тэгээд тоглож байна болгосон чинь миний зүүн мөрөн дээр нэг удаа хатгах шиг болсон удалгүй миний гар хөндүүрлэж өвдөөд байсан тэгээд дээлээ тайлаад үзэхэд хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,  

4. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “...Иргэн Д.Л-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн мөрний үений орчимд дээрх хэмжээтэй  зүсэгдсэн шарх үүсэж оёдол тавигдаж боолт хийгдсэн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь /зүүн мөрний үений орчим үүссэн хутгалагдсан шарх/ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 113 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч П.П-гийн яллагдагчаар өгсөн “...бид 3 хоорондоо маргалдсан чинь Б, Л 2 явна гэхээр нь би дахиад шударгаар тоглоё гэсэн чинь тэр 2 тоглохгүй явна гээд байхаар нь миний уур улам хүрч галын хажууд байсан хутга аваад Л-ыг айлгая гэж бодоод хаалгаар гаргахгүй гээд хаалганы хажууд зогсож байхдаа Л-ын дал хэсэгт 1 удаа хутгалцан байсан. Уг нь би Л-ыг айлгаж хутга хувцсанд нь тулгая гэж бодсон юм... ” /хх-ийн 39-40 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч П.П нь Увс аймгийн Өмнөговь сумын нутагт 2020 оны 01 дүгээр сарын 19-ээс 2020 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө хөзөр тоглож байгаад Д.Лтой үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний зүүн мөрний үений орчим хутгалсан байна.

Шүүгдэгч П.П нь хохирогч Д.Л-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч  П.П-гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь хохирогч Д.Л-ын “...Хэдий биедээ гэмтэл авсан боловч П бид хоёр багийн найзууд тул найзаасаа нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Бид хоёр хоорондоо ярилцаад эвлэрсэн. П надаас уучлалт гуйсан...” /хх-ийн 17 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч П.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч П.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт П-ийн П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч П.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗАЯА