Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Х-н Б-д холбогдох 1935000000209 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн  хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Х-н Б, регистрийн дугаар: ......

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч С.С-ыг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935000000209 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.С-ын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед үхэр харах гэж сумын төвийн ард байдаг манай хамаатны дүү болох Х.Бийнд очиж үхрээ асуух гэж ороход Л.Б, Х.Б нар нь хагас шил архи ууж  байсан. ...бид гурав Ерөөл нэртэй архи ууж сууж байгаад Х.Б бид хоёр малын бэлчээрээс болж жаахан маргаж байгаад барьцалдаж авахад айлын хүүхэд уйлаад гэрээс гараад гүйхээр бид гурав гарч зодолдохоор гэрээс гараад хашааны гадна гарч байхад Х.Б намайг хэд хэд цохисон. Тэгээд бид гурав зууралдаад өнхөрч байхад Х.Б миний нүүр лүү өшиглөж шүд унагаасан юм.

....Тухайн өдөр Х.Б бид хоёр маргалдсан над руу салаавч гаргаад доромжилж байгаад гэрээс гараад дахин маргаж барьцалдаж байхад Х.Б намайг эхэлж цохиод авсан тэгээд би буцаагаад цохисон тэгээд зодолдож байгаад миний өвөрт байсан архитай шилээр толгой руу нь цохисон мөн Х.Б намайг бас нүүр лүү хэд хэд цохиж миний урд 2 шүд унагаасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 5 дугаар хуудас/,

2. Гэрч Л.Б-ийн “...Тэр хоёр нэг нэгнийгээ зодож гэмтээсэн өөр хүн цохиж зодоогүй, өөр хүн ч байгаагүй. Гэрээс гарахад миний утас дуугараад би утсаар яриад эргээд очиход С.С нь өвөртөө байсан бүтэн шил 0.5 литрийн Хараа нэртэй архиар Х.Б-ийн толгой руу цохиод цус гаргасан байсан тэгээд салгахаар ноцолдож байхад Х.Б өшиглөх шиг болсон тэгээд С.С шүд уначихлаа гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

3. Насанд хүрээгүй гэрч Т.О-ын “...Би гэрээс гараад эгчийг дуудаад ирэхэд жаахан удсан гэрийн гадаа ирэхэд С.С, Х.Б нарын нүүр цус болсон чи толгой руу шилээр цохилоо, чи миний шүд хугалчихлаа гээд барьцалдаж байсан дундуур нь Л.Б ах салгах гээд байгаа юм шиг зууралдаад байсан тэгээд Баяртсайхан эгч болиоч гэхэд үгэнд нь орохгүй зууралдаж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Гантогтохын “...Би С.С гэж хүнийг үзэхэд уруул хэсэг нь хавдартай цоорсон урд үүдэн шүднээс нэг шүд унасан өөрөө барьчихсан байсан. Тэр хүний шүд шинэ хугарсан байдалтай байсан. Зүүн чих нь өнгөц маажуулсан сорвитой байсан. Х.Б нь толгой хэсгийн баруун дээд орой хэсэгт 2 см орчим язарч зүсэгдсэн байсан. Нүүр хэсэгтээ шалбарч зулгарсан байдалтай өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

5. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...Үзүүлэгч С.С-н биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоор хэсгийн хугарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун завжинд зулгаралт, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн нүдний дотно буланд, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, толгойн орой хэсгийн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 762 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Х.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Намайг архитай шилээр толгой хэсэгт цохиж толгой хагалсан болохоор би уурлаад барьцалдаж аваад дээр доороо ороод нэлээд зодолдсон тэгж байхад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон тэгж байхад тэр шүд унасан байх...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.С-тай харилцан зодолдож улмаар түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Х.Б нь хохирогч С.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Х.Б хохирогч С.С-д 3 сая төгрөг өгсөн болох нь хохирогч С.С-ын “...Х.Б миний хохирол барагдуулж 3 сая төгрөг өгсөн болно...” гэх хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Х-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА