| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0024/э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Ү.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-гийн Х-д холбогдох 1935004080242 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж байсан, М овогт Б-гийн Х, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Ү.М-ын эд хөрөнгө болох савхин түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг, Хас банкны цахим карт 1 ширхэг, Хаан банкны цахим карт 1 ширхэг, 5’000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хохирогч Ү.М-ын эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004080242 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ү.М-ын “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ ганцаараа 0.33 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг уусан. Намайг зурагт үзээд архи уугаад сууж байхад буюу өдөр 16 цагийн үед миний охин М.А гараад явсан. М.А нь гарч явахдаа миний эзэмшлийн 8004159 дугаартай Айфон-10 /iphone-10/ загварын гар утсыг аваад явчихсан байсан. ...Би Х.Бийн хашааны гаднаас буцаж яваад Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Барилгын 60 айлын орон сууцны хажуугаар явж байтал гэнэт миний араас үл таних эрэгтэй хүн ирээд миний толгойны ар хэсэг рүү цохисон. Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд би тэр хүнд цохиулаад газарт унасан. Гэтэл тэр хүн миний дээрээс миний толгой хэсэг рүү гараараа 7-8 удаа цохисон. Би “хүн аллаа ш дээ. Яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд тэр хүн юу ч хэлэхгүй намайг цохиж, зодсон. Би тэр хүний доороос босох гэж ноцолдож байх үед миний гадна талаараа өмсөж явсан хар саарал өнгийн куртик тайларч газарт унасан. Гэтэл тэр хүн миний куртикийг аваад халаасанд байсан миний түрийвчийг аваад, куртикийг газарт хаячхаад цааш эргээд явсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.Н-ын “...автомашинд гар утсаа оролдоод сууж байтал гутлын чимээ гараад байхаар машины цонхоор харахад ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг рүү цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн гүйж байсан. Тэгээд харанхуй руу гүйгээд орчихсон юм. Удалгүй 10 минутын дараа манай ажлын хаалгыг нэг эрэгтэй хүн цохиж байсан дотроос нь манай ажлын Мөнхбат гэх залуу хаалга онгойлгоод гараад ирсэн тэгээд намайг дуудахаар би автомашин дотроос гараад очиход нүүр хэсэг нь цус болчихсон нэг залуу намайг хүн зодчихоод түрийвч аваад зугтчихлаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
3. Гэрч Ч.М-ын “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын орчимд би 24 цагийн ээлжийн үүргээ гүйцэтгэж байтал манай ажлын хаалгаар нүүр хэсэг нь цус болчихсон нэг 50 орчим настай эрэгтэй хүн орж ирээд намайг хүн зодчихлоо цагдаа дуудаад өгөөч гээд тусламж хүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
4. Гэрч М.Д-ийн “...Би хэсэг байж байгаад араас нь гараад байрны эсрэг талын өрхийн эмнэлгийн үүд орчимд тамхи татаад сууж байтал Мооноо /Х/ гүйж ирсэн бөгөөд юу болсныг асуухад энүүхэн ард хүнтэй муудалцаад зодолдчихоод ирлээ гэж хэлсэн. ...Тухайн үед Х нь цайвар ногоон өнгийн куртиктай, хар өмдтэй байсан доогуур ямар хувцастай байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
5. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Иргэн Ү.М-ын биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун хөмсөгний дээр язарсан шарх, духны зүүн хэсэгт, баруун чихний дэлбэн, хоёр өвдөгний орчимд зулгаралтуудтай, нүдний зовхи, баруун шанайны хэсэгт хавдартай зөөлөн эдийн цус хуралт няцралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх тогтоолд заасан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 700 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Улаангом сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах дулааны дэд станцын ард хохирогч Ү.Мтай таарч түүний эд хөрөнгийг авах зорилгоор довтолж түүний нүүр хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиж унагаагаад түүний куртикны халаасанд байсан түрийвч /хуучин/ 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг, Хас банкны цахим карт 1 ширхэг, Хаан банкны цахим карт 1 ширхэг, 5000 төгрөг зэрэг эд зүйлийг авч зугтаасан байна.
Шүүгдэгч Б.Х-ийн хохирогч Ү.М-ыг цохиж унагаагаад куртикны халаасанд байсан түрийвч /хуучин/ 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг, Хас банкны цахим карт 1 ширхэг, Хаан банкны цахим карт 1 ширхэг, 5000 төгрөг зэрэг эд зүйлийг авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг шинжийг хангаж байгаа тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Х хүч хэрэглэн бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ү.М-ыг 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Ү.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Ү.М-т 45’800 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Ү.М-аас барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 3’500’000 төгрөг, сэтгэл санааны болон учирсан бодит хохирол 1’500’000 төгрөг, нийт шүүгдэгчээс 5’000’000 төгрөг нэхэмжилснийг хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Ү.М-т гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгч 256’000 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй тул шүүгдэгч Б.Х 256’000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 1 сар хорих ялаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-гийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 4 /дөрвөн/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА